Дуучин Кэти Перри экс нөхөр Рассель Брэндээс салснаас хойш хайр сэтгэлийн асуудалд нам гүм байсан ч саяхнаас хөгжимчин Жон Майертэй болзох болжээ. Хосууд уржигдар Нью-Йорк хотноо нэгэн ресторанд оройн зоог барихаар хамт ирсэн бөгөөд тэд хөх, цэнхэр өнгийн хувцсаар ижилссэн байжээ. Мөн дуучин Кэти Перри ямар нэгэн баяр тэмдэглэх гэж буй бололтой 21 жил хадгалсан 1000 ам.долларын үнэтэй “Laphroaig Single Malt” виски, ил захидлын хамт барьсан байсан аж. Үүнээс өмнө хосууд өнгөрсөн лхагва гаригт Нью-Жерсид болсон “Rolling Stones” хамтлагийн тоглолтын үеэр хамт харагдсан бөгөөд Жон Майер Кэти Перритэй дотно байдлаар чихэнд нь үг шивнэж байсан нь папараццид өртсөн байна.
Дуучин бүсгүй инээдмийн жүжигчин Рассель Брэндтэй 2008 онд танилцаж, 2010 онд Энэтхэгт хуримласан юм. Гэвч хосууд яг жилийн өмнө хоёр тийшээ болж, гэрлэлтээ цуцлуулсан билээ.
Б.АНХТУЯА