Кембрижийн гүн, хунтайж Уильямийн гэргий Кейт Миддлтоны тухай мэдээллийг санамсаргүйгээр сэтгүүлчдэд хэлснээсээ болж амиа алдсан сувилагч Жасинта Салданьяг оршуулах ёслол өнөөдөр Энэтхэгийн Карнатака мужийн Ширва жижиг хотын “Our Lady of Health” сүмд болжээ. Энэхүү оршуулгын ёслолд Жастина Саоданьягийн нөхөр, хүүхдүүд, хамаатан саднаас гадна түүнийг хүндэтгэсэн олон тооны хүн оролцжээ. Оршуулгын ёслол дээр Жасинтагийн охин Лиша ээждээ зорилуж “Та бол сайхан сэтгэлтэй, өглөгч, гүн хүндэтгэлтэй нэгэн байсан. Та бол манай гэр бүлийн гол цөм нь байсан. Хүнд хэцүү цаг үед та биднийг амжилт, аз жаргалын зүг хөтөлдөг байсан. Та бол бидний хувьд сайн боловсрол, гэрэлт ирээдүйн эхлэл байсан. Та шаргуу хөдөлмөрлөсний ачаар одоо бидэнд байгаа бүхэн бий болсон. Ээжээ, бид таньдаа хайртай. Диваажинд дахин уулзах хүртлээ биднийг дээрээс харж хандаарай.” гэсэн байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт Английн Бристоль, Лондон хотуудын сүмд Жасинта Салданьянаг хүндэтгэх ёслол болж, олон зуун Англичууд түүний гэр бүлийнхний уй гашууг хуваалцжээ. Энэ үеэр Жасинтагийн нөхөр Бенедикт Барбоза гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүнд үед сэтгэл санаагаар тусалж дэмжиж байсан Кембрижийн гүн, гүнгийн ахайтан, Их Британийн Ерөхий сайд Дэвид Камерон тэргүүтэй бүх хүмүүст талархлаа илэрхийлсэн байна. Энэтхэг гаралтай Жасинта Салданья нь Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтоны жирэмсний хордлогын улмаас хэвтэн эмчлүүлж байсан Лондонгийн VII Эдуард хааны нэрэмжит эмнэлэгт ажиллаж сувилагчаар ажиллаж байсан ч Австралийн овжин хөтлөгчдийн залинд хууртан Кейтийн биеийн байдлын талаарх мэдээллийг хэлснээсээ болж өөрийгөө егүүтгэсэн юм. Австралийн “2day FM” радиогийн хөтлөгч Мел Грэйг, Майкл Кристиан нар Кейт Миддлтоныг эмнэлэгт хэвтэж байхад шөнө залгаж, өөрсдийгөө хатан хаан Елизавета II, хунтайж Чарьлз ярьж байна хэмээн жүжиглэжээ. Гэвч тэдний худал үгэнд итгэсэн гэнэн сувилагч Жасинта Салданья Кейтийн биеийн байдлын талаар бүхий л нарийн ширийн зүйлийг дэлгэж орхисон аж. Харин маргааш нь гүнгийн ахайтан Кейт Миддлтоны биеийн байдлын талаарх мэдээлэл олонд түгэж, хууртсанаа мэдсэн сувилагч гурван өдрийн дараа амиа егүүтгэсэн юм. Үүний дараа Жасинта Салданьяг үхэлд хүргэж, дуулиан тарьсан зүггүй хөтлөгчид өнгөрсөн долоо хоногт телевизийн нэвтрүүлгээр дамжуулан түүний гэр бүлийнхэн болоод олон нийтээс уучлал гуйж, буруугаа хүлээжээ.
Б.АНХТУЯА