Д.Эрдэнэбат: Д.Арвин өнөөдөртөө МАН-ын гишүүн

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Д.Арвин өнөөдөртөө МАН-ын гишүүн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Үүнд нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцсэн байна. Энэ хүрээнд гадаад дахь монголчуудыг уг сонгуульд идэвхитэй оролцуулахын тулд өмнөх журмыг хөнгөвчлөх шаардлагатай гэсэн шийдэлд хүрчээ.

Судалгаагаар гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн тоо 100 мянгыг давсан. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд 2000 гаруй иргэн саналаа өгсөн нь хангалтгүй үзүүлэлт. Үүнд журам нэлээд хатуудсан байх талтай гэж үзжээ. Тиймээс гадаад дахь монголчуудын саналыг авахын тулд долоо хоногийн хугацаа өгөх. Дээр заасан хугацаанд хамгийн боломжтой өдөр нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өгөх боломжоор хангах ёстой хэмээн үзжээ. Мөн шуудангаар дамжуулж саналыг нь авах боломжийг эрэлхийлэх ёстой гэсэн санаа ч гарсан аж. Ингээд эцэст нь УИХ-ын сонгуультай холбоотойгоор гаргасан гадаад дахь монголчуудын саналыг авах журмыг өөрчлөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтран боловсруулах ёстой хэмээн үзжээ.

Харин сэтгүүлч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас УИХ-ын гишүүн Д.Арвин Ардчилсан намын бүлэгт орох асуудлаар саналаа хүргүүлсэн эсэхийг лавлахад “Өнөөдөр Д.Арвин гишүүн МАН-ын гишүүн. Бусад намын гишүүдийн өмнөөс Ардчилсан намын гишүүн юм ярьж болохгүй. Д.Арвин гишүүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөснийх нь дараа бүлгийн даргын хувиар баяр хүргэсэн” гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Д.Арвин танай намын бүлэгт элсэх саналыг албан ёсоор гаргавал та бүхэн хүлээж авах уу гэсэн асуултад тэрбээр “Манай нам өөрийнхөө үндсэн дүрэмд яаж гишүүн элсүүлэх, яаж гишүүнээс чөлөөлөх талаар заасан байгаа. Тэр журмынхаа дагуу л асуудлыг шийднэ” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж