Монголын амьдралын үнэн төрх

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Монголын амьдралын үнэн төрх

Монгол улс хөгжихгүй байна.

Өчигдөр шөнө Улиастайн нэг айлаар орлоо, жижигхэн хөнгөн цагаан түмпэнд ширэлдсэн арзгар үстэй жаахан охин хувцас угаагаад зогсож байсан, алгын чинээ нүүрс газарт овоолчихсон, хааш хаашаа хоёр алхам зуны байшин үнэхээр хүйтэн, энэ өвлийг байтугай энэ шөнийг яаж даана даа гэдэг бодол толгойд орж ирсэн. Байшинг тойруулаад харахад түүнээс гадна дахиад 4 жаахан хүүхэд тэнд байсан, газар зулж дэвссэн хөнжил шиг юман дотор нэг том хүн унтаж байх шиг харагдсан. Сэтгэл өвдөж нүд халтирам дүр төрх, яагаад ч юм Непал, Энэтхэгийн ядуу тосгон төсөөлөгдөх шиг болсон.

Таван хүүхэдтэй балгадаг эцэг … эх нь өнгөрөөд нэг жил болж байгаа юм байна. Хамгийн бага нь 3 настай, хамаг биеэр нь дүүрэн үү, яр шавжээ. Эцэг нь тос түрхсэн гэсэн, ямар тос түрхснээ ч мэдэхгүй суух … Юугаа ч мэдэхгүй бяцхан амьтан инээж байгаад л гэнэт уйлах юм, чааваас шарх нь өвдөөд л зовоодог байх даа, нөгөө 2 хүүхэд нь 3 дугаар анги гэхэд дэндүү жаахан биетэй юм, идэж байгаа хоол унднаасаа болдог байх. Энэ айлыг нуруун дээрээ авч явах эцэг болсон ганц хүн нь гар хөлөө хөлдөөснөөс болоод хөдөлмөр эрхлэх чадваргүй болжээ. Зовлон яривал их байна л даа, гэтэл сүүлийн үед яагаад ч юм ижил төрхтэй дүр зураг хэт олон харснаас болоод ч тэр үү хамгийн түрүүнд “Бодит юу хийж чадах вэ” гэсэн бодол л толгойд орж ирдэг болж. Чежү арлаас ирсэн ганц хайрцаг хувцасыг тэр чигээр нь тэдэнд өгч орхилоо, үстэй дулаахан өвлийн гутал байснаа нэг хүүхдэд нь өмсүүлж үзэж байгаад жаахан томдохоор нь оймс давхарлаад өмс гэлээ. Нүүр амгүй яр шарх болсон нялх амьтанд өгчих юм олдохгүй чихэр өгч үзлээ, чихмэл өгч үзлээ, хүүхэд л юм болохоороо инээгээд л чихрээ идээд, чихмэлээрээ тоглож суусан. Ёстой л арга ядсан түр зуурын үйлдлийнхээ цаана яана даа л гэж бодож суусан, надтай цуг очсон сайхан сэтгэлтэй хүмүүс маань ч тэгэж л бодож суусан байх. Ингээд явчихаж боломгүй санагдсан, Төгстөгөлдөр гэдэг хөөрхөн нэртэй тэр хүүгийн төрсний гэрчилгээг ааваас нь салгаж авсан. Ядаж тэр үү, ярнаас нь салгачихмаар санагдсан, хүүхдийн сувилалд хэвтүүлж асарч, эмчлэх хэрэгтэй гэж бодсон. Дүрэм журмынх нь дагуу явбал тасаг байхгүй, хүн нь дүүрцэн гээд дашийн шог болно байлгүй дээ, хамгийн боломжтойнууд нь хүртэл хаалгадаад байдаг юм билээ, болохгүй бол тэр аргаар нь ч болов эмнэлэгт хэвтүүлээдхий гэж бодсон.

Ил гарсан бүхэн ердөө л 1000 жишээний нэг нь байх юм, цаана нь яг ийм амьдрал хэдэн 1000-аараа байгаа гээд бодохоор, энэ бүхэн уул нь бидний биш нөгөө нөхдүүд л хийвэл илүү үр дүнтэй ажил юм шиг санагдах юм, ийм л хүүхдүүдийг асарч тойл, ийм л амьдралд дэмжиж тусла гээд цаг мөч бүхэнд, идсэн уусан болгоноосоо татвар хэмээх сайн дурын хандивыг өгсөн баймаар юм. Паартай байшинд суучихаад тоон хөгжил ярих дуртай сайд дарга нар … Тоо нь амьдрал дээр буугаагүй байгааг тэд мэддэг болов уу ? Үгүй байх аа, хэдэн өрхийн эмч, сайн дурын цөөн хэдэн байгууллага, ганц нэг нийгмийн ажилтан л үүнийг мэддэг байх. Нэг бол зүгээр ярихгүй байвал яадаг юм бол ? Ойлгодог, мэддэг юм шиг худлаа сайхан юм яриад байхаар чинь та нар өөрсдөө сайн хүн шиг харагдаад хэцүү юм байна шдээ.

Олон жил гадаадад байхдаа энд тэндхийн веб сайтан дээрээс Монголынхоо тухай уншаад л чухам баярладаг байлаа, хичнээн төгрөгний гэрээг амжилттай хийсэн, бээлийг нь хийхэд л тэрбумтан болох их хөрөнгө оруулалт орж ирсэн, мундаг хувцасны том брэнд Монголыг минь тоогоод орж ирлээ … Тийм юм ерөөсөө энд алга, хотын төвийн 4 байшингийн дунд л тэр бүх мөнгөө хуваагаад цацчихсан юм шиг санагдаж байна, эгээ л хөлдөөд үхчихгүй өдөр хоногийг өнгөрөөж яваа хүмүүс, утаа тортог тарьсан, хотын төвийн тэр 4 байшингийн дунд амьдарч байгаа хүмүүсийг хордуулсан гэдэг муу нэртэй.

Би гуйлга гуйх гэсэнгүй, уянгын халилтай шүлэг бичиж, өрөвч нэгнийх нь халаасыг чангаах ч гэсэнгүй, өөрсдийнхөө хэмжээнд хүүгийн асуудлыг шийдчихэж чадах байх, би зөвхөн Монголд амьдрал маш муу байна гэдгийг л тэнгэрт нисэж яваа тэр нөхдүүдэд хэлэх гэсэн юм.

За яахав энэ хүүхдийг яаж ийгээд эмчиллээ гэж бодьё, тэгээд дараа нь яах вэ ? Яагаад хүмүүс “Энхчимэг охинд туслая” , “Хосбаяр хүүг аврая” гэхээр туйлширч, хуйларч гүйгээд байна ? Яагаад нэг асуудалд анхаарлаа хандуулаад цогц асуудалд болохоор анхаарлаа хандуулахгүй байна ? Нэг хүүхэд арай амархан, ойрхон юм шиг санагдаад тэгэж байна уу ? Нэг биш хүүхэд байгаа гэдгийг эрхбиш бүгд мэдэж байгаа байлгүй дээ ? Ийм л хүүхдүүдэд өг гээд өгсөн мөнгөө дундаас нь дээрэмдүүлчихээд, дахиад өөрийнхөө халааснаас байдгаа шавхаад өгий гээд гүйж явах, тэрийгээ сайн үйл гэж нэрлэж урамших … Ингэж гал унтраагаад түймэр зогсох уу ?

1000 хүүхдэд бэлэг өгнө гэж зориглон орсон ажил минь их зүйлийг бодогдууллаа. Хамгийн хэцүү нэн ядуу өрхийг л олно гээд энд тэнд гэр хорооллын гудамж хэсэн явахдаа Монголынхоо амьдралын үнэн төрхийг улам тод харсаар байх шиг санагдлаа.

Ч.Ганжавхлан
2012 оны 12 сарын 17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж