Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт тангаргаа өргөсөн гурван гишүүнээс Д.Арвин гишүүн дуулианы эзэн болоод байна. Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр танхимын баруун жигүүр дэх АН-ын талд, хамт тангараг өргөсөн Г.Батхүү гишүүний дэргэд очиж суусан нь олны хараанд олзлогдож, улмаар тэр оройдоо “Д.Арвин гишүүн АН-д орохоор болжээ” гэсэн чимээ Төрийн ордонд дэгдэж амжсан юм.
Түүний МАН-аас гарч АН-д орохоор шийдсэн эсэх нь даваа гаригт болдог бүлгүүдийн хуралдаанаар ил гарна гэсэн хүлээлт байсан ч учир битүүлэг байдалтай өнгөрлөө. УИХ дахь МАН-ын гишүүдийн төлөөллийн ахлагч Н.Энхболдын хэлснээр Д.Арвин гишүүн МАН-аас гараагүй ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын “Өнөөдөртөө Д.Арвин гишүүн МАН-д байгаа” гэсэн үг нэгийг бодогдуулахаар байв. “Өнөөдөртөө” гэсэн үгийн цаана ямар нэг нууцлаг агуулга байж болзошгүй гэсэн таамгийг юутай ч сэтгүүлчдийн цээжний мухарт үлдээв.
Гэхдээ ямар сонголт хийх нь, хаашаа эргэх нь Д.Арвин гишүүний эрх. Юутай ч МАН-ынхан өмнө нь гурвантаа төр түшсэн эмэгтэй гишүүнээсээ сонгуулийн өмнө тойргийг нь булаасан нь үнэн. Гурван удаа төр түших эрх олгосон Хэнтий аймгийн сонгогчдодоо талархаж явдгаа сая тангараг өргөх үеэрээ Д.Арвин гишүүн онцгойлон хэлсэн нь Хан хэнтийчүүдээсээ сэтгэл буруулаагүйн илрэл. Харин мандатын тоо Сонгуулийн шинэ хуультай уялдаж цөөрснөөс үүдэн МАН-ын эрчүүд хуншгүй аашилж Д.Арвин гишүүнийг Хэнтийн тойргоос “жийж” орхисон. Гэхдээ үүнд Д.Арвин гишүүн бууж өгөлгүй нийслэл рүү шилжин Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, Засаг дарга асан Б.Батзоригтой “жинхэнэ” сонгуулиар нэг, дахин санал хураалтаар давхар өрсөлдөж ялалт байгуулан дөрөв дэх удаагаа төрийн түшээ боллоо.
Д.Арвин гишүүнийг сонгуулийнхаа сурталчилгааг хийж байх явцад МАН-ынхан дэмжээгүйгээр барахгүй эсрэг РR явуулж Б.Батзоригийг лоббидсон ч хуучин түшээ Д.Арвин зангараг заан ялж УИХ-ын гишүүний мандат өвөрлөсөн нь МАН-ынхад “Наашаа харж инээж, цаашаа харж уйлах”-ын үлгэрийг авчирчээ. Дассан тойргоос нь жийж, шинэ тойрогт нь эсрэг сурталчилгаа хийсэн МАН-ынханд Д.Арвин гишүүн дуртай намаа сонгоод гарлаа гэхэд үнэндээ хэлэх үг байхгүй. “Давхар сойлготой” наадамд “уяачгүй” түрүүлсэн гишүүн МАХН-даа орно уу, АН-ыг сонгоно уу ах намд хүртээлгүй болсон. Намаасаа татаастай Б.Батзоригийг “давхар хамаад” дараалан ялаад гараад ирсэн бүсгүй гишүүнээ МАН-даа үлдвэл олз, гараад явбал гарз гээд сууж байхаас өөр арга ууган намынханд үлдсэнгүй. Гишүүдийнхээ тоог 39 рүү дөхүүлж, дангаараа засгаа байгуулахын түүс болж буй АН-ын хувьд Д.Арвин ороод ирвэл нэмэрт нэмээс болоод л явчихна.
Шинэ гишүүд тангараг өргөхөд АН-ын Д.Зоригт Өвөрхангайн шүүхийн хариуг гартал түр түдгэлзэх өргөдөл өгөөд хоцорсон. Тангаргийн дараахан УИХ дахь АН, МАН, ИЗНН-ын гишүүдийн төлөөлөл Д.Зоригтыг байлцуулан уулзсаны цаана “наймаа явсан” гэх хар сэр өнөөдөр ч дуулдаж л байна. Юутай ч АН, МАН-ынхан Өвөрхангайн Х тойргийн хоёр мандатыг хувааж авахаар болсон гэдэг хоосон үг биш бололтой. Д.Зоригтын оронд 6000 сонгогчийн санал авсан гэгдээд буй МАН-ын С.Чинзориг УИХ-д орж ирэх нь бараг тодорхой болсон гэх чимээ баттай болох шинжтэй. Харин АН-ын Д.Зоригт, МАН-ын Н.Төмөрхүү нарыг хоосон үлдээлгүй ямар нэг дажгүй албан тушаалд дэвшүүлнэ гэсэн мэр сэр яриа Шаргал ордонд дуулдаж байна.
МАХН-ынхан энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн хоёр гурав хоногоор семинардаж эхэллээ. Орон нутгийн сонгуульд ялсан төлөөлөгчдөө байлцуулан хийх зөвлөгөөний төгсгөлд буюу энэ сарын 18-19-нд Удирдах зөвлөлөө хуралдуулан Засгийн газраас гарах эсэхээ эцэслэн шийдэхээр болжээ.
Гэвч Засгийн газраас гарахгүй гэсэн шийдвэрт хүрэх нь бараг тодорхой. Яагаад гэвэл МАХН Засгийн газраас гарахад гүйцэтгэх засаглал нэг их ганхахгүй, харин МАХН хамаг эрх мэдэл, нэр сүрээ алдана. Зүгээр л таван сул гишүүн УИХ-д нэмэгдэнэ. Юун МАХН-ын даргыг ялаас мултлах. Тэгж “даль жигүүрээ” мухарлахгүйгээ хашир улстөрчид эрх биш мэднэ. Тэгэхээр “манай гишүүд хуралдаад засгаас гарахыг дэмжсэнгүй ээ” гэсэн хариуг л өгөх болов уу. Тэртэй тэргүй Н.Энхбаяр дарга “Засаг тогтвортой байх ёстой” гэсэн үгийг хяналтын шатны шүүх хурал болсон өдрийн өглөө хэлчихсэн. Эрхэм гишүүн Ж.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг онцгой байдлын салбарыг тааруу ажиллуулж байна гэсэн шалтгаанаар огцруулах хүсэлт тавьчихаад буй. Засгаас гарна гэсэн аман дээр нь дөрөөлөөд түлхэж үзэж байгаа нь тэр. Шадар сайдын суурь хэр бат бэх болохыг мөн л ойрын өдрүүд харуулах бололтой.
УИХ-ын 75 дахь гишүүн Ц.Оюунбаатар уу, Э.Батшугар уу гэдгийг бас л энэ долоо хоногт шийдэх юм гэсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч болсон Э.Батшугар цэргийн алба хаасан гэсэн баримтаа халаасалчихсан юм гэнэ лээ. Нэгэнт МАХН-ын даргын асуудал шийдэгдтэл мөдгүй болсон тул намынхан нь Э.Батшугарт төрийн түшээгийн мандат өгүүлэхээр арга чарга бүхнээ хийж үзэж байна. МАХН-тай хамтран “Шударга ёс” эвслийн бүлгийг бүрдүүлж буй МҮАН-ынхан Ц.Оюунбаатарыг битүүдээ дэмжиж буй. СЕХ-ны хувьд Ц.Оюунбаатарыг өргөн мэдүүлсэн гэх байр сууриасаа ухраагүй байгаа. Ямар боловч удахгүй болох МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар эвслийн 11 дэх гишүүнээр хэнийг тодруулахаа эцэслэн шийдэхээр болсон сурагтай.
Энэ зуур нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын сонгуулийн дахин санал хураалт ойлгомжгүй байдалд орлоо. Баянзүрх дүүргийн сонгууль шиг орон нутгийн сонгуультай давхцуулан хийхээр болоод байсан ч АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр шүүх, хуулийн байгууллагаар явж байсан тул тодорхойгүй хугацаагаар хойшилсон. “Л.Эрхэмбаяр ялжээ” гэсэн чимээ нэг хэсэг дуулдсан ч мөн л таг чиг болсон. Уг нь орон нутгийн сонгуулиар дахин санал хураалтыг хамт хийсэн бол Л.Эрхэмбаяр гараад ирэх магадлал байсан.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд ардчилсан угшилтай Сонгинохайрхан дүүрэгт МАН ялчихлаа. Дахин санал хураалт хийлээ гэхэд дүүрэгт хөлтэй болчихсон МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазарын талд тоглолт шилжихийг байг гэлтгүй. Орон нутгийн сонгуулиар алдсан даагаа нэхнэ гэвэл АН-ынхан Сонгинохайрханд хамаг хүчээ хаяж мэдэх л юм.
Өнгөрсөн долдугаар сарын 6-нд УИХ-ын тангараг өргөсөн дүнгээр 31 гишүүнтэй болсон АН-ынхан Г.Батхүү орж ирснээр 32-уулаа болсон. Сураг дуулдаад байгаачлан Д.Арвин гишүүн ороод ирвэл 33-уулаа, Сонгинохайрхан дүүргийг “чангаачихвал” 34-үүлээ болно. Цаана нь ИЗНН-ын хоёр гишүүн байгаа гэвэл засгийг МАХН-гүйгээр барихад гуравхан суудал дутна. МҮАН-ын дөрвийг засагтаа авах юм уу, эсвэл Увс зэрэг будилаантай тойргийг өөрийн болговол Засгийн газарт дагнах АН-ын мөрөөдөл биелэх учиртай. Г.Батхүү гишүүн тангараг өргөхдөө “Энэ удаа АН бүл нэмж, Г.Батхүү УИХ-д орж ирэхдээ гол нь биш. Будилаантай, хууль зөрчсөн үйлдэл гарсан тойргуудыг шударгаар зохицуулах эхлэл энэ боллоо. Дараа дараагийн удаа бусад асуудалтай тойргийг энэ маягаар авч үзэх биз ээ” гэсэн утгатай үг хэлсэн нь АН-ын дараагийн тактик байж мэдэх юм. Гэхдээ АН, МАН хоёр “Эвтэй амьдарцгаая, хүүхдүүд ээ” гэсэн Том, Жерригийн үлгэрийн зарчмаар цаашдаа ойлголцож ажиллах аман тохироонд хүрсэн л гэх. Ээлж дараалсан сюрпризийн удаах нь юу болохыг долоо хоногийн төгсгөл хүртэл харах л үлдэж байна.