Спортод ардчилал хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Спортод ардчилал хэрэгтэй байна

АРДЧИЛСАН МОНГОЛ ОРНЫ СПОРТОД АРДЧИЛАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Олимпийн хорооны удирдлагыг олон ч жил буруу замаар явж байгааг хэлж сануулаад, засаж залруулах гээд тусыг эс олов. Нэлээдгүй хэдэн жил зүтгэсний эцэст 2008 онд МҮОХ (Монголын Үндэсний Олимпийн Хороо)-ны дүрмийг бидний хэдэн нөхөд шинэчлэн боловсруулж, Монголын түүхэнд анх удаа Олон улсын олимпийн хороогоор (ОУОХ) батлуулсан юм. Хэдийгээр манай Олимпийн хороо ОУОХ-нд 1962 оноос бүртгэлтэй боловч 2008 онд дүрмээ батлуулснаар олимпийн хөдөлгөөн дэх байр сууриа баталгаажуулсан билээ.

Бид 2008 оны дүрмийг боловсруулахдаа ОУОХ-ны Олимпийн харти хэмээх үндсэн хуульд аль болох нийцүүлэх, олимпизм, олимпийн хороо, спортын холбоод, аймаг, орон нутгийн олимпийн салбар байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, ардчилалтай болгох үндсэн зарчмыг баримталж, хуучинсаг нөхдийн эрх ашгаа хамгаалж үлдэх гэсэн хүчтэй эсэргүүцэл дунд ажилласан юм. Дүрэм боловсруулах ажлын хэсгийн 5 гишүүний 3 нь бидний шинэчлэлийг эсэргүүцэх зорилгоор орж ирсэн байлаа. Эзэндээ үнэнч энэхүү хэсэг өөрсдийн эрх ашгийн заалтуудаа авч үлдсэн ч шинэ дүрэм урагш нэгэн алхам болсон билээ. Ирэх 2012-2016 оны 4 жилийн Монголын спортын дүр төрхийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх МҮОХ-ны чуулганыг бидний боловсруулж батлуулсан шинэ дүрмээр зохион байгуулах болоод байна.

МҮОХ-ны дүрмийн дагуу тус хорооны Ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд спортын холбоодоос Чуулган эхлэхээс нэг сарын өмнө нэр дэвшүүлэх ёстой. Өмнө нь хэн нэр дэвших нь мэдэгдэхгүй байсаар хурлын өдөр ганцхан Д.Загдсүрэн гэдэг хүний нэр байдаг байлаа. Харин энэ жил дүрэм ёсоор эрт мэдэгдсэнээр одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн дахин сонгогдохоор, мөн өөр 2 хүн нэрээ дэвшүүлжээ. Д.Загдсүрэнгийн хувьд 2001 оноос хойш 11 жилийн турш Төрийн бус байгууллагын хууль зөрчин “орон тооны” гэдэг сайхан нэрийн дор МҮОХ-ны ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлын хэмжээгүй эрхийг эдлэн ажиллаж байгаа юм. Хуулийн дагуух бидний шаардлагыг үл ойшоон өөрийн бүрдүүлсэн хурлын төлөөлөгчдөөр өөртөө ашигтай шийдвэр гаргуулж ажилласаар даруй 10 гаруй жилийг өнгөрөөжээ.

Дараахь хэдэн хүчин зүйлсийг тооцож үзсэний үндсэн дээр Д.Загдсүрэн гуай дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн болов уу.

Нэг. Өнгөрсөн олон жилийн хугацаанд тэрээр өөрийгөө маш сайн ажилласан гэж дүгнэдэг. Өөрийн шүүмжлэл өөртөө зөв байж мэднэ. Өөрийн тойрон хүрээлэгчдээ маш сайн бүрдүүлж чадсан учир хурал дээр түүнийг магтан дуулагчид, түүнээс өчүүхэн тус хүртэгсэд хангалттай бий. Тус хүртэгсэд гадаадад томилолт болон олимп, Азийн наадам, бусад арга хэмжээнд зугаалах, мөн шилдэг холбоо, зүтгэлтнээр шалгарах, одон медалиар шагнуулах, мундаг тодорхойлолт хийж өгөх, гарын бэлэг хүртээх зэрэгт нь нэгэнт дасал болсоор ирсэн.

Хоёр. Монголын спортын хамт олон, спортын холбоод, аймаг орон нутгийг өөрийг нь дэмждэг, дэмждэггүйгээр нь “амжилттайгаар” хувааж чадсан. Маш олон спортын зүтгэлтнүүд ажил хийхгүй нөхдөөс залхсандаа давхар холбоо байгуулж ажиллах гэж цөхөрч байна. Монголд 20 орчим холбоод хоёроос дээш болж тасараад байна. Сагсан бөмбөгийн холбоо гэхэд бүр 3 нь ч холбоотой болсон байна лээ. Спорт бол сайн дурын үндсэн дээр, хүмүүсийн сонирхол дээр тулгуурлан хөгждөг тул спортын хамт олныг бүрдүүлэх, спорт холбоог хөл дээр нь зогсоох нь Олимпийн хорооны нэн тэргүүнд хийх ёстой ажил бөгөөд тэдний зохицуулалт маш чухал байдаг. Манай өнөөгийн удирдлага харин ч эсрэг ажилладаг гэхэд болно. Өөрт нь санал өгөх нь чухал болохоос холбоодын эв нэгдэл, хөгжлийг аль хэдийн гаргуунд хаясан. Харин 2012 оны 12-р сарын 19-ний хуралд өөрийг нь дэмждэг тэр хэсэг цуглаж түүний төлөө л саналаа өгөх байхаа.

Гурав. Үндсэн зарчмаараа бол орон нутагт олимпийн хорооны салбар зөвлөл бүх спортын холбоод, спортын хамт олонтой хамтран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүтэц байх ёстой. Уг нь Аймгийн спортын холбоод цуглаж төлөөлөгчөө сонгох, төлөөлөлөө хэрэгжүүлэх үүрэгтэй баймаар, тийм зүйл аймагт алга. Гэтэл хааяа нэг Улаанбаатарт ирж, Д.Загдсүрэнгийн төлөө санал өгдөг, томилогдсон нэг хүн байдаг. Түүнийг өөрчлөх ёсгүй гэдэг. Уг гарал нь ийм байхаар олимпийн хороо ямар ардчилалтай болохыг харуулж байна. Загдсүрэн өөрийг дэмждэг бүхэл бүтэн армийг аймаг, дүүрэгт бүрдүүлэн, ямар ил тод, нээлттэй биш ажиллаж байна.

Дөрөв. Нэгэнт спортын төлөө ажиллахгүйгээс хойш өнөөгийн албан тушаал нь түүний хувийн хөрөнгө, амьдрал ахуйгаа зузаатгах гол хэрэгсэл болсон юм. Тиймдээ ч тахин шүтэгдэж, дахин сонгогдохоор зүтгэж байна. Зөвхөн санал өгдөг нөхдийг өөрийн тойрон хүрээлэгч болгоод зогсохгүй МҮОХ-ны хянан шалгах зөвлөлийг 10 гаруй жил Ж.Баянцагаан гэгч нэг нөхрөөр толгойлуулж, хууль бус үйлдлүүдээ хаацайлсаар ирсэн юм. Олгой хагаравч тогоон дотроо гэсэн зарчмаар олон жилийн турш хурал дээр ил тодоор асууж тодруулах, сануулах гэж оролдож ирсэн бидний зүтгэл талаар болж ирсэн. Тэрээр хянан шалгах зөвлөлийг хууль бус үйлдлээ хамгаалах баталгаатай ар тал гэж тооцсон байдаг.

Тав. Хурал дээр зарчмын шаардлага тавьдаг, өөрийнх нь зүй бус үйл ажиллагааг нь сануулж хэлдэг хүмүүсийг МҮОХ-ны үйл ажиллагаанаас холдуулах, гишүүнчлэлийн асуудлыг нь бүдүүлгээр хөндөх, хүний эрхийг зөрчих үйлдлийг өөрийн бүрдүүлсэн тойрон хүрээлэгчдийн хамт хийж, хурал дээр бүгд ярсхийтэл гар өргөдөг нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн. Одоо ч түүндээ бүрэн найдаж байгаа болов уу.

Зургаа. МҮОХ-ны чуулганыг зохион байгуулах комиссийн 5 хүний 3 буюу Ц.Дамдин, Ж.Отгонцагаан, Д.Наранцэцэг нар нь олимпийн хорооныхоо аппаратын ажилчид бөгөөд ашиг сонирхолын зөрчил үүсгэж байна. Спортын холбоодын төлөөллөөсөө сонгож оруулсангүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нээлттэй нэр дэвшүүлэх бичгийг холбоодод өгөөгүй бөгөөд анхны чуулгандаа хэрэгжиж байгаа дүрмийг мэддэг холбоод, хүмүүс нь нэрээ дэвшүүлсэн байна.  

Дээрх маш товчхон мэдээллээс Та бүхэн манай олимпийн хорооны байдал саяхан шуугиан дэгдээсэн Энэтхэгийн олимпийн хорооны байдлаас ч хүндэрснийг харьцуулан мэдэж болно. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн олимпийн хороо Олон улсын олимпийн хорооны гишүүнээс хасагдаж, Энэтхэгийн тамирчид олон улсаас тусламж хүртэхгүй, олимп, Азийн наадамд үндэснийхээ далбаан дор жагсах эрхээ алдсан юм. Үүний шалтгаан нь хэрэгт холбогдсон нэр хүнд муутай болон олон жил дараалан сонгогдсон удирдлага.

ОУОХ-ны Олимпийн хартийн 27, 28-р зүйлийн 1.5 журам ёсоор үндэсний олимпийн хорооны удирдлага 8-аас илүү жил сонгогдон ажиллах ёсгүй юм.

Хэдийгээр манай “дарга” өөрийгөө дахин сонгуулахаар “амжилттай” ажилласан ч хууль, дүрэм зөрчиж, улмаар олимпийн тамирчдаа Монгол улсын далбаан дор жагсаахгүй нөхцөлд хүртэл хүргэх уршигтай гэдгийг ухамсарлах ёстой.

Ардчилсан Монгол орны спортод ардчилал хэрэгтэй байна.

МҮОХ-ны гишүүн Ч.Бат-Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж