Энэ талаар нэр дэвшигч Н.Төмөрхүүгээс тодруулахад “Би одоогоор энэ талаар яримааргүй байна. Юу ч хэлэхгүй” гэлээ. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодруулахад “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга байна” гэсэн тайлбар өгсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт АН, МАН хоёр нам “тохиролцож”, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх байсан ч Д.Зоригт өөрийн хүсэлтээр тангараг өргөхөөс татгалзсан юм. Д.Зоригт “Өвөрхангай аймгийн нэр дэвшигчдээ хүндэтгэж, МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг хууль зөрчөөгүй гэдгийг нь шүүхийн байгууллагаар тогтоогдвол тангараг өргөх байх” гэсэн мэдэгдлийг өгч байсан юм. Тус тойрогт АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн хууль зөрчиж, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд нэмэмжлэл гаргасан. Энэхүү нэмэжлэлийн дагуу шүүхийн процесс явагдаж байгаа бөгөөд хэрэв С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын хэн хэн нь хууль зөрчөөгүй гэж үзвэл хэн нэг нь УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжтой болох юм.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзсан талаар албан ёсны мэдээлэл алга байна” гэлээ. Өвөрхангай буюу УИХ-ын 10-р тойргийн хороо татан буугдсан ч 10-р тойргийн хорооны дарга н.Гончигдоржоос тодруулахад “Мэдэгдсэн зүйл алга байна. Хэрэв нэр дэвшигчээс татгалзвал эхлээд намдаа эвсэл СЕХ-нд мэдэгдэх байх. Тойргийн хороо татан буугдсан учраас бидэнд мэдээлэл ирээгүй” гэлээ.
Ямартай ч С.Чинзориг тангараг өргөнө гэсэн нь үнэний ортой болж байна. Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзаж байгаа эсэхийг албаныхан үгүйсгэж байгаа юм. Гэвч Н.Төмөрхүүг түдгэлзүүлэх “тохиролцоонд” хүрч, С.Чинзориг тангараг өргөх гэж байгаа гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч байна.