Эрүүгийн хэргийг “эрүүдэж” шүүхгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хэргийг “эрүүдэж” шүүхгүй

Чөлөөт нийгмийн амин сүнс нь шударга ёс. Учир нь чөлөөт нийгэм хүн бүрт өөрийгөө хөгжүүлэх, оршин тогтнох тэгш боломжийг тунхагладаг. Чөлөөт нийгэмд бүх хүн нэг зүйлийн төлөө биш, хүн бүр өөрийнхөө зорьсон зүйлийн төлөө явдаг. Үүнийх нь төлөө нийгэм түүний хэрэгцээг хангаж өгдөг. Тэр нь эргээд өрсөлдөөнийг бий болгож, өрсөлдөөн нь зөрчлийг үүсгэдэг. Газартай нь газраа, баялагтай нь баялгаа, эрх мэдэлтэй нь эрх мэдлээ хамгаалахын төлөө зөрчилддөг. Тиймээс нэг хүний эрх ашиг нөгөө хүний эрх ашгийг хөндөхгүй байх, тэгш эрхтэйгээр зэрэгцэн амьдрах чөлөөт нийгмийн мөн чанарт үйлчилдэг зүйл бол шударга шүүх, шударга хуулийн тогтолцоо. Өнөөдөр ч гэсэн хүмүүс нийгмийнхээ энэ үнэт зүйлийг олж харсан учраас асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийн төлөө явж байгаа. Хэрвээ шүүх үүнийг нь хангаж өгөхгүй бол энэ зөрчилдөөн хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх адгуусны тэмцэл болж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг.

Хууль хатуудсан уу?

2002 оны Эрүүгийн шинэ хуулиас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ хоёр ч удаа Өршөөлийн хууль баталж, тус бүр 2000-2500 хоригдлыг ялаас чөлөөлжээ. Үүн дээр Татварын өршөөлийн хуулийг оролцуулбал Монголын төр иргэндээ гурван ч удаа өршөөл үзүүлсэн байна. Өмнө нь буюу социализмын үед Өршөөлийн хуулийг хамгийн багадаа арван жилд нэг удаа, цаашлаад 30 жилд нэг удаа гаргаж байсан ч хоригдлын тоо 5000-аас давж байсан удаагүй аж. Харин Эрүүгийн шинэ хууль гарснаас хойших арван жилийн хугацаанд хоригдлын тоо 7000 давжээ. Үүнийг нэг талаас хүн амын өсөлт болон нийгмийн өөрчлөлттэй холбож үзэж болох ч олонхи тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн бодлого оновчгүй байгаагаар тайлбарладаг. Тодруулбал, ямар хэргийг гэмт хэрэг гэж үзэх, эсвэл үзэхгүй байх вэ, алийг нь нийгэмд аюултай, эсвэл аюулгүй хэрэг гэж үзэх вэ гэх мэтчилэн гэмт хэргийг тодорхойлох үнэлэмжийг өөрчлөх ёстой гэдэг дээр хуульч мэргэжилтнүүд санал нэгдэж байна.

Статистикаар Монгол Улсын хэмжээнд жилд 250 орчим гэмт хэрэг гардгийн  200 орчим нь хүн амины гэмт хэрэг, үүнээс 150 орчим нь хүнийг санаатай алах гэмт хэрэг байдаг гэнэ. Үлдсэн буюу дийлэх хувийг хулгай, дээрэм болон бусдын өмч хөрөнгө, эрх чөлөөнд халдсан, танхайрсан хэргүүд эзэлдэг байна. Мөн цөөн хувийг хүчирхийлэх гэмт хэрэг эзэлдэг. Саваагүйтэж, айлын цонх руу чулуу шидсэн хүүхэд танхайн хэргээр 5 жилийн ял авах нь юу ч биш. Ял эдэлж байгаа 7000 гаруй хоригдлыг 1200 гаруй нь “нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн” гэдэг үндэслэлээр 5-аас дээш жилийн ялтай. Учир нь одоогийн хуулиар гэмт хэргийн нөхцөл байдал, хор хохирлыг нь бодитойгоор үнэлэхийн оронд ерөнхийд нь хөнгөвтөр, хүндэвтэр, хүнд, онц хүнд хэмээн дөрөв ангилаад, хавтгайд нь нэг жишгээр ялладгаас тэр. Нэг ёсондоо төр өөрийн хүлээсэн үүрэг, хийх ажлаа хялбарчлаад, цаана нь үлдэж байгаа хүмүүсийн хувь заяа, хожим учрах үр дагаврыг тооцолгүй орхисон хэрэг. Хэн ч алдаж гишгэдэг, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Их үү, бага уу л гэхээс бүгд алддаг. Харин алдаагаа засах боломж нь хүн бүрт байх ёстой. Үүнийг л хүнлэг, ардчилсан, энэрэнгүй нийгэм гэдэг.

Энэ үүднээс хууль эрх зүйн салбарт Эрүүгийн болон бусад хуулийг шинэчлэх асуудал яригдаж, яг одоо ажлын хэсгийн түвшинд санал нэгтгэгдээд явж байна. Тодруулбал, эрүүгийн хэргийг шалгадаг, шийддэг процессийг илүү шударга болгох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эхэлж арилгах, гэмт хэрэгтэнд оноож буй ял түүний гэм буруу болоод учирсан хохирол, үр дагаварт нь тохирсон байх гэх мэтчилэнгээр шаардлагууд тавигдаж, Эрүүгийн хуулиас гадна ЭБШХ-ийг өөрчлөх, Хууль сахиулах үйл ажиллааганы тухай хуулийг шинээр гаргах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Цагдаагийн байгууллагын тухай хуулийг ч өөрчлөхөөр болжээ.

Байцаахгүй, нотолно

Наад зах нь нэрнээсээ эхэлж байна. Хэрэг мөрдөлтийн ажиллагааг зохицуулдаг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хууль болгон өөрчилж байгаа нь хэлбэрийн хувьд ч, агуулгын хувьд ч том өөрчлөлт. Хэдийгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэргийг илрүүлэх, шалгах, нотлохдоо хөдлөшгүй нотлох баримтад тулгуурлана гэж заасан ч хуулийн хэрэгжилт амьдрал дээр тэс өөр. Учир нь уг хуульд нотлох баримтыг цуглуулах, үнэлэх механизмыг нарийн суулгаж өгөөгүйгээс хэрэг мөрдөлтийг зөвхөн байцаалтын аргаар явуулж, аман мэдүүлгээр хэрэг хүлээлгэдэг, хэрэг тулгадаг гэх шүүмжлэл давамгайлдаг. Уг нь бол Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж тусдаа хууль бий ч гүйцэтгэх ажиллагаа явуулж цуглуулсан  нотлох баримтыг шүүх дээр нотлох баримт гэж авч үзэхийг нь бас л хуульчилж өгөөгүй, хэнд ямар үед гүйцэтгэх ажиллагаа явуулж болох вэ гэдгийг ч нарийвчлан тусгаагүй. Тиймээс эрүүгийн төлөөлөгч нь гүйцэтгэх ажиллагаа явуулж олж авсан мэдээллээ мөрдөн байцаагчдаа гаргаж өгдөг, түүнийг нь мөрдөн байцаагч сэжигтэнд тулгаж хэрэг хүлээлгэх байдлаар л хэргийг шийдэж иржээ. Аман мэдүүлгээр нотолсон хэрэг шүүхийн шатанд очоод хэдэн ч удаа буцаж болохоос гадна хийгээгүй хэргийг хилсээр хүлээлгэх, хэрэг тулгах эрсдэлтэй. Ижил аргаар үйлдэгдсэн гэдэг үндэслэлээр нэг хэрэгт сэжиглэгдсэн хүнд өөр олон хэргийг нэмж тохох боломжтой. Энэ мэтчилэнгийн хүчин зүйлээс шалтгаалан хэрэгтэн шүүхийн шатанд очсон хойноо “Намайг эрүүдэж шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн” гэж мэдүүлсэн тохиолдол бүрт хэргийг нь мөрдөн байцаалт руу буцаах, хэргийн шалгалт сунжрахад хүрдэг. Өөрөөр хэлбэл энэ бүхэн эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчдын ур чадвараас гадна хуулийн хийдэлтэй холбоотой гэсэн үг.

Нөгөө талаас, тэртэй тэргүй гүйцэтгэх ажиллагаа явуулаад олоод авчихсан мэдээллийг шүүхийн шатанд хэрэгсдэггүй, нотлох баримт гэж үнэлдэггүйгээс хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч нар хаалттай аргаар олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг ч үгүйсгэх газаргүй.

Энэ мэт эрсдлийг үнэлсний улмаас хэрэг мөрдөлтийг шударгаар явуулахын тулд ЭБШХ-иа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль болгон өөрчлөхийн зэрэгцээ Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг шинээр боловсруулж байгаа юм байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага хуулийг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэгтэн болооод хохирогчтой харьцахдаа ямар стандарт барихыг нарийвчлан зааж өгөх юм байна.

Амийг амиар уу?

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт дууссаны дараа хэрэг шүүхийн шат руу шилждэг. Энэ шатанд гардаг гол маргаан бол “ял ихэдсэн, багадсан” гэх гомдол. Хамгийн түгээмэл, нийтэд танигдсан нэг жишээ нь долдугаар сарын 1-ний хэрэг. Энэ хэргийн улмаас 700 гаруй залуус баривчлагдаж, 200 гаруй нь “нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчсөн, нийгэмд онц аюултай үйлдэл зохион байгуулсан” зэрэг үндэслэлээр 3-5 жилийн хорих ял авч байлаа. Үүний дараа гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээг тодорхойлдог хуулийн үнэлэмж буруу байна гэдэг дүгнэлтийг олон нийт ч, хуульч мэргэжилтнүүд ч хийхэд хүрсэн билээ. Социалист нийгмийн үед хүний эрх, хувь хүний эрх чөлөө гэхээсээ илүү нийтийн, нийгмийн аюулгүй байдлыг чухалчилдаг байсан учраас жижиг танхайн хэрэг ч нийгмийн эсрэг гэмт хэрэг болж хувирдаг байлаа. Энэ үзэл санаа нь одоо ч манай хуульд хэвээрээ байгаагийн уршгаар айлын цонх руу чулуу шидэх, эсвэл олон нийтийн газар зөрчил гаргах нь “нийгмийн эсрэг” гэмт хэрэг болж, тэр ч жишгээрээ өндөр ял авдаг. Уг нь тухайн хүний үйлдсэн хэрэг хэний эрх ашгийг хөндсөн бэ, ямар хэмжээний хохирол учруулсан бэ гэдгээр гэм буруу болоод ял шийтгэлийн хэмжээ тогтоогдох ёстой. Тиймээс ялын бодлогыг энэ чиглэл рүү өөрчлөхөөр болж байна.   

Одоо үйлчилж байгаа хуулиар эрүүгийн хэрэгт оноож байгаа ял торгох, баривчлах, хорих, ажил, албан тушаал эрхлэх эрхийг нь хасах, хорих, цаазаар авах гэсэн долоохон төрөлтэй. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учир шалтгаан, хэрэгтний хувийн байдал, учирсан хохирол болон хохирол төлөгдсөн эсэхээс үл хамааран энэ долоон төрлийн ялыг дээр өгүүлсэн хөнгөвтөр, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилсан хэргүүддээ яг ижил хэмжээгээр тэгшитгэн өгдөг. Яагаад гэвэл хуулинд “Хөнгөвтөр хэрэгт 1-5 жил, хүндэвтэр хэрэгт 5-10, хүнд хэрэгт 10-15, онц хүнд гэмт хэрэгт 15-аас 25 жил болон цаазын ял онооно” гээд хөдөлшгүйгээр тогтоочихсон учраас. Хохирогчийн буруугаас болж уг гэмт хэрэг гарсан уу, эсвэл гэмт хэрэгтэн уг хэргийг эхнээс нь төлөвлөж, зохион байгуулж байгаад хийсэн үү гэдгээс үл хамааран хүн амины хэрэгт яг адилхан ял өгдөг гэсэн үг. Түрүүн өгүүлсэнчлэн хэргийн үнэн мөнийг тогтоож, тохирсон ял шийтгэлийг оноох шүүхийн үүрэг ч орхигдож, Эрүүгийн хууль дээр тавьсан тоог хооронд нь нэмж хасаад тавьдаг тооны машин маягтай болчихсон. Тэр ч байтугай иргэдийн эрх, эрх чөлөөг сахин хамгаалах хуулийн үндсэн зорилго алдагдаж, гэмт хэргийн нөгөө тал байгаа хохирогчдын эрх ашгийг ард орхиод зөвхөн яллахаа урьтал болгодог. Үүнийг төр шударга ёсыг тогтоох өөрийн үүргээ орхигдуулж, асуудлыг илүү хялбар, дөхөм аргаар шийдэж байна гэж үзэхээс өөр аргагүй. Тэр ч байтугай цаазаар авах ял ч гэсэн асуудлыг амар хялбараар шийдэж буй бас л нэг хэлбэр. Амийг амиар солилоо гээд гэмт  хэргийн хохирол барагдахгүй, хожмын үр дагавар нь арилдаггүй. Нэг хүний амь дээр дахиад нэг хүний амийг л зольж буй хэрэг. Төрийн гүйцэтгэж буй үүрэг нь зүгээр л “Таны хүүхэд үрэгдчихсэн үү, хариуд нь би энэ хүний амийг авлаа. За гомдолгүй юу, баяртай”. Үүнд ямар нэгэн шударга ёсны зүйл бий гэж үү?  

Тиймээс яригдаж буй шинэчлэлийн хүрээнд өмнө хэрэглэж байсан гэмт хэргийн хөнгөн, хүнд, онц хүнд гэдэг ангиллыг Эрүүгийн хуулиас бүрмөсөн авч хаях гэнэ. Түүний оронд хэрэг нэг бүр дээр хэрэгтний гэм буруу болоод хохирлын хэмжээ, үр дагавар, учир шалтгаан, хэрэг гарсан нөхцөл байдал болон хэрэгтний хувийн байдалд тохируулан ял шийтгэлийн хэмжээг шүүх тогтоож байхаар хуульчилах юм байна. Ядахдаа л айлын цонх руу чулуу шидсэн хүүхэд танхайн хэргээр таван жил шононд суухгүй, амь зуухын төлөө тав, арван төгрөг хулгайлсан өрх толгойлсон эх арав, хорин жилээр шорон дамжихгүй болно гэсэн үг. Угаасаа шорон гэдэг засан хүмүүжүүлэх газар биш, харин ч хүнийг улам шоронжуулдаг, гэмт хэрэгд дадлагашуулдаг газар болсон гэдгийг нийтээрээ ярьж байгаа шүү дээ. Тиймээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрт нь харгалзан үзэн шалтгаан байсан, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал өөрт нь нөлөөлсөн, хохирогчийн өөрийн гэм буруу байсан, хохирлоо барагдуулсан эсэх гээд харгалзан үзэх шалтган бүрийг судалж, аль болох хорих ялаас татгалзах, өөр бусад хөнгөн ял шийтгэлээр орлуулах, засан хүмүүжүүлэх арга хэлбэрийг сонгох нь шүүхийн үүрэг болж байна. Хэрвээ ингэж чадахгүй юм бол шүүх байхын, шүүгчийн бие даасан байдал болоод хараат бус шүүхийн туай яриа ч бас хэрэггүй зүйл болж хувирна. Мэдээж нөгөө талаас шүүгч уг хэрэг дээр ямар нэг субьектив нөлөөлөлд автах, хохирогч, гэмт хэрэгтний аль нэг талд илт үйлчилсэн байдал гаргавал Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн тухай хуулиар хариуцлагаа хүлээж таарна.

Тэгэхээр Эрүүгийн хуульд хийж буй эдгээр өөрчлөлтүүдийн дараа ялын бодлогыг илүү хөнгөн, уян хатан, тухайн хэрэгтнийг засарч хүмүүжих, нийгэмдээ эргэж ирэх боломжийг олгосон байдлаар явна аа гэсэн үг. Энэ чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд ч мөн өөрчлөлт оруулж, гэмт хэрэгтний засан хүмүүжих, нийгэмших байдалд дэмжлэг үзүүлэхийн тулд хорихын нөхцөл байдлыг өөрчлөх, хоригдох хугацаандаа ажил хийж орлого олох, хохирлоо төлж барагдуулах боломжийг нь бий болгох асуудал давхар яригдаж байна.

Мэдээж нөгөө талаас зохион байгуулалттай болон авлигын хэргүүд, тэр тусмаа санаатайгаар хүн алах, хүчирхийлэх зэрэг онц хүнд хэргүүдийн хувьд хэрэгтнийг нийгэмшүүлэх болон ялыг хөнгөрүүлэх тухай яриа байхгүй, өмнө барьж байсан ялын бодлогоос ухрахгүй, харин ч одоогийнхоосоо илүү чангарч магадгүй гэдгийг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хуулийн багийнхан хэлж байна.

Б.СЭМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж