Д.Арвин намаас гарах өргөдлөө өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Д.Арвин намаас гарах өргөдлөө өгчээ

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарах өргөдлөө өчигдөр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны МАН-ын үүрт гаргасан тухай өргөдөл нь өнөөдөр фейсбүүкээр дамжин дуулиан дагуулж байна. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд ирж, МАН-ын гишүүдийнхээ хуралдаанд ороод гарсан, өдрийн турш албан өрөөнийхөө үүдийг түгжин суусан зэрэг нь намаасаа гарах эрс сонголтыг хийсэн байж болох талтайг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намд элсчээ гэсэн албан бус мэдээлэл өнгөрсөн баасан гаригт дуулиан тарьсан. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Одоохондоо Д.Арвин МАН-ын гишүүн, Ардчилсан намын хувьд гишүүн элсэх, гарах нь өөрийн дотоод журмаараа зохицуулагддаг зүйл” гэж хэлсэн нь хэдэн өдрийн турш таамаг дэвшүүлэн батлагдахгүй байгаа мэдээллийг нэг талаараа нотолсон үйл явдал болж мэдэх талтайг харуулах болсон. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Д.Арвинаас сэтгүүлчид намаасаа гарах эсэхийг нь тодруулахаар өнгөрсөн өдрүүдэд хөөцөлдсөн ч одоо хэр нь тодорхой зүйл хэлэхгүй байгаа. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь тэрбээр “Би сонголтоо хийсэн” гэсэн эрс шийдэмгий үг юм. Мөн нэг албан бус мэдээлэл байгаа нь УИХ-ын гишүүн Д.Арвин өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдэх талтай аж. Хэрвээ уг хурал болбол бүх зүйл тодорхой болно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж