УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдлаа. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа энэ үед УИХ дахь МАН-ын гишүүдийн хурлаар дээрх хуулийн төслийг хэлэлцсэн байна. Тэрхүү хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-ны үеэр зохион байгуулахаар тусгасан. Үүнийг МАН-ын гишүүдийн зүгээс эсэргүүцэж байгааг УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн ахлагч Н.Энхболд онцоллоо. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын дотор өөрчилж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж, АН энэ удаад ч сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Мөн гараар тоолох, нэр дэвшигчдийг шалгаруулах, сонгуулийн сурталчилгааны хугацаа зэргийг хуулийн төсөлд тусгасны дагуу судалсан. Гэхдээ УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааны үеэр бид өөрсдийн саналаа илэрхийлэх болно. МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг өмнөх байдлаар буюу 10 сая хүртэл, нэр дэвшигчийг зардлыг хуулиар зохицуулах, Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох зэрэг саналтай байгаа. Тиймээс өөрсдийн байр суурийг байнгын хорооны хуралдаан болон хуулийг хэлэлцэх явцад илэрхийлэх болно” гэлээ.
МАН-ын гишүүн Н.Энхболдоос цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногт тангараг өргөсөн Д.Арвин гишүүн АН-д элсэх нь гэсэн яриа гараад байна. Энэ талаар намын удирдлагуудад мэдэгдсэн зүйл байгаа юу?
-Д.Арвин гишүүн намаасаа гарах, Ардчилсан намд элсэх талаар ярьсан зүйл байхгүй. Өөрөө ч энэ талаар мэдэгдээгүй, намаас гарах талаар мэдэгдээгүй. Гадуур яригдаж байгаа шиг Д.Арвин намаасаа гарч, АН-д элсэх гэж байгаа гэдгийг албан ёсоор хэлье, тийм зүйл болохгүй.
-Өмнө нь МҮАН-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элссэн. Одоо Д.Арвин гишүүн намаасаа гарах талаар яригдаж байна. Эвсэл задарвал жагсаалтын гишүүд яах вэ зэрэг асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах боломж бий юу?
-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу зохицуулалт байхгүй. Ийм асуудлууд гарч байгаа учраас цаашид хууль эрхзүйн хүрээнд зохицуулах шаардлага ч гарч байгаа юм. Тиймээс зохицуулалтыг хийх хэрэгтэй.
Ш.ЧИМЭГ