&#34Бүлгийн асуудлаар шантааж хийхийг зөвшөөрөхгүй&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

&#34Бүлгийн асуудлаар шантааж хийхийг зөвшөөрөхгүй&#34

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.
 -УИХ-ын 10 дугаар той­рог буюу Өвөрхангай айм­гийн төлөөллийн асуудал одоо болтол олны анхаарлын төвд хэвээр байна. Сонгуулийн ерөнхий хорооноос тус тойрогт ялалт байгуулсан гэж Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг УИХ-ын дар­гад өргөн барьсан. Үүнийг Ардын намынхан эсэр­гүүцсэний үндсэн дээр гишүүд тангаргаа өргөж чадахгүй байсан. Гэтэл тус той­рогт танай намаас нэр дэвшсэн Г.Батхүү өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын гишүүнийхээ тангаргыг өр­гөсөн нь Ардын нам болон Ардчилсан намынхан энэ тойргийн мандатыг хуваа­гаад авчихлаа гэсэн хардлагыг төрүүлээд байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ бүхнийг хардахаасаа өмнө Монголын улс төрийн тогтвортой байдал, улс төрийн намуудын төлөвшил, харилцан ойлголцлын асуудал хамгийн чухал гэдэг үүднээс хүлээж аваасай гэж би хувьдаа бодож байна. Ер нь бол юу гэж дүгнэх нь хүмүүсийн эрхийн асуудал. Энэ бол нийгэмд байдаг зүйл учир нэг их эмзэглэх хэрэггүй байх.

-УИХ-ын гишүүн асан Д.Зоригт асуудлыг цэгцэртэл хүлээхээр шийдсэн гэж байгаа ч “С.Чинзориг нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангарга өргүүлбэл гом­дох зүйлгүй” гэж байсан. Энэ бүхнээс харахад ямар нэгэн тулган шаардалт очсон юм болов уу гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-УИХ-ын гишүүн Д.Зоригт санал гаргасан нь үнэн шүү дээ. Тэр яг л надтай ижил байр суурийг илэрхийлж байсан. Тухайлбал, “Улс төр тогтвортой байг. Төрийн ажлыг ганц гишүүний тангарга өргөх асуудлаас болж гацаагаад яах вэ. Тиймээс энэ асуудал дээр харзнах нь зүйтэй байх. Хэрэв С.Чинзориг нэр дэвшигчийн гомдол шүүх дээр эцэслэгдээгүй гэж үзэж байгаа бол эцэслэн шийдтэл нь түр азная” гэж хандаж орж ирсэн. Түүнээс биш Ардчилсан намын бүлэг, Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлсний үндсэн дээр тохиролцсон тохиолдол ний нуугүй хэлэхэд байгаагүй. Би хувьдаа Д.Зоригтын гаргасан шийдвэрийг зарчмын хувьд зөв юм уу гэж харж байгаа. Мухардалд орчих­сон байсан улс төрийн нөхцөл байдлыг нэг алхмаар урагшуулсан нь парламентын соёл болон улс төрийн тогтвортой байдлын төлөө маш их зориг гаргасан гэдэг үүднээс тэр шүү дээ. Түүнээс биш улс төрийн аливаа нэгэн  бохир тохиролцоо гэдэг утгаар үүнийг харахгүй байна.

-Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хуралдаж, пар­ламентын гацаанд ороод байгаа үйл ажиллагааг урагшлуулахын тулд ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай байгаа гэдэг үүднээс парламентад суудалтай намуудтай хамтран ажлын хэсэг байгуулах санал гаргасан. Энэ үндсэн дээр  дээрх асуудлыг шийдэж эхэлж байгаа юм биш үү?

-Бид олон удаа ажлын хэсэг байгуулж үзэж байна даа. Ажлын хэсэг байгуулахад нэг сул тал байдаг юм. Албан ёсоор зөвшилцөх гээд ширээний ард суухаараа аль нэг тал нь мухардуулахаар тэр ажил нь явдаггүй байхгүй юу. Энэ удаад бид энэ асуудлыг ажлын хэсэг байгуулахгүйгээр шийдэх гэж оролдож байгаа. Болж өгвөл ойлголцож байгаа. Улс орныхоо зөв эрх ашгийг хангасан хэлбэр рүү явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байх ёстой гэсэн бодолтой байгаа. Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хамтарч ажлын хэсэг байгуулах хүсэлтэй байгаагаа бич­гээр илэрхийлсэн. Ний нуугүй хэлэхэд ажлын хэсэг байгуулснаараа бид асуудлыг шийдэж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал хэвээр байх болно. Тиймээс болж өгвөл ажлын хэсэг байгуулахгүйгээр бүлэг, бүлгийн хуралдаан дээрээ асуудлыг ярилцаж, ойлголцоод хамтаараа энэ шийдэл рүү нэг бодлоготой явах нь зарчмын хувьд зөв байгаа юм. Ер нь нийгмийг бухимдуулж байгаа асуудал, улс төрийн намуудын эрх ашигтай холбоотой олон асуудал байгаа. Ард түмний эергээр хүлээж авч байгаа зүйл байхад сөргөөр хүлээж авч байгаа зүйл ч бий. Гэхдээ өнөөдөр цагийн аяс хаашаа байна вэ гэдгийг мэдэрсний үндсэн дээр захирагдаж улс төрийн үйл ажиллагаагаа намууд явуулах ёстой. Өнөөдрийн хувьд цагийн аяс юу гэж хэлээд байна вэ гэхээр иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлд маш хурдан хүрэхэд улс төрийн тогтвортой байдлыг хангах нь чухал гээд байгаа юм.

-УИХ-ын тухай хуулийн Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг Ардчилсан намынхан хойшлуулаад байгаа. Үүнтэй нь хамт Ардын намын бүлэг байгуулах тухай асуудал хөндөгдөж байгаа. Энэ асуудлыг хэзээ нэг тийш нь цэгцлэх вэ?

-Би Ардын намынханд энэ талаар ойлгомжтой хэлж байгаа. “Хууль хуулиараа л байх ёстой. Хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдэх хэмжээнд бүгдээрээ явъя. Тэгсэн цагт УИХ-ын тухай хуулийн Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг үргэлжлүүлнэ” гэж. УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцэх асуудал нь нарийн ярих юм бол Ардчилсан намаас хамаараагүй асуудал шүү дээ. Үүнийг бид хамгийн түрүүнд баримтлах уу эсвэл хууль ёсны дагуу явах ёстой асуудлуудыг шийдэж байж дараа нь энэ асуудлыг ярих уу гэдэг асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцдэг журмаараа хэлэлцнэ. Харин эцсийн цэгтээ хүрэхийн өмнө хуулийн дагуу шийдэх ёстой нэр дэвшигчидтэй холбоотой зэрэг асуудал дээр бүгд санал нэгдсэн байх зүй ёсны шаардлага тулгараад байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуулийг энэ долоо хоногт хуралдах холбогдох байнгын хорооны хуралдаанаар оруулах төлөвлөгөө гаргасан байна билээ. Энэ асуудлыг хэлэлцэх нь зөв. Харин энэ асуудлаар шантааж хийхийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид энэ асуудлыг хэлэлцэхийн хажуугаар хуулийн дагуу бусад асуудлыг хамтран хэлэлцэж дуусах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа.

"Өнөөдөр бол Д.Арвин гишүүн Ардын намын гишүүн. Ардын намын гишүүний өмнөөс Ардчилсан намын бүлгийн дарга ямарваа нэгэн хариулт өгөх ёс зүй байхгүй"

-УИХ-ын гишүүнийхээ тан­гаргыг өргөөд удаагүй байгаа Д.Арвинг танай намд орох гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Энэ бүхнийг эртнээс төлөвлөсөн бай­сан гэх юм. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Өнөөдөр би УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд УИХ-ын гишүүн Д.Арвин надад ямар нэгэн байдлаар асуудал тавьж хандаагүй байхад тэр хүний өмнөөс төлөөлж ярих эрх байхгүй. Өнөөдөр бол Д.Арвин гишүүн Ардын намын гишүүн. Ардын намын гишүүний өмнөөс Ардчилсан намын бүлгийн дарга ямарваа нэгэн хариулт өгөх ёс зүй байхгүй. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Д.Арвины хувийн сонголтод би оролцох эрх байхгүй. Тэгээд ч энэ асуудлыг зохион байгуулалттай хийсэн байна гэвэл дэндүү андуурал болно.

-Өөр намаас нэр дэвшиж, УИХ-д сонгогдчихоод дараа нь өөр намд элсэх асуудлыг зохицуулсан хуулийн заалт байдаг юм уу?

-Тойрогт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гишүүн бол тухайн тойргийн иргэдийн төлөөлөл. Тиймээс тэр хүн бүрэн эрхийг хал­дашгүй дархан гэдгийг хуулиар баталгаажуулсан байдаг. Тиймээс намаа сольж болно. Харин намын нэрийн жагсаалтаар нэр дэвшсэн хүний тухайд асуудал өөрөөр яригдана. УИХ-ын гишүүний болсныхоо хувьд тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүнтэйгээ статус нь ижилхэн. Гэхдээ УИХ-д нэр дэвшсэн нам, эсвэл бүлэг байгуулаад явж байхад тухайн нам эвсэл нь тарах юм бол нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүний хариуцлага, бүрэн эрхийн тухай асуудал зүй ёсоор хөндөгдөх ёстой. Тиймээс хэрэв шаардлагатай гэж үзвэл дээрх асууд­лыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг боловсруулж болно. Энэ бол намын гишүүний хариуцлагаас гадна бодлоготой холбоотой асуудал.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд хандивын хэмжээг 10-100 саяын хэмжээнд болгож нэмж тусгасан нь нэлээд шүүмжлэлд өртөж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд хандивын тоо хэмжээг нэмж тусгасан нь олон гишүүнээс шүүмжлэл хүртсэн. Ер нь бол хандивын их, багад асуудлын гол нь байгаа юм биш. Хувь хүн болон хуулийн этгээдээс хандивлаж байгаа мөнгө нь бодит зарцуулалтын зардлын судалгаан дээр тулгуурласан байх учиртай гэдэг үүднээс би хандивын талаар шүүмжилж байгаа гишүүдтэй санал нэг байгаа. Энэ тал дээр хамтарч ярилцсаны үндсэн дээр шийдэх гарц нээлттэй.

-Нөгөөтэйгүүр, нэр дэвшигч­дийг саналын хуудсанд жагсаах дэс, дараалал дээр Ардын намынхан нэлээд сэтгэл дундуур байх шиг байна билээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд парламентад олонхи суудалтай намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг саналын хуудсын эхэнд бичнэ гэснийг эсэргүүцэж байгаа юм билээ?

-Парламентад суудал бүхий намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэр ч үүднээс тухайн парламент дахь намууд суудлынхаа тоогоор нэр дэвшигчдээ саналын хуудаст дэс, дарааллуулж байрлуулах тухай заалтыг хуулийн төсөлд оруулсан. Үүнийг би шударга, зөв асуудал гэж бодож байгаа. Энэ зарчмыг дараа, дараагийн сонгуулиудад ч гэсэн хадгалаад явах учиртай. Өнөөдөр Ардчилсан нам парламентад олохи байж болно. Дараагийн сонгуулиар өөр нам олонхи болж болно шүү дээ. Тэгэхэд намуудын парламент дахь суудлын харьцаагаар зохицуулагдсан нэрсийн жагсаалт үйлчилж байх нь хамгийн шударга хуваарилалт болох юм.

-Ерөнхийлөгч хэдийгээр намын харьялалгүй байдаг ч гэсэн хуулийн энэ зохицуулалт нь Ерөн­хийлөгчөөс хариу нэхэх гэсэн нэг хэлбэр шиг харагдаад байх юм?

-Үндсэн хуульд юу гэж заасан байна бид тэрүүгээр л явж байгаа. Үндсэн хуульд “Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг горилуулна” гэж заасан байдаг. Улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг горилуулж байгаа тохиолдолд үүнээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Харин улс төрийн намуудаас Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­шээд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн намынхаа харьяаллаас түдгэлздэг. Хугацааны хувьд зааг ялгаа байгаа гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй.

-Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа асуудал бас нэлээд маргаан дагуулаад байна. Тухайлбал, “Орон нутаг дахь хөдөлмөр эрхлэл­тийн асуудал хариуцсан бай­гууллагуудыг босоо удирдлагатай болгох нь орон нутагт эрх мэдэл олгохын эсрэг үйлдэл” гэсэн байр суурийг Ардын намынхан илэрхийлж байна билээ?

-Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гол шалтгаан нь хөдөлмөр эрхлэлтийг хариуцсан албан байгууллагуудыг нэг шугам, сүлжээнд авч үзэх юм. Хөдөлмөрийн яам гэж тусдаа яам байгуулсан учир нь хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нэг бодлогод зангидах юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн тус, тусын амбиц Монгол Улсын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаас тусдаа байхж болохгүй гэдэг үүднээс л бид энэхүү өөрчлөлтийг хуульд оруулах гэж байгаа юм. Түүнээс биш энд ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байхгүй. Тэр дундаа нэг намын онцгой ашиг сонирхол байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж