Нэг кВт цахилгааны үнэ 96 төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Нэг кВт цахилгааны үнэ 96 төгрөг болно

Цахилгааны үнийг нэмэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Сундуйжаваас тодрууллаа.

-Цахилгааны үнийг ирэх сарын 1-нээс нэмнэ гэж дууллаа. Хэдэн төгрөгөөр нэмэх вэ?

-Айл өрхийн хэрэглэж буй нэг кВт цахилгааны үнийг 15 хувиар нэмэх саналтай байгаа. Шийд энэ долоо хоногт гарна. Өөрөөр хэлбэл, одоо тооцоолж буй үнээс 15 хувиар нэмэгдэж, 96 төгрөг болно гэсэн үг. Гэхдээ 150 квт доторх цахилгааны үнийг 79.80 төгрөгөөр тооцоолно. Харин томоохон аж ахуй нэгж, уул уурхайн компаниудын цахилгааны үнийг ахиу нэмэх саналтай байгаа.

-Яагаад цахилгааны үнийг нэмэх болов?

-Энэ асуудалд гурван шалтгаан бий. Манай станцууд маш алдагдалтай ажилладаг. Нэг кВт цахилгааныг 101 төгрөгөөр үйлдвэрлээд 86 төгрөгөөр худалдаж байна. Мөн нэг Гкал дулааныг 25 мянган төгрөгөөр үйлдвэрлээд 12 мянга 600 төгрөгөөр зардаг. Станцуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ зайлшгүй шаардлага байна. Мөн ажилчдаа боломжийн цалин хөлсөөр хангах ёстой. Уг байдлаас болоод манайх энэ онд 50 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Алдагдлаа нөхөхөөр ийм шийдвэр гаргасан.

-Цахилгааны үнэ нэмснээр зах зээлд үнийн өсөлт бий болох юм биш үү. ШӨХТГ-ынхан энэ талаар ямар саналтай байна вэ. Танайхан саналаа хүргүүлсэн гэсэн?

-Цахилгааны үнийн нэмэгдлийн тооцоог ШӨХТГ-т хүргүүлсэн. Тэд ирэх долоо хоногт зөвлөлийн хурлаар хэлэлцээд хариугаа хэлнэ. Гэхдээ О.Магнай дарга “Болох юм байна, бодит тооцоо байна” гэсэн. Талх, сүү гээд гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар судалж үзсэн. Ер нь энэ удаагийн нэмэгдэл бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болохгүй. Тиймээс бид ШӨХТГ-тай хамтран ажиллаж, хяналт тавина.

Б.ЗАЯА

Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж