АНУ-д нэг жилийн дотор галт зэвсэг ашиглан олон хүний амийг хөнөөсөн хэрэг гурван ч удаа гарсан нь яахын аргагүй анхаарал татсан хэрэг. АНУ-ын иргэд үүнийг галт зэвсгийн тухай хууль сул байгаагаас хэн дуртай нь буу эзэмшиж, ашиглаж байгаатай холбон тайлбарлажээ. Түүнчлэн тэд дээрх гэмт этгээдүүд ямар шалтгаанаар хүмүүсийг хомроглон хөнөөсөн нь асуудал биш тэдэнд галт зэвсэг ашиглан гутамшигт санаагаа хэрэгжүүлэх боломж чөлөөтэй байгаа нь асуудал гэж үзэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын эрх баригчид ч галт зэвсгийн тухай хуулийг чангатгах цаг болсныг хүлээн зөвшөөрч, хуулийг эргэн харах тухай мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сэнди Хук бага сургуульд очих үеэрээ “Бид дахин ийм аймшигт хэрэг гарахыг тэвчиж чадахгүй. Бид одоо үүнийг зогсоож, өөрчлөх ёстой” гэж мэдэгджээ. Мөн Баруун Виржина мужийн сенатор Жо Мэнчин MSNBC-д өгсөн ярилцлагадаа “Галт зэвсгийн хяналт тавих нь бүх нийтийн анхаарал хандуулах асуудал. Тиймээс элдэв чамин үгс хэлэхээ болиод үүнийг шийдвэрлэхийн тулд бүгдээрээ суугаад энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй” гэжээ. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни “Энэ бол цогц хариулт шаардсан цогц асуулт. Ганц хуулийн заалтыг өөрчилснөөр үүнийг шийдвэрлэж чадахгүй. Үүнийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр Ерөнхийлөгч Барак Обама 2004 оныг хүртэл хэрэглэж байсан галт зэвсгийг хориглох тухай хуулийг эргүүлэн хэрэглэхийг дэмжиж байгаа тухай мэдэгджээ. Харин Калифорни мужийн сенатор Дайэнн Файнстайн “Ирэх Конгрессийн хуралдаанаар галт зэвсгийг хориглох тухай хуулийг авч хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг “Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс галт зэвсгийг журамлах тухай хуулийн хүрээнд хууль бус галт зэвсгийн наймаатай тэмцэх ажлыг сайжруулах, улс даяар галт зэвсгийн тооллого, судалгаа, бүртгэл явуулах, галт зэвсэг ашиглалтын хоригийг чангатгах талаарх асуудлыг авч хэлэлцэнэ” гэжээ. Аймшигт халдлага гарсан Ньютаун хотын иргэд хохирогчдын ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс Зул сарын баярт зориулан зассан хотын чимэглэлээ хурааж, гашуудал зарлаад байна.