Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Магадгүй, энэ өдөр миний амьдралын хамгийн сайхан, бүр маш сайхан өдрүүдийн нэг мөн. Яагаад гэвэл өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарч, би хоёрдугаарт жагсан, МУИС-д эдийн засагчийн мэргэжлээр элсэж чадах болсноо мэдлээ.

Би гэр бүлийнхээ бахархал нь болж, эцэг эхийгээ ийм их баяр хөөртэй байхыг нь тийм ч олон удаа харж байсангүй. Ээж минь өнөөдөр бүх юм сайхан байх ёстой гэсэн шиг хийж байгаа ажлаа нэгбүрчлэн, хичээнгүйлэн хийж нүүрэнд нь аз жаргалын мишээл тодорно, аав минь ч надаар, гэр бүлээрээ бахархан бахдан суугаа нь илт… энэ гэр бүлийн гишүүн бүр надаас дутахааргүй сэтгэл догдлон баярлацгаана. Ингээд хэсэг хугацааны  дараа би их сургуульд элсэн суралцах үнэмлэхээ авахаар хайртай аав, ээжийнхээ хамт хуваарилалт хийж байгаа сургууль руу явлаа.

Сургууль дээр ирэхэд багш нар ангийнхантай минь хамт бөөн шуугиан болсоор намайг угтан авч, бүр танихгүй эцэг эхчүүд хүртэл баяр хүргэн, татаж үнсэнэ. Энэ их баяр баяслын дундаас “Ганбаатарын  Номин” хэмээн миний нэрийг чанга яригчаар дуудах нь цойлон сонсогдож зүрхний минь цохилт бүр ч хүчтэй болох нь тэр. Ээж бичиг баримтыг минь барьж, бид хоёр уралдах шахам сургуулийн шатаар гарч амалгааны зааланд үсрэх шахам л орлоо… Сэтгэл догдолсондоо бүх юм нэг л тогтож өгөхгүй, хаана, хэнтэй уулзах учраа арай хийн олж урт ширээтэй олон хүний хамгийн  наана нь сууж байсан эгч дээр очиход “Эдгээрээс сургуулиа сонго” гээд надад нэг цаас өгснөө “Тодруулчихсан байгааг нь хүүхэд авчихсан шүү” гэж араас нь хэллээ. Цаасан дээр жагсааж бичсэн мэргэжлүүдийг харангуутаа би балмагдан гайхав. Миний авах ёстой, МУИС-ийн эдийн засагчийн мэргэжлийн хоёр хуваарийг хоёуланг нь тодруулсан байлаа. Тэр эгчээс учрыг нь асуух гэж хоолойгоо засан зогстол түүний хажууд суусан ах, миний өмнөх хүүхдэд хандан “Чи чинь манай аймгийн харьяа биш хотынх юм байна шүү дээ. Энэ жилээс харьяа газраасаа л сургуулиа амална гэдгийг хаа сайгүй биччихсэн байгаа биз дээ, миний дүү цаг алдалгүй хот руугаа яв” гэх нь тэр. Нөгөөх ахыг тэгж хэлмэгц би учрыг ойлгож, энэ хүүхэд сүүлд ирээд миний урдуур жагсч, эдийн засагчийн ангийг авсныг мэдлээ. Тэгээд балмагдсан би жаахан тайвширлаа. Учир нь манай ангийн хотын харьяатай хоёр хүүхэд яах ч аргагүй гээд хот явсан учир энэ хүүхэд ч эндээс сургууль авах боломжгүйг би мэдэж байлаа.

Тэр хүүхэд дурамжхан царайтай буцаж алхахад би ч хурдхан “Эгч ээ би энэ хүүхдийн буцаасан МУИС-ийн эдийн засагчийн ангийг авна аа” гэж хэллээ. Гэтэл нөгөө хүүхдийг хаалгаар гарч амжаагүй байхад үүдэнд хүлээн зогссон ээж нь хүүгээ дагуулан “аймгийн боловсрол соёлын газрын дарга”, миний авсан бараг бүх өргөмжлөлийн төгсгөлд нэр нь гарын үсэгтэйгээ хамт байдаг “тэр хүн дээр” гүйж очоод “Манай нөхөр өчигдөр тантай уулзсан шүү дээ, танд учир шалтгаанаа хэлсэн” гэмэгц мөнөөх эмэгтэйн үгийг дуусгалгүй нөгөө дарга бусад ажилтнууддаа хандан “Аа тийм, энэ хүүхэд онцгой шалтгаантай хүүхэд байгаа юм, хуваарийг нь өг өг” гэлээ.     Тэр үгийг сонссон дөрвөн ажилтан гайхсан байдалтай хэсэг болсноо нөгөө буцааж явуулсан ах тэр хүүхдийг “Бичиг баримтаа аваад ир” гэхэд нь би тэсэлгүй “Хотын харьяатай хүүхэд эндээс сургууль авч болохгүй ш дээ” гээд хэлчихлээ. Гэтэл нөгөө дарга над руу асч “Чи юун хүүхэд вэ? Бид ажлаа мэдэж байна, баттай баримттай юм яриарай чи, энэ хүүхэд бол манай хөдөө сумаас ирсэн, аймгийн олимпиод, илтгэлийн уралдаан тэмцээнд байнга оролцож эхний байруудад шалгардаг шилдэг сурагч, манай аймгийн унаган хүүхэд” гэж над руу хашгирах шахам хуруу гараа чичлэн байж хэллээ. Над руу хэн нэгэн чанга дуугарахыг харсан ээж минь ч гүйгээд ирлээ. Аймгийн боловсрол соёлын газрын дарга тэгж хэлчихээд тоох ч үгүй, тэр хүүхдэд миний хуваарийг өгөхийг хараад нүднээс минь нулимс цийлэгнэв. Тэгээд би зангирсан хоолойгоор “Та ямар муухай юм бэ? Манай ангийн зүгээр л хотын харьяатай хоёр хүүхдийг яаж ч болохгүй гээд хот явуулсан. Тэр хоёр ч манай аймгийн унаган хүүхэд шүү дээ” гээд цааш зөндөө зүйл хэлэх байсан ч нулимс минь сул асгарч, хоолой бүр ч илүү зангираад үгээ дуусгаж чадсангүй. Намайг үгээ хэлэх гэж хичээх зуур нөгөө багш, ажилтнууд над руу зэрэг зэрэг дайрч “Энэ хүүхэд хотын биш, манай аймгийн хүүхэд гэж байна”, “Чи баттай нотолгоотой юм хэлээрэй, бусдыгаа боддоггүй яасан муухай шартай хүүхэд вэ” гэж даргынхаа хэлснийг яг давтаж хэлцгээлээ..

Би ихээр урсах нулимс, шарандаа чичрэх гар хоёроо хянаж чадахгүй уйлсаар байгаад заалнаас гарсан юм. Ээж намайг хөтлөн ямар ч гэсэн нэг хуваарь авсан бололтой. “Энэ ч гэсэн гоё хуваарь” гэх утгатай юм надад хэлж багш, аав, ээж, найзууд маань намайг тойрон, аргадаж зогсоно. Тэгсэн ч бүгдийнх нь урам хугарч бас зэвүүцэж байгаа нь илт. Гэтэл миний толгойд бодогдож байгаа зүйл гэвэл дарга, ажилтнуудын хэлсэн үг байлаа. “Үнэхээр тэр хүүхэд манай аймгийн, тэгээд бүр илтгэл олимпиодод байнга оролцдог байсан юм бол би яагаад нэг ч удаа харж байгаагүй юм бэ? Би ч гэсэн олимпиод илтгэл алгасч байгаагүй, байнга л эхний байранд ордог шүү дээ. Тийм байж яагаад огт танихгүй байдаг юм”. Тэр хүүхэд яах аргагүй манай аймгийнх биш гэдгийг би баттай мэдэж байлаа. Ингээд тэр өдөр миний хувьд үнэхээр аймшигтай, шударга бус явдлын хохирогч болж доромжлуулж гадуурхагдсан гунигт өдөр болж хувирсан юм.

Дараа нь оюутан болоод нэг сургууль юм болохоор хааяа тэр хүүхдийн талаар чих тавьдаг, зарим талаар нарийн судалдаг байлаа. Тэр хугацаанд түүний илтгэл тавьдаг, онц сурдаг гэх сураг огт сонсоогүй. Гэтэл хоёрдугаар курст ордог жилээ миний бодлыг батлах гэсэн шиг тэр хүүхэд сургуулиа хаясан юм. Шударга үнэн байдаг гэдэгт би итгэдэг байсан. Энэ явдал миний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, итгэл найдварыг устгаж, ирээдүйг минь өөрчилсөн. Би тэр өдрийг, тэр явдлыг хэзээ ч мартахгүй. Тэр даргад, тэр хүүхдэд өөрт нь ийм зүйл тохиолдвол тэд юу бодох бол… бас л надтай адил уйлна, гомдоно, итгэл алдарна. Би тэр хүүхдийг буруутгахгүй ээ, яагаад гэвэл энэ бол түүний эцэг эхийн сонголт, шуналын хүүдий болсон тэр даргын л хийсэн хэрэг.

Ядаж би өөрөө хэн нэгний амьдралд тийм шударга бус зүйл, арилахгүй хар дурсамж үлдээхгүйн тулд хэний ч өмнө шударга байж үнэнийг баримтална. “Өөрт чинь бүү  тохиолдог гэсэн зүйлээ чи өөрөө бусдад бүү үйлд. Өөрт чинь тохиолдоосой гэсэн зүйлээ чи эхлээд өөрөө бусдад үйлд…” гэдэг үг бий. Монголчууд аа, өөрсдийнхөө төлөө шударга байцгаая!

“Улаанбаатар” их сургуулийн Утга зохиол, хэл шүүмжлэлийн I курсын оюутан С.Сувд


(Авлигатай тэмцэх газраас зарласан “Миний мэдэх шударга ёс” уралдааны II байр эзэлсэн зохион бичлэг)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж