Хөрөнгийн зах зээлд хоёр дахь давалгаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлд хоёр дахь давалгаа эхэллээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын хөрөнгийн биржийн Арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц систем хүлээн авах ёслолд оролцлоо. Засгийн газраас Монголын хөрөнгийн зах зээлийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилт тавьж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги болон менежментийн түвшинд хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, хяналт, хадгаламжийн цогц шийдэл бүхий "Милленниум АйТи" системийг дотоодын зах зээлд нутагшуулан өнөөдөр албан ёсоор хүлээн авч байгаа юм. Системийг өнгөрөгч долдугаар сараас хойш туршилтаар ажиллуулсан ба энэ хугацаанд манай мэргэжилтнүүд, брокер диллерийн компаниуд хангалттай дадлагажиж чадсан байна. Бусад оронд хэдэн арван жилээр хөгжүүлэн жигдрүүлдэг энэ тогтолцоонд манай улс ердөө 18 сарын дотор бүрэн шилжсэн нь том амжилт болохыг Лондонгийн хөрөнгийн бирж группын стратеги хариуцсан хариуцсан захирал ноён Дэвид Лэстэр тодотгож байв.

Санхүүгийн тогтолцоонд сул байр суурьтай явж байсан хөрөнгийн зах зээлд өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүр оролцон ашиг шимийг нь хүртэх боломж бүрдэж байгааг шинэ системийн нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхий сайд онцоллоо. Хорь гаруй жилийн өмнө манай иргэд хувийн өмчтэй болж, хувьцааг эргэлтэд оруулах биржийг Монголд анх нээн ажиллуулж байлаа. Гэвч зах зээлийн тогтолцоонд шилжих эхэн үеийн чадамж сул нөхцөлд хувьцааны цэнхэр, ягаан тасалбар үнээ алдаж, хөрөнгийн зах зээлд итгэх ард иргэдийн итгэлийг алдагдуулсан нь түүхэн үнэн. Харин өнөөдөр ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллах, тодруулбал арилжаа болон төлбөр тооцооны бүх мэдээллийг бүртгэн хянах, найдвартай хадгалах, банк шиг өсгөн арвижуулах цогц үйл ажиллагаа эхэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн энэ явдлыг зах зээлийн өнөөгийн тогтолцоонд Монголын хөрөнгийн бирж олон улсын стандартын дагуу ажиллах хоёр дахь давалгаа хэмээн тодотгож, иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгөө арвижуулах эдийн засгийн том талбар гэж харж байгаагаа хэллээ. Тэрбээр Монголын ард түмний хөрөнгө улам арвижих болтугай хэмээн ерөөгөөд арилжааг нээн цан цохилоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж