Э.Амартүвшин “Риголетто”-г амилууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин “Риголетто”-г амилууллаа

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн бямба гаригт Дж.Вердийн “Риголетто” дуурийг тоглолоо. Дэлхийн алдарт хүн В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн “Риголетто” дуурийн анхны тоглолт 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венецид тавигдсан. Ордны алиа салбадай Риголеттогийн эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг сургамжит бүтээлийг анх 1987 онд Ё.Цэрэндолгор найруулагч монголчуудтай танилцуулжээ. Харин энэ удаад алиа салбадай Риголлеттод  Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшин тоглосноороо онцлог болсон юм. Тэрээр өнгөрсөн зун дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаа оролцон, сүүлийн шатны шалгаруулалтад Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттогийн ариг эгшиглүүлэн тэргүүн байрны шагналыг хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн дуурийн урлагт алтаар үнэлүүлсэн юм. Тиймээс түүний дэлхийн дуурийн урлагт Монголыг дуурийг тамгалсан бүтээлийг ийнхүү дэргэдээс нь үзэх ховорхон боломж тохиосон юм.

“Риголетто” дуурийн Риголеттогийн охин Джильдагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан, сопрано Н.Туяа, Герцог Мантуанскийд Соёлын тэргүүний ажилтан, тенор Ч.Түмэндэмбэрэл, Джильдагийн зарц Джиованнад Соёлын тэргүүний ажилтан, меццо сопрано  М.Дариймаа, хөлсний алуурчин Спарафучиллегийн дүрд басс Б.Алтанхуяг, Монтероне гүнд басс-О.Хүрэлбаатар, Маруллод  баритон Ч.Энхтайван, Борсад тенор Б.Гомбо-Очир, Чепрано гүнд басс Ч.Чинзориг нар тоглолоо. “Риголетто” дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх энэ үдэш дохин үзэгчдийн хүртээл болгосон юм.

Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөж буй үйл явдлын тухай өгүүлэх зохиолыг хөгжмийн хэлээр хүүрнэсэн хүн нь Дж.Верди. Ордонд вангийн итгэлийг олон бусдын атаархалын төрүүлсэн алиа салбадай Риголетто өөрийн аминаасаа ч илүү хайртай ганц  охиноо хар муу сана, өшөө хонзонгийнхоо бай болгон өөрийн захиалгаар бусдын гарт алдаж буй тухай өгүүлдэг юм. Дуурийн гоцлооч Э.Амартүвшин энэ дүрийг маш чадварлагаар тайзнаа амилуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар хэдэнтээ шагнуулсан. Риголеттог дуурийн ариг 40 гарч, хоолойгоо нэлээд суулгаж байж дуулдаг дуурийн томоохон аринуудын нэг гэж урлагийнхан тодорхойлдог. Харин Э.Амартүвшин 26 насандаа энэ дуурьд тоглоод байгаа бөгөөд үзэгчдээс болон мэргэжил нэгтнүүдээсээ өндөр үнэлгээ аваад байгаа юм. Тиймдээ ч түүнийг дэлхийн дуурийн урлагийн амьд домог гэгддэг Доминго өөрийн нэрэмжит тэмцээний хоёрдугаар шатанд дуулсан “Риголетто”-гын ариг шийдвэрлэх гуравдугаар шатандаа дахин дуулуулахаар өөрөө санал болгосон гэдэг. Тэрээр Э.Амартүвшинг цэл залуудаа ийм хүнд ариг чадварлаг амьдруулсныг нь гайхаж байсан аж.  Магадгүй түүний бусдаас ялгарах гарц гэж үзсэн болов уу.

Мөн дуурийн гоцлооч Э.Амартүвшин сонгодог урлагийн “олимп” гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд Риголеттогийн ариг дуулсан нь үзэгчдийг уйлуулсан гэдэг.  Тэрээр тус уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. “Риголетто” бол хөгжмийн зохиолч Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг бөгөөд дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг юм.

Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч Э.Амартүвшингийн хувьд 2009 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч, УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Хэрмэл жүжигчид” дуурийн Тонио, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, “Ламбугайн нулимс” дуурийн Лодон, “Аида” дуурийн Амонасрогийн дүрийг бүтээжээ. Өнгөрсөн улиралд анх удаа Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрийг тайзнаа амилуулсан бөгөөд өнгөрсөн бямба гаригт дахин өвгөн салбадайн эмгэнэлт түүхийг эгшиглүүллээ.

Г.ДАША

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж