-Манай хүрээлэнг сонирхож байгаад баярлалаа. Эм судлалын хүрээлэнгийн үндэс суурь 1996 онд профессор Л.Хүрэлбаатарын санаачилгаар анх зохион бүтээх тасаг нэртэйгээр байгуулагдсан. Судалгаа болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 1998 онд Моносын Эрдэм шинжилгээний төв нэртэй болж өргөжөөд 2008 онд Эм судлалын хүрээлэн болж хүрээгээ тэлсэн Улсын бүртгэлтэй байгууллага байгаа юм.
-Хүрээлэн ямар бодлого барьж ажилладаг вэ ?
-Бид 3 үндсэн чиглэлийн бодлого барьж байгаа. Үүний эхнийх нь хүн хүчний бодлого. “Монос” эрдэм шинжилгээний төв гэж байхад 10-аад хүн ажиллаж, тэдний дотор эрдмийн зэрэгтэй хүн нэг хоёр л байсан байх. Тэгвэл Эм судлалын хүрээлэн эдүгээ 36 ажилтантай, ихэнх нь залуу боловсон хүчнүүд байгаа. Өнөөдрийн байдлаар 1-11 сар ажилласан 10 хүн, 1-2 жил ажилласан 8, 3-5 жил ажилласан 14, 6-10 жил ажилласан 4 ажилтан байна. 5 жил хүртэл ажилласан ажилтан нийт ажиллагсадын 88.8%-г эзэлж байна. Тэгэхээр манай боловсон хүчнүүд маш их залуу байгаа биз. Хүрээлэнд одоо 1 Академич, 5 доктор, 8 магистр, 2 профессор, 1 дэд профессор ажиллаж байна. Мөн 7 хүн докторантурт, 5 хүн магистрантурт суралцаж байна. Үүнээс Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс,Солонгос, Австри, Японд докторантурт суралцаж байна. 2015 он гэхэд эрдэм шинжилгээний бүх ажилтан эрдмийн зэрэг, цолтой болох зорилт тавьсан. Тэр үед ч манай залуучууд ёстой цахиур хагална даа.
-Хоёрдахь гол бодлого нь юунд чиглэж байгаа вэ?
-Хоёрдахь бодлого нь судалгааны орчин бүрдүүлэх өөрөөр хэлбэл бидний ярьж сурснаар материаллаг баазыг сайжруулах явдал. Хүрээлэн одоо 14 өрөө бүхий өөрийн байртай байна. Техник тоног төхөөрмжийн хангамжийн хувьд сайн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл нилээд хийсэн, Японы зуу шахам сая төгрөгийн үнэтэй өндөр идэвхт шингэний хроматограф суурилуулсан, иж бүрэн ажиллах нөхцөл нь бүрдсэн. Энэ чиглэлээр Чех улсад эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн манайд ажиллаж байгаа учраас энэ төхөөрмж сайн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар монголд манай энэ аппарат л ажиллаж олон байгууллагуудын шинжилгээг хийж, ачаалал ихтэй байна даа. Мөн АНУ-аас авсан хөлдөөн хатаагч аппарат суурилуулсан. Бусад байгууллагуудад ганц нэг байдаг боловч ажиллахаас илүү ажиллахгүй нь их бололтой. Автомат Кьелдалийн аппарат,биохимийн анализатор, Спекторофотометр, Биореактор, Шахмалын машин, Мөхлөгжүүлэгч машин мөн гарган авсан эмийн бэлдмэлийн уусалт, задралт, үрэлт болон даралтанд бат бөх чанарыг үздэг хамгийн сүүлийн үеийн багаж гээд хүний гар харахааргүй орчин үеийн багажууд байна. Одоо хийн хроматографи, Атом шингээлтийн спекторофотометр гэсэн аппаратыг авахаар төлөвлөж байна. Энэ 2 аппаратыг авчихвал шинжилгээгээ өөрсдөө бүрэн хийх боломжтой болох юм. Молекул биологи, иммуногистохимийн лаборатори байгуулах гэж байна. Ингэснээр эс, эдийн түвшинд уургийн нийлэгжил, идэвхжлийг тодорхойлох, генийн нийлэгжлийг РНХ түвшинд эд болон эсийн өсгөвөрт тодорхойлох, уургийн нийлэгжлийг мэдээллийн РНХ түвшинд дарангуйлах, өвчний болон хавдрын загвар системийг бий болгох болно. Эдгээрийн багаж, тоног, төхөөрөмжийг олж суурилуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Өөрөөр хэлбэл бид Эмийн судалгааг туршилтын амьтан, эд, эс, эсийн өсгөвөр, уураг, РНХ, (рибонуклейны хүчил), ДНХ (Дезоксирибонуклейны хүчил)-ийн түвшинд хийх болно гэсэн үг. Бид Дэлхийтэй л өрсөлдөнө. Энэ бол удахгүй шүү.
-За гуравдахь бодлого?
-Орчин цагийн түвшинд судалгаа хийж, шинэ эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн гарган авах чиглэл юм. Одоо манай хүрээлэн Эмзүй, фитохимийн сектор, Фармакологийн сектор, Биологийн идэвхт бүтээгдэхүүн судлалын сектор, Эмийн ургамлын ботаник цэцэрлэг (тарималжуулалтын 3 талбайтай) гэсэн бүтэцтэй.
-Эдгээрийнхээ хийж буй ажлаасаа дурьдахгүй юу?
ийх зорилго тавиад ажиллаж байна. Энэхүү судалгааны ажил ид дундаа явж байна. Манай судалгааны бас нэг чиглэл нь чацарганы дарс хийх ажил. Манай улсад чацарганы дарсыг зарим газрууд хийж байгаа л даа. Чех улсад дарсны чиглэлээр суралцаад эрдмийн зэрэг хамгаалаад ирсэн доктор манайд ажиллаж байна. Одоо манайхны дарс хийж буй технологи нь учир дутагдалтай юм билээ. Түүнийг шүүмжилж яриад яахав. Манай Хүрээлэнгийн энэ технологи нь дарс яг ямар шат дамжлагаар явж хэрэглэгчдэд хүрдэг, тэр л технологиор нь хийж байна. Манайх жилийн дотор дээжээ гаргаад авчихсан. Дарсыг тэдэн жил “дарсан” гэж манайхан ярьдаг. Дарс гэдэг нь дарах гэдэг үгнээс гарсан байж магадгүй.
-Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийнхээ үйл ажиллагааны талаар?
-Эмийн ургамлын ботаник цэцэрлэгийг урьд нь тарималжуулалтын станц, Эмийн ургамлын цэцэрлэгт хүрээлэн гэх зэргээр нэрлэж байсан юм. Энд эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил явагдаж байгаа учраас бид 2010 оноос Эмийн ургамлын ботаник цэцэрлэг гэж албан ёсоор нэрлэх болсон. Энэ цэцэрлэгтээ бид нэн ховор, ховор 110 зүйлийн эмийн ургамал тарималжуулж байна. Заримыг нь буюу 6-7 төрлийн ургамлыг хагас үйлдвэрлэлийн байдалд шилжүүлчихээд байна. Одоо манай ботаник цэцэрлэгт жимсээ бүрэн өгч байгаа 3300 гаруй чацарганы мод байна. Мөн Монос 70ш, Долоогоно 150 ш, Өргөст нохойн хошуу 260 ш, Үрэл 30 ш, Үхрийн нүд 50ш, Хос шивээт улаагана 15ш, Интоор 20ш, алтангагнуур 0,5га, хунчир 0,6 га-д тус тус ургаж байна. Эдгээр ургамлуудаас эмийн түүхий эдээ бэлтгэж авч байна.
2012 онд Батраш -253,2 кг, чацаргана навч 142,5 кг, Алтангагнуур-152,6 кг, хэдэн тонн чацаргана жимс хурааж авсан. Эдгээр эмийнхээ түүхий эдийг үйлдвэртээ шилжүүлчихсэн. Ирэх жилээс алтангагнуур тонн тонноор нь хураана. Бас судалж бэлэн болгосон эмээ үйлдвэртээ шилжүүлдэг.
-Танай хүрээлэн үйлдвэртэй юм уу?
-Монос группийнхээ “Монос фарм” компани эмийн үйлдвэр, “Монос хүнс” гэж компанидаа өгдөг юм. Эрдэм шинжилгээ-үйлдвэрийн холбоо энд тод ажиглагдаж байгаа биз.
Ер нь манай хүрээлэн эдгээр компаниудын үйл ажиллагааг эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж хэлж болно.
-Танай хүрээлэнгийн судалгааны ажлын үндсэн чиглэл юу байдаг вэ?
Манай хүрээлэнгийн судалгааны ажлын чиглэл нь нэгдүгээрт: Монос группийн эмийн бодлоготой уялдсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил байна. Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөгөөг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар батлуулж ажилладаг. Группийн ерөнхийлөгч эрдэмтэн хүн учраас манай Хүрээлэнгийн эрдмийн ажлын зөвлөх хийдэг юм. Хоёрдугаарт: Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд зарласан инновацийн 2 төсөл, Шинжлэх ухаан технологийн нэг төсөл дээр ажиллаж байна. Инновацийн төслийн нэг нь хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй “Эллипин” гэдэг бэлдмэлийг үхрийн элэгнээс гарган авч туршилт хийж байгаа явдал. Эллипинийг бид хуучин бага шиг төхөөрөмж дээр туршилтын үйлдвэрлэл хийдэг байлаа. Энэ төслийг хэрэгжүүлсэний үр дүнд туршилтын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, эллипины гарцыг нэмэгдүүлээд 2 жил ажиллаж байна. Техникийн шинэчлэл дээр энэ төсөл их хувь нэмэр оруулсан. Энэ төслийн хүрээнд эсээс эхлээд эмнэл зүйн судалгаа буюу хүн дээр судлах ажлыг хийж байна. Молекул биологийн судалгаа маш амжилттай болж байна. Эмнэл зүйн туршилтыг элэгний хавдартай хүмүүст Хавдар судлалын үндэсний төвийн эрдэмтэд, эмч нартай хамтарч хийж байна. Урьдчилсан үр дүнгээр хавдарын үед гарч ирдэг альфафетопротейн уургийн өсөлтийг саатуулж байна. Энэ маань юу гэсэн үг вэ? гэхээр хавдарыг намжаах үйлчилгээтэй байна гэсэн үг. Тэхдээ энэ нь цэвэр эс дээр, хүн дээр арай өөр өөр байна. Мэдээж хүн хоол, унд идэж, ууж хэрэглэж байгаа болохоор ходоодонд задарч өөрчлөгдөнө. Харин цэвэр эс дээр бол шууд үйлчилж байгаа юм. Эс дээр үйлчилгээ байгаа учраас бид хүн дээр эмнэл зүйн үүднээс судалж үзээд байгаа юм. Элэгний архаг үрэвсэлтэй амьтан дээр туршиж үзэхэд үрэвслийг намдааж байна. Энэ бэлдмэлээ урьд өмнө өтгөрүүлсэн байдлаар ууж байсан бол одоо зөөлөн капсул мөн лаа хэлбэрт оруулаад эмнэл зүйн судалгаа хийж байна. Нөгөө нэг төсөл нь Шинжлэх ухааны Академийн Хими-хими технологийн хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлж буй хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхит бүтээгдэхүүн гарган авах гэсэн төсөл байгаа юм. Энэ нь малын дайвар бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрийн хаягдлаас цус төлжүүлэх, бодисын солилцооны дутагдлыг сэргийлэх /нөхөх/ бэлдмэл гарган авах төсөл. Цус төлжүүлэх, уургийн алдагдлыг нөхөх гээд урьдчилсан туршилтын үр дүн гарч байна. Төсөл үргэлжилж байна. Бид элэгний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор элэгний гидролизат гарган авсан.
Энэ онд Шинжлэх ухаан технологийн төслийн шалгаруулалтад оролцож, Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлуудын цуглуулга, генийн санг шинэчлэх сэдэвтэй судалгааны ажлыг эхлээд явж байна. Энэ ажлыг явуулахад манай эмийн ургамлын ботаник цэцэрлэг бүх нөхцлийг хангасан байгаа. Усалгаатай нөхцөлд монгол хунчирын судалгаа хийж, цэвэр үр гаргаж авна.
-Монос группийн эмийн бодлоготой уялдсан ямар судалгааны ажлууд хийгдэж байна вэ?
-Бид брэнд бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж Барагшуун С-г үрлээр, Шархны тосыг гелээр, витагриппийг мөхлөгөөр болон сиропоор хийхээр судалгааны ажил дуусч байна. Эллипин лаа, бөөр хамгаалах нефромон, дархлаа тэтгэх салимоны үйлчилгээг улам сайжруулахаар фармакологийн туршилт дуусч байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээ нь сайжирсан нефромон, салимоны хэд хэдэн эмийн хэлбэр буй болно гэсэн үг юм. Нефромоны тухайд 10 гаруй ургамал, Салимоны тухайд 6 ургамал тус тус сонгож судлаад дуусч байна. Женерик олон эмийн судалгаа, туршилт хийж байгаа. Тэр бүгдийг тоочоод яах вэ? Тэдгээр эмүүд шахмал, бүрхүүлтэй шахмал, зөөлөн капсул, мөхлөг, гель, сироп, спрей зэрэг олон хэлбэрээр гарах болно. Бид нийтдээ 40-өөд эмийн стандарт боловсруулсан. Сүүлийн 3 жилд гэхэд 9 стандарт буюу үйлдвэрлэлийн фармакопейн өгүүлэл батлууллаа. Мөн сүүлийн 2 жилд 15 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын гэрчилгээ аваад байна.
-Та хүрээлэнгийнхээ хамтын ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?
-Дотоод, гадаадын 7 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Буриадын их сургууль, Санкт-петрбургийн Эмзүйн академи, Пятигорскийн Эмзүйн академи болон, мөн дотоодын олон байгууллагатай тухайлбал, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна даа.
-Хүрээлэнгийн тухай дэлгэрэнгүй ярьж өгсөн Таньд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.
Баярлалаа.