“Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана”

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

“Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан бүлгийн саналыг дэвшүүлж, хуулийн хэлэлцүүлгийн шатанд бүлгээс оруулах санал, дүгнэлтийг хэлэлцжээ. Мөн Засгийн газрын 1,5 тэрбум ам.долларын бондын хэрэгжүүлэлт, хөрөнгө оруулалт зэргийг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Чулуунбат, Сангийн сайд Ч.Улаан нараас тодруулсан байна.  Түүнчлэн Гаалийн  тарифийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус бүлгийн зүгээс тухайлан санал гаргаагүй. Гэхдээ энэхүү хуулийн төслийг тус бүлэг дэмжсэн байр суурьтай байгаа аж.

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Энэ долоо хоногт “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл  хуралдана. Тэр хурал дээр засгаас гарах асуудлыг хөндөх байх. Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр зөвхөн МАХН-ын гүйцэтгэх товчооны шийдвэр гэдгийг онцлон хэлмээр байна. Хамтарсан Засгийн газраас гарах эсэхийг МҮАН-МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхиор шийдвэрлэнэ. Мөн УИХ-ын нэг гишүүний асуудлыг эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар ярина. Гэхдээ яг хэзээ гэдгийг нь тодорхой мэдэгдээгүй байна.

-Бондын мөнгөөр хөрөнгө оруулах төсөл Эдийн засгийн хөгжлийн яаманд байна уу, бондыг ямар чиглэлээр ашиглах вэ?

-Эхний ээлжинд дэлгэрэнгүй мэдээлэл авч байна. Бондын хүү  төлөгдөөд явж байна. Техник эдийн засгийн үндэслэл бүхий ямар төсөл хөтөлбөрийг  манай яам хэрэгжүүлэх үү гэдэгт анхаарал хандуулж байгаа.  Төслийг хэрэгжүүлэх ямар гадаад дотоодын компани байна. Төслийг ямар шат дарааллаар  шалгаруулах вэ гэх мэтчилэн мэдээллийг бүлгийн хурлын үеэр  сонслоо. Бүлгийн хурал дээр сонсгосон мэдээллээр бол Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөл ажиллах юм байна.  Төсөл хөтөлбөрийг Эдийн засгийн хөгжлийн яамд төвлөрүүлнэ.  Тэндээс ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг бодлогын зөвлөл рүү оруулаад дэмжвэл түүнийг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулна. Дараа нь УИХ-д танилцуулгаар хүргүүлэх  юм. Бүлэг бүх зүйлийг сонсоод орхихгүй. Хоног тутамд хүү тооцоогдож байгаа учраас УИХ Засгийн газрыг бүрдүүлж байгаагын хувьд хариуцлагатай бодит шүүмжлэлийг өрнүүлэх, дэмжих байр сууринаас ажиллах ёстой гэж манай гишүүд үзэж байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр  эл асуултыг сайд нараас асуусан. Нэр зааж хэлсэнгүй. 100 орчим төслөөс 30 гаруй нь техник эдийн засгийн үндэслэл бүхий төсөл байгаа гэсэн мэдээлэл байна. Уул уурхай, барилга, төмөр зам, авто зам, эрчим хүч зэрэг салбарт  хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж