-МҮОХ-ны ээлжит чуулган маргааш болно. Энэ хурлаар Олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль болох юм билээ. Чуулганы өмнө та санал бодлоо илэрхийлээч?
-МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Би үүнийг дэмжиж байгаа. Шинэ хүн сонгогдоосой гэж хүсч байна. Энэ сонгуульд Д.Загдсүрэн даргаас гадна “Голомт” банкны захирал Д.Баясгалан, Ерөнхий прокурор Д.Дорлигжав хоёр өрсөлдөж байгаа юм. Энэ хоёр хүний аль нь ч ялсан бай хамаагүй. Би хувь хүнийхээ үүднээс, олимпийн медальтнуудынхаа өмнөөс энэ хүмүүсийг дэмжиж байгаа. Д.Загдсүрэн дарга бид хоёр нэг нутгийн хүмүүс, олон жил хамтарч ажилласан. Гэхдээ аливаа зүйлд цаг хугацаа, ээлж дараа гэж бий. Бид ямар Хойд Солонгосын жишгээр явж байгаа биш дээ. Д.Загдсүрэн дарга бүхэл бүтэн 20 жил олимпийн хороог тэргүүллээ. Сайн муу олон ч ажил хийлээ. Одоо зайгаа тавьж өгөөд, Олимпийн хороонд шинэчлэлийн уур амьсгал ороосой гэж хүсч байна. Ялангуяа гадаад дотоодын олон компаниас тамирчдаа дэмжих зорилгоор асар их хэмжээний мөнгө өгсөн. Энэ мөнгийг яаж зарцуулсан, юунд зориулсан нь тодорхой биш байгаа. Тиймээс шинэчлэл хэрэгтэй болсон гэж үзээд байгаа юм.
-Шинэчлэл хэрэгтэй ч гэсэн ажлаа хийж чаддаг, спортод элэгтэй хүн сонгогдвол сайн. Тамирчид ч тэгж хүсч байгаагаа илэрхийлж байгаа шүү дээ?
-Надад хэн нь ч байсан хамаагүй. Энэ албан тушаалын төлөө хэн ч өрсөлдөж болно шүү дээ. МҮОХ-ны дарга гэдэг тийм айхтар хүнд, хүн хийж чадахгүй ажил биш. Хэн ч хийж чадна. Тийм учраас шинэ хүн сонгогдвол хамтарч ажиллахад бэлэн байна.
-Спортын төлөө цохилох зүрхтэй, энэ салбарын хүн өрсөлдөөд, сонгогдсон нь дээр байсан юм биш үү?
-Мэдээж хэрэг тийм. Гэхдээ спорт гэдэг чинь бүх нийтийн зүйл шүү дээ. Жишээ нь, Английн премьер лигийн “Челси” багийг дэмждэг фанат Монголд олон байгаа. Түүн шиг хэн ч Олимпийн хорооны ажлыг хийж чадна. Хамгийн гол нь хийхдээ спортын төлөө сэтгэлтэй, Монголын тамирчдын эрх ашгийг хамгаалсан, тэдний эрх ашигт нийцэж ажиллавал болох нь тэр. Тийм учраас тэр байх байсан юм, энэ нь чадахгүй байх гэх хэрэг байхгүй. Гэхдээ шинэчлэл хийх шаардлага байгаа. Би Д.Баясгалан, Д.Дорлигжав гэдэг хоёр хүний хэн нь ч сонгогдсон тийм сэтгэл, зүтгэл гаргах байх гэж итгэж байна.
-Олимпийн хорооны Ерөнхийлөгч сонгох сонгууль гэж нэг үйл ажиллагаа болно. Энэ үйл ажиллагаа ямар зарчмаар явагддаг юм бол. Нэг хүн 20 жил Олимпийн хороог удирдсан гэхээр сонирхолтой санагдаад байна?
-Яагаад Д.Загдсүрэн дарга 20 жил Хойд Солонгосын Ерөнхийлөгч шиг Монголын олимпийн хороог удирдсан бэ гэдгийн учир нь ердөө сонгуулийн зарчимдаа л байгаа юм. Гол зангилаа нь энэ. 21 аймаг, хотын дүүргүүдэд Олимпийн өөрсдөө хүн томилдог. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэг байлаа гэхэд тэнд дүүрэг хариуцсан Олимпийн зөвлөл байгуулдаг. Гэх мэтээр ажиллаж байгаа юм. Тэр хүмүүс буцаад Олимпийн хорооныхныг дэмждэг. Өмнө нь олон хүн Д.Загдсүрэн даргатай өрсөлдөж байсан. Ерөөсөө ялж үзээгүй. Яагаад гэвэл дандаа өөрсдийнхөө хүмүүсийг энд тэнд тавьж, тэд нь буцаад томилж байгаа нөхдүүдээ дэмждэг зарчимтай. Энэ нь өөрөө ардчилсан зарчим биш. Тийм учраас би энэ удаагийн сонгууль ардчиллын зарчимд оруулаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, спортын холбоодууд, спортын өндөр амжилт гаргасан тамирчид, ахмадууд гээд бүх хүнийг орууцуулаад, санал хураамаар байна. Тэгэхгүй бол хайрцагласан, танил талаа оруулсан хурал хийж, сонгууль явуулаад 20 жил боллоо шүү дээ. Би тэр хуралд нь олон удаа сууж үзсэн. Яаж ч Д.Загдсүрэн даргыг шүүмжлээд, алдаа дутагдлыг нь хэлээд нэмэр болдоггүй.