&#34Орхон, онги хоёр голыг уулзуулсан их хайр нь би&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

&#34Орхон, онги хоёр голыг уулзуулсан их хайр нь би&#34

…Алтан цэцгийн үнэрт нь сэтгэл уяран баясаад
Аниргүй шөнийн зүүдэндээ алсын ирээдүйг зөгнөсөн
Миний хайртай цагаанзалаа
Мэлмий дүүрэн жаргалын өлгий
Гэндэн сайдын алдартай ам, ганц мод, гурван даваа
Их бага битүү хээрийн шугуй
Ижилсэн дассан миний хайртай цалаанзалаа…

Хэмээх “Миний хайртай цагаан залаа” дууг нь зусланд амарсан хүүхдүүд орой бүр унтахынхаа өмнө дуулдаг юм билээ.  Нутгийнхаа тухай олон сайхан бүтээл туурвиж, хүмүүсийн сонорыг мялааж яваа хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярыг “Эх орны дусал” булан­гийнхаа зочноор урилаа.

-Таныг Өвөрхангайд төрж өссөн гэдгийг мэдэх юм байна. Гэхдээ цагаан залаагаар овоглох болсон шалтгаан тань юу вэ?

-Би Арвайхээрт төрж, Онги голын усаар угаалгасан. Намайг таван настай байхад манайх Хужирт сум руу шилжсэн юм. Миний өссөн газар бол Хужирт. Энэ сумаас би эрдмийн аянд мордож, хөгжимтэй амьдралаа холбосон. Балчир насны минь хамгийн сайхан дурсамжууд Хужирттай салшгүй холбоотой. Тийм ч учраас манайхан ургийн овгоо нутаглаж байсан хайрхан Цагаанзалаа уулаараа нэрлэсэн. Энэ хайрхан бол манай нутгийнхны шүтээн. Хайрханы тахилга гэж том баяр болно. Нутаг хошуугаараа цуглараад цагаан идээ өргөдөг байлаа. Цагаанзалаа хайрханы хойно  сайн усны дэнж гэж бий. Тэнд пионерийн зуслан бий. “Цагаанзалаа” зуслан улсдаа нэлээд томдоо ордог. Манай нутгийн хүүхдүүд андахгүй. Зуслангийн баруун урд талд Гэндэнгийн ам гэж бий. Ардын засгийн сайд П.Гэндэн гуай тэр аманд амардаг байсан болохоор тийн нэрлэсэн юм билээ. “Хэр баргийн унаа явдаггүй битүү шугуй байсан” гэж нутгийн хөгшчүүл ярьдаг. П.Гэндэн сайдыг амраахын тулд модыг нь огтолж зам гаргасан гэсэн. Одоо ч тэр зассан зам их тод байдаг юм. Миний дүү малчин болохоор тэр аманд нутагладаг.

-Ийм сайхан нутагт төрж, өссөн болохоор амралтаараа нутаг руугаа тэмүүлдэг байх тийм үү?

-Манай нутаг говь, хангай хосолсон сайхан газар. Сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хужирт сумын хойд талд байдаг Шунхлай уул бас нутгийнхны шүтээн. Нэг бугыг хэвтэж байхад нь Шунхлай гэдэг анчин өвгөн намнах гээд шархдуулсан гэдэг. Тэр буга одоогийн “Хужирт” рашаан сувилал байгаа газрын халуун шаварт хөлөө дүрээд эдгэрсэн тухай домгийг нутгийн ард түмэн ярьдаг юм. Ингэж Хужирт рашаан сувиллын ид шид тайлагдсан гэдэг. Шунхлай уулын ар, өвөр бэлээр хурга, тугал хариулж өслөө дөө, би ер нь нэг тийм, юм бүхэн тэгширсэн сайхан нутаг. Эмийн ургамлаар их баялаг. Гэндэнгийн амаад олон төрлийн эмийн ургамал ургана. Намайг багад аав дагуулж яваад юмдүүжин, цэнхэр дэгд гээд л нэрийг нь зааж, ямар өвчинд тустайг зөвлөөд л түүдэг байлаа.

-Таны аав их сүрхий хүн юм аа даа?

-Миний аав Бат-Өлзий сумаас гаралтай. Орхон голын эх бол аавын минь төрсөн нутаг. Багаасаа л гэрийнхээ хамаг ачааг нуруун дээрээ үүрч ирсэн гэдэг. Аав минь шилийн сайн эр болохоор бараг гэрийн бараа хардаггүй байсан юм билээ. Аав гарын дүйтэй модон эдлэл хийдэг байсан гэдэг. Модон тэрэгний дугуйг хэр баргийн мужаан хийдэггүй гэдэг. Бүх зүйлийг модоор зангидаж урладаг болохоор ухаан шаардсан ажил байх л даа. Насанд хүрч Сулинхээрт цэргийн алба хаасан юм билээ. Цэргээс халагдаад санхүүгийн техникумд орсон байдаг. Санхүүгийн техникумд сурч байхдаа зохиолч Ц.Гайтав гуайтай оюутны байрны нэг өрөөнд хамт амьдардаг байсан тухайгаа ихэд олзуурхан дурсдаг байлаа. Нутаг усандаа нэртэй төрийн хар хүн байсан даа.

-Та нутгийнхаа юугаар нь илүү их бахархдаг вэ?

-Бахархахгүй байхын аргагүй сайхан хангай л даа.

…Эрээд эрээд олдохгүй
Ижил нь үгүй хангайяа…
гэсэн үгтэй миний нэг дуу байдаг даа. Хүмүүс эрийн сайндаа хүн болсон мэтээр л сайрхаад байдаг. Ер нь бол нутаг ус нь хүнийг түшиж тулж явдаг юм. Яагаад Бямбабаяр гуай ингэж хэлээд байна вэ гэхээр “Морин хуур” наадмын анхны түрүүг авч байсан дуу бол “Орхон түшээ мөрөн”. Ц.Төвшинтөгс дөнгөж СУИС төгсөөд ДБЭТ-т дуучнаар очсон тэр жил. Бид хоёр ч залуу байлаа. Д.Лувсаншарав, Д.Мияасүрэн, Ч.Сангидорж агсан гээд л мундагууд “Морин хуур” наадамд оролцдог байсан. Ийм том хүмүүстэй УБИС-ийн багш залуу өрсөлдөөд түрүүлнэ гэдэг уул, ус түшсэнийх. Орхон голыгоо мөрөн гэж магтаснаараа шагнал авсан байх гэж боддог юм.

-Өвөрхангайгаас хөгжмийн хоёр ч том зохиолч төрлөө. Үүнд нутаг усны онцлог нөлөөлдөг юм болов уу. Н.Жанцанноров гуай л гэхэд Өлзийт суманд төрсөн хүн шүү дээ?

-Мэдээж байлгүй яах вэ. Мань хүнийг Өндөр гэгээний төрсөн газраас хэдхэн метрийн зайд төрсөн гэж яриад байдаг юм. Хэдий аав, ээж хоёрын бүтээл ч гэлээ хүн бол байгалийн амьтан шүү дээ. Тийм болохоор хүн нутаг усаа шүтэж байх учиртай юм. Бас манай нутаг чинь их сайхан айрагтай. Айрагтай нутгийн хүмүүс уртын дуу аялдаг гээд нутгийн онцлог бас байна.

-Та нутгийнхаа тухай хэр олон бүтээл туурвисан бэ?

-Ер нь олон бий дээ. 2007 онд Арвайхээр сумын 280 жилийн ой болсон. Аймгийнхаа ойгоор “Арвайхээрийн хавар” дууны аяыг зохиосон. Энэ дууны үгийг Д.Лүндээжанцан гуай бичсэн юм. Тэр жил Өвөрхангайн нутаг усны тухай 10 гаруй дуутай цомог гаргасан. Мөн “Мэргэдийн мэлмий Цагаанзалаа”, “Орхон тээлийн харгиа” гээд дан хөгжмийн бүтээл ч бий.

-Аймгийн 80 жилийн ой болдог зун Н.Жанцанноров гуай та хоёр Хужиртийн рашаан сувилалд амарч байсан. Нутагтаа очоод амрахад бас нэг сайхан аялгуу төрнө биз?

-Энэ бол харьцангуй ойлголт юм даа. Өдий насанд сэтгэл хөдлөлөөр юм хийхээ больдог юм байна. Бүр нэг гаршчихдаг гэх үү дээ. Ө.Уянгад зориулж ая бичье гэвэл өнгө нь тийм байна. Ц.Төвшинтөгст бол ийм өнгө таарна гээд арга барилыг нь мэдчихдэг учраас айхтар нутаг ус нөлөөлөөд байхгүй. Нутгийнхаа уул, уснаас цэнэг авч энерги цуглуулах гэж очдог. Гол горхины хоржигнох чимээ сонсоод, модны сүүдэрт суугаад айраг шимэх нэг л тааламжтай сайхан амралт болдог юм.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Учиргүй сунаж мөргөөд байдаггүй л дээ. Гэхдээ миний нутаг ус, хөх тэнгэр намайг ивээж байгаа гэж сэтгэлдээ байнга залбирч явдаг.

-Таны ээж аль нутгийн хүн бэ?

-Манайх Цагаанзалаад өвөлжөөд зундаа Дуутын гол руу нүүж зусдаг  байлаа. Дуут голын хойд талын холбоо гэдэг газарт  ээж минь төрсөн юм билээ. Дуут голын дунд гарам дээр зусч байхад би “Үйлс цагаан Монгол” гэдэг дуугаа зохиож байсан. УБИС-ийн Отгонцагаан багшийн шүлгийг  гуйж аваад зуныхаа амралтаар “Морин хуур”-т зориулж ая зохиосон. Энэ дуугаа поп дуучин Б.Сарантуяагаар дуулуулж ард нь сургуулийнхаа хоорыг зогсоогоод нэг л тийм тайзны дуу хийх эрмэлзэлтэй бичиж билээ. Тэгээд санасандаа хүрсэн. Эстрадын мундаг дуучнаар, симфони цахилгаан хөгжим, жааз оркестртой дуулуулсан. Тэр үед үнэхээр юм хийсэн юм шиг санагдаж билээ. Үүндээ сэтгэл ханамжтай явдаг. Дуутын голын минь харгиа надад эрч хүч өгсөн байх.

-Та баянхуур хөгжмийг зургаан настайдаа сурсан гэлээ. Хэн зааж өгсөн бэ?

-Аав Мал аж ахуйн машинт станцын нягтлангаар ажиллаж байхдаа ахыг хөгжим тоглуулж сургах гэж албаныхаа баянхуур хөгжмийг авчирсан юм билээ. Миний ах ХААИС-ийн багш доктор Бямбаа гэж хүн бий. Багадаа их сахилгагүй шаггүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэсэн. Тэгээд баянхуур хөгжмөөр “Дөрвөн уул”, “Сарны туяа” тоглодог байсан гээд эгч ярьж байлаа. Би тэр хөгжмийг өөрийнхөө сонсголоор л сурчихсан. Зарим хүн дөрөв тавхан жил дуулчихаад зодог тайлна гэж ярих юм. Гэтэл би зургаан настайдаа л урлагт хөл тавьсан.

-Та Хужиртын хүүхэд болохоор “Цагаанзалаа” зусланд байнга амардаг байв уу?

-Би зуны амралтаа “Цагаанзалаа”-д өнгөрөөдөг байлаа. Гадаадын зочид ирнэ. Тэдэнд хүүхдүүд концерт тоглож өгнө. Гэрээ санаад уйлна. Ерөөсөө зуслангаас салаагүй.

-Хүмүүс нутгийнхаа чулууг хадгалж явдаг юм билээ. Танд нутгийн тань чулуу байдаг уу?

-Надад хүн дурсгасан Орхоны хүрх­рээний зураг бий.  Хүрхрээний хүрэн чулуунаас гурвыг авчирч бурхандаа тавьсан. Аавын эрэгт нь тоглож өссөн Орхон гол Сэлэнгэ мөрнөөр дамжаад Байгаль нуурт цутгадаг. Ээжийн эрэгт нь тоглож өссөн Онги гол Улааннуурт цутгадаг. Хоёулаа Хангайн нуруунаас эх авч хоёр тийшээ урсдаг юм. Энэ хоёр  голыг буцааж нийлүүлсэн их хайр нь би.

-Та хурдан морь унадаг байв уу?

-Би сайн байсан гэж худлаа хэлж чадахгүй. Гэхдээ сунгаанд үсэргэх, бас цагаан сарын уралдаанд унадаг байсан. Аав маань надаар хурдан морь унуулах тийм ч дуртай байгаагүй. Учир нь сурган хүмүүжүүлэх ухааны доктор Бор гэж багш манай суманд очоод намайг баянхуур тоглож байхыг хараад их л сонирхсон юм билээ. Тэгээд аавыг сураглаж очоод “Танай хүүхэд гэж сүрхий хөгжим тоглодог бор хүү байна. Битгий гурил таслуулаарай Гарыг нь их хайрлаарай” гэж захисан гэдэг. Үүнээс хойш надаар хар бор ажил хийлгэхээ больсон.

-Танд морины тухай дуу олон бий биз?

-Бий. Манайх хэзээний л хэдэн малтай айл байлаа. Малын захад өссөн хүүхэд болохоор морины тухай уран бүтээл хийлгүй яах вэ. Адуу тарианд орчих гээд манаж хүртэл хонож л явлаа. Би уртын дууг бүтэн мэддэггүй. Тэгсэн хэрнээ миний хөдөөгийн ахуйг гаргасан дуу бий. Өссөн нутгийн ахуйн шингэчихсэн байдаг болохоор тэр биз.

-Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиж байна?

-Өнгөрсөн хоёр гурван жил маш их ачаалалтай ажиллалаа. Монголд анх удаа болсон моно опера бичсэн. Мөн БХЯ-ны захиалгаар ЦДБЭЧ-тай хамтраад “Хүннү” гэж бүрэн хэмжээний дуурь тавьсан. Одоо нэг мюзикл дээр ажиллаж байна. “Нохойн сүрэг” гээд жүжиг болчихсон том зохиол бий. Түүнийг мюзикл болгохоор ажиллаж байгаа. Нийгмийн ороо бусгаа амьдралыг харуулсан утгатай бүтээл л дээ. Хүнийг орлосон баахан нохойнуудын үзэл бодлын тухай юм. Эцэст нь монгол банхарт газар нутаг байна уу үгүй гэдгийг л харуулахыг зорьлоо.
 
-Удахгүй шинэ жил болно. Багадаа шинэ жилээр олон бэлэг авдаг байв уу?

-Би долоон настайдаа сургуульд орсон. Баянхуур хөгжим тоглодог болохоор сургуульд орохдоо сумандаа од болчихсон байлаа. Гэрт ирсэн хүн болгонд нөгөө хөгжмөө тоглож үзүүлнэ. Сүүлдээ бүр залхдаг байсан шүү. Долоон настай сургуульд ороод дандаа л тайзан дээр гардаг болсон. “Д.Лувсаншаравын хөгжим “Ленин багш”, сурагч Б.Бямбабаяр дуулж, хөгжимдөнө” гээд л зарлуулна. Далан худалчийн яриа ярина.

Жүжигт дүр бүтээнэ гээд миний оролцоогүй юм байхгүй. Хүүхэд болохоор хөөрөөд л бүх л юманд оролцдог байлаа. Ер нь манай Хужиртын дунд сургууль чинь урлагаараа нэртэй шүү дээ. Чой.Лувсанжав гуайгаас эхлээд эрдэмтэн мэргэд ч төрдөг тийм онцлог нутаг. Миний багш Б.Очирбат хүүхдийн авьяасыг жинхэнэ нээдэг хүн байлаа. Шинэ жилээр багаар бодоход дөрвөн бэлэг авдаг байсан. Амралтан дээр очиж тоглоод, онц сурсан, концертод орсон гээд дөрвөн удаа бэлэг авчихаж байгаа юм.

Б.ГАНДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж