Суперуудын тулаанд Драксич түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Суперуудын тулаанд Драксич түрүүлэв

Жүдочдын энэ оны сүүлчийн тэмцээн ОХУ-ын Тюмен хотод өндөрлөлөө. Энэ бол 66 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын халз барилдаан байв. Оросын жүдо бөхийн холбооноос санаачлан олон улсын жүдогийн холбоотой хамтран зохион байгуулсан уг тэмцээнд чансаа өндөртэй 16 жүдоч оролцох байлаа. Гэвч тодорхой шалтгааны улмаас Монголын Х.Цагаанбаатар, Казахстаны Сергей Лим, Испанийн Сугои Уриарти, Азербайжаны Тарлан Каримов, Унгарын Миклос Унгвари, Оросын Муса Могушков, Словенийн Рок Драксич гэсэн долоон жүдоч л хоорондоо халз барилдсан юм. Түрүүлсэн тамирчин 30 мянган евро халааслах уг барил­даан жүдо сонирхогчдын анхаарлыг нэлээд татсан бөгөөд Тюмень хотын жүдогийн ордон үзэгч ихтэй байжээ. Тэмцээний мэдээллээс хүргэе.

Х.ЦАГААНБААТАР ЯЛАГДАВ

Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар олимпоос хойш тун дажгүй формтой байлаа. Гэхдээ тэрээр оролцсон хоёр тэмцээндээ өөрийн үндсэн жиндээ барилдаагүй юм. Токиогийн “Их дуулга”-д 73 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн. Харин үүнийхээ дараа Чежүгийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд бүр 81 кг-ын жинд зодоглон хүрэл медалийн эзэн болсон нь түүнийг сайн формтой байсныг илтгэх биз. Х.Цагаанбаатар эхний тойрогтоо уг тэмцээний аварга Словенийн тамирчин, Европын аварга Рок Драксичтай барилдсан. Хоёр тамирчин үндсэн болон нэмэлт цагт оноо авалцаагүй. Улмаар шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулахад словен жүдочид ялалтыг өгсөн байна. Уг тэмцээнээс өмнө Цагаанаа, Драксич хоёр хоорондоо гурван удаа таарч барилдахад манай бөх гурвууланд нь ялж байжээ. Оны сүүлчийн тэмцээндээ ийнхүү оролц­сон Х.Цагаанбаатар, бэлтгэл хангагч Д.Төмөрхүлэг нар өнөөдөр эх орондоо ирэх юм. Энэ удаагийн тэмцээний өмнө Х.Цагаанбаатар хэт их жин хассан нь амжилтад нөлөөлсөн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Цагаанаагийн хувьд жингээ үзүүлэхийн өмнө 71 кг байжээ. Харин яг тэмцээн эхлэхэд 67 кг болтлоо жингээ хассан хэмээн Оросын сайтад дурдсан байна. Магадгүй энэ нь амжилтад сөргөөр нөлөөлсөн байж болох юм.

66 КГ-ЫН ЖИНГИЙН ШИЛДГҮҮДИЙН АВАРГА РОК ДРАКСИЧ

Оросын Тюмень хотод болсон уг тэмцээний аваргаар Словенийн жүдоч Рок Драксич тодров. Долоон жүдоч оролцсон энэхүү тэмцээнд тэрээр эхний тойрогт дээр дурд­санчлан манай бөх Х.Цагаанбаатарыг шүүгчдийн сана­лаар буулгаж авсан. Улмаар Унгарын бөх Миклос Унгвариг хожиж, финалд Испанийн Сугои Уриартиг ердөө 20 секундийн хугацаанд цэвэр шидэж аваргалан алтан медалийн хамт 30 мянган евро халааслажээ. Тэрээр уг барилдааны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би энэ тэмцээний аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан. Монголын Цагаанбаатарыг л ялчих юм бол би өөрийгөө энэ тэмцээний аварга болно гэж бодсон. Яагаад гэвэл тэр маш сайн бэлтгэлтэй байгаа. Найман минутын турш Цагаан­баатартай барилдахад үнэхээр хүнд байлаа. Тэр хэзээд хэцүү өрсөлдөгч байдаг. Ямар ч байсан эцсийн мөчид ялалт миний талд гарсан” гэж ярьжээ. Түүний хувьд үндсэн жиндээ орохын тулд таван кг хассан байна. Тэгвэл Драксичийн тухай Оросын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Эцио Гамба “Драксич залуу тамирчин учраас цаашид олон тэмцээнд аваргалах болно. Тэр үргэлж өөртөө итгэлтэй байдгаараа бусад жүдоч­доос ялгаатай” хэмээн хэлжээ.

ОРОСУУДЫН БАХАРХАЛ МОГУШКОВ

Нутаг дээрээ зохион байгуулж буй чансаа өндөртэй тэмцээнд оросууд шилдэг бөх Муса Могуш­ковтоо итгэл хүлээлгэж байсан нь тодорхой биз. Олимпийн наадамд амжилттай оролцож чадаагүй тэрээр энэ удаагийн тэмцээнд нэлээд ач холбогдол өгч, бэлтгэл сургуу­лилтаа ч тусгайлан хийжээ. Тиймээс зохион байгуулагч орныхон түүнийг түрүүлнэ гэдэгт итгэл төгс байв. Могушков эхний тойрогтоо Азер­байжаны бөх Тарлан Каримовыг илүүрхэж ялсан. Гэвч хагас шигшээ барилдаанд Испанийн Сугои Уриар­тед цэвэр ялагдлаа. Уг тэмцээнээс өмнө энэ хоёр бөх хоорондоо таван удаа таарч барилдахад бүгдэд нь Могушков илүүрхэж байв. Харин Уриартегийн хувьд анх удаа дэлхийн аварга Могушковыг дэвжээн дээр нь буулгаж авлаа. Аваргын төлөө барилдах боломжоо алдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын бөх Миклос Унгварыг буулгаж авсан Могушков 66 кг-ын жинд өөрийн карьераа ийн дуусгаж байна. Тэрээр ирэх оноос жин өгсч 73 кг-д барилдахаар болж байгаа ажээ. Могушков энэ талаар ярихдаа “Бүх зүйл тэгээс эхэлнэ. Надад тийм ч амар байхгүй болов уу. Гэхдээ би бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж, амжилт үзүүлэх болно” гэжээ. Харин Оросын шигшээ багийн дасгалжуу­лагч Эцио Гамба хэлэхдээ “Лондоны олимпод Могушков амжилт үзүүлж чадаагүй. Тиймээс түүнд нэг хэсэг маш хэцүү байсан. Яагаад гэвэл олимпоос медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан юм.  Бид Могушковт л илүү найдвар тавьж байлаа. Харин тэр маш эрт олимпийг дуус­гасан. Түүндээ ч их гутарсан. Олим­пийн дараа тэр эргэн ирэх гэж богино хугацаанд хэцүү замыг туулсан. Ирэх жилээс 73 кг-ын жинд барилдана. Бүх зүйлээ дахиад эхнээс нь эхлүүлэх учраас тийм ч амар байхгүй болов уу” гэж ярьжээ.

ЗАРИМ ЖҮДОЧ ОРОЛЦООГҮЙН ШАЛТГААН

Уг тэмцээний тухай зар анх гарахад 66 кг-ын жингийн шилдэг 16 жүдоч гэж байв. Мөн Ази тивийг төлөөлж Монгол, Япон, Солонгос, Казахстаны жүдочдод албан ёсоор урилга хүргүүлсэн байна. Гэвч тодорхой шалтгааны улмаас Солон­госын тамирчин оролцохгүй гэдгээ эрт мэдэгджээ. Харин Японы хоёр шилдэг жүдоч оролцохоор бэлтгэлээ базааж байсан ч Масаши Эбүнами бага зэргийн бэртэл авснаар шилд­гүүдийн тулааныг өнжихөөр болжээ. Харин Моришита Жүнпейгийн оролцохгүй болсон шалтгаан нь тодорхой бус байгаа юм. Тэгвэл Лондоны олимпийн аварга Гүржийн Лаша Шавдашуали тэмцээнд оролцо­хоор ОХУ-д ирсэн боловч бэртэл нь сэдэрсний улмаас шилдгүүдийн халз барилдааныг үзэгчийн суудлаас сонирхсон байна. Тэрээр “Би энэ тэмцээнд оролцохыг маш их хүссэн. Харамсалтай нь олимпийн дараа авсан бэртэл маань сэдэрсэн. Хэрвээ би барилдсан бол хоосонгүй л байх байсан болов уу” хэмээн ярьжээ.

Мөн Франц, Бразилийн жүдо бөхийн холбооноос оросуудын урилгад хариу өгөөгүй байна. Харин Оросын шилдэг жүдочдын нэг Алим Гаданов тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө оролцож чадахгүй болсноо албан ёсоор хэлжээ. Гэхдээ шалтгаан нь тодорхой бус байгаа юм.

66 кг-ын жингийн шилдэг жүдочдын халз барилдааныг зохион байгуулна гэсэн зарлал гарснаас хойш тасалбар нь эрэлт ихтэй байсан аж. Суудлаасаа хамаарч 75-150 еврогийн үнэтэй байсан ч Тюмень хотын жүдогийн ордон битүү үзэгчтэй байсныг Оросын жүдогийн албан ёсны сайт болон спорт-экспресс, евроньюс зэрэг спортын мэдээллийн сайтууд онцолсон байна.

Б.МӨНХЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж