Судалгаагаар гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо 100 мянгыг давсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд 2000 гаруй иргэн саналаа өгсөн нь хангалтгүй үзүүлэлт. Үүнд журам нэлээд хатуудсан байх талтай гэж үзжээ. Тиймээс гадаад дахь монголчуудын саналыг авахын тулд долоо хоногийн хугацаа өгөх. Дээр заасан хугацаанд хамгийн боломжтой өдөр нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгөх боломжоор хангах ёстой хэмээн үзжээ. Мөн шуудангаар дамжуулж саналыг нь авах боломжийг эрэлхийлэх ёстой гэсэн санаа ч гарсан аж. Ингээд эцэст нь УИХ-ын сонгуультай холбоотойгоор гаргасан гадаад дахь монголчуудын саналыг авах журмыг өөрчлөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран боловсруулах ёстой хэмээн үзжээ.
Харин сэтгүүлчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авсан юм.
-УИХ-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намын бүлэгт орох асуудлаар саналаа хүргүүлсэн байгаа юу?
-Өнөөдөртөө Д.Арвин гишүүн МАН-ын гишүүн. Бусад намын гишүүдийн өмнөөс Ардчилсан намын гишүүн юм ярьж болохгүй. Д.Арвин гишүүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөснийх нь дараа бүлгийн даргын хувиар баяр хүргэсэн.
-Хэрвээ УИХ-ын гишүүн Д.Арвин танай намын бүлэгт элсэх саналыг албан ёсоор гаргавал та бүхэн хүлээж авах уу?
-Манай нам өөрийнхөө үндсэн дүрэмд яаж гишүүн элсүүлэх, яаж гишүүнээс чөлөөлөх талаар заасан байгаа. Тэр журмынхаа дагуу л асуудлыг шийднэ.
-Өнгөрсөн жилүүдэд болж байсан үйл явдлыг харахаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нам байгуулаад Ардчилсан намаас явсан ч, эргээд ороод ирсэн.
-Ц.Шинэбаяр гишүүн намаасаа гараад л явсан. Одоо Ц.Цолмон гишүүн МАХН-д элслээ. Д.Арвин гишүүн Ардчилсан намд элсэх нь гэсэн мэдээлэл бас цацагдах боллоо. Дэгийн тухай хуулиар энэ асуудлыг зайлшгүй зохицуулах шаардлагатай гэж харж байгаа юу?
-Дэгийн тухай хуульд зайлшгүй зохицуулах шаардлагатай нэг зүйл бий. Тухайн нам, эвсэл сонгуульд ямар субьектээр орсон, УИХ-д орсныхоо дараа хэрвээ нам эвсэл задрах, тарах юм бол намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг ямарваа нэгэн байдлаар хуульчлах ёстой юм аа гэдэг дээр олон гишүүн санал нэгдэж байгаа. Шаардлагатай гэвэл энэ хуулийн төслийг өргөн барихад бид бэлэн байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулна гэж төсөлд тусгагдсан. Яг хэдэнд болох вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр гэсэн байгаа. Хэрвээ бид эл хуулийг энэ долоо хоногт баталж чадвал ирэх зургадугаар сарын 20-доор Ерөнхийлөгчийн сонгууль болно гэсэн тооцоолол байна.
-Засгийн газраас гаргасан “Чингис бонд”-ын байршил тодорхойгүй байна гэсэн шүүмжлэл гарах боллоо. Бонд гаргахаасаа өмнө Техник эдийн засгийн үндэслэлүүдээ гаргах боломж байгаагүй юм уу. Өдөр өнгөрөх тусам хүү бодогдоод яваад байдаг?
-Ер нь Засгийн газраас анх гарсан санал бол 5 тэрбум ам.долларын бонд. Монгол Улсын их бүтээн байгуулалтад хүлээгдэж байгаа гүйцэтгэл нь энэ хэмжээнд хийгдэх юм байна гэсэн үндэслэлээр гарч ирсэн гэсэн үг. Одоо 1.5 тэрбумаар тодорхойлогдож байгаа, эхний ээлжинд. Ер нь Монгол Улсын бүтээн байгуулалтын их ажил хавраас эхэлдэг. Хавраас эхлэх бүтээн байгуулалтад бид нухацтай хандаж байж, зөв төслүүдийгөө оруулахад цаг хугацаан дээр алдах юм байхгүй. Энэн дээр ямар нэг онцгой эрсдэл хүлээхгүй гэдэг дээр Засгийн газар найдвартай ажиллаж байгаа гэж ойлгож болно.
-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг автомат машинаар явуулахгүй гараар тоолъё гэсэн байр суурийг тавьж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг ямар арга хэмжээнд оролцож болох, болохгүй вэ гэдгийг тодруулах шаардлагатай гэсэн. Үүнд Ардчилсан намын бүлэг ямар байр суурь баримталж байна вэ?
-Улстөрийн намуудад Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга бүгд очсон. Хэрвээ үнэхээр энэ хуулийг өөрчилье гэсэн чин хүсэл байгаа бол бүх улстөрийн намууд бүгдээрээ оролцоно гэж найдаж байгаа. Хоёрдугаарт, зарчмын зөрүүтэй олон санал гарна аа гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа, энэ төсөлтэй холбоотойгоор. Үүнийг нь хүндэтгэж ажиллах ёстой гэдэгтэй бид санал нэг байгаа.
Ер нь нэг зүйлийг хэлэхэд олсон ололтоосоо ухрана гэдэг зарчим дээр бид хэзээ ч зогсож болохгүй. Шуудхан хэлэхэд техник технологийн дэвшлийг ашиглах ёстой байтал гараар тоолох нь найдвартай гээд ухрах үйлдэл хийх нь Ардчилсан нам энэн дээр хэзээ ч санал нэгдэхгүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа байх. Үүнтэй нэгэн адил ард түмэн ч санал нэгдэх нь юу л болдоо.