-Та Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг яаж харж байгаа вэ?
-Миний хувьд өнгөрсөн сонгуулиас хойш амьдралыг өөдрөгөөр хардаг болсон. Аливаа зүйлд идэвхтэй оролцох юмсан гэсэн хүсэл, одоо л нэг амьдрал сайхан болох нь, гэрэл гэгээ харагдах нь, их том бүтээн байгуулалт хийгдэх нь гэсэн итгэл, урам зориг бий болж байна. Одоогийн Засгийн газар зоригтой, өөдөө тэмүүлсэн, урагшаа харсан бодлогын алхмуудыг хийж эхэлж байгаад би их талархаж байгаа. Уг нь аль эрт энэ бүхэн хийгдээд үр дүнг нь амсаад явж байсан ч бид дүлэгнэсээр цаг хугацаа, бас их мөнгө алдсан. Төр бол буяны байгууллага биш. Урагшаа харж юм хийдэг, зоригтой дайчин, ард түмнээ уриалан дууддаг, нийгмээ хөтөлж авч явдаг байх ёстой.
Одоогийн төр үүнийг хийх гээд байгааг дэмжиж байгаа. Ер нь гэр бүлдээ, цаашлаад эх орондоо нэмэр тус больё, хэрэгтэй хүн нь байя гэвэл хүн бүр хариуцлагаа ухамсарлаж, өмнөх ажлаа сайн хийхэд болно.
-МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярт гурван шатны шүүхээс ял оноолоо. Үүнийг хэлмэгдүүлэлт хэмээн эсэргүүцэх нэг хэсэг байхад нөгөө талдаа хууль зөрчсөн л бол хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Харин та үүнийг аль талаас нь харж байна вэ?
-Н.Энхбаяр гэдэг хүнд хийсэн сайн зүйлс олон бий. Их ч олон том ажлыг эхлүүлж, хийж хэрэгжүүлснийг монголчууд бүгд мэднэ. Гэхдээ түүнд хийхээс өөр арга байхгүй. Ингэ гэж л ард түмэн түүнийг сонгож төрийн бүхий л өндөр албан тушаалд суулгасан. Үндсэн хуульд заасан байгаа. Ерөнхийлөгч байна уу, иргэн байна уу, хэн нь ч байсан хамаагүй нас хүйс, шашин шүтлэг хамаарахгүйгээр хууль адилхан үйлчилнэ гэсэн зарчим байгаа шүү дээ. Түүнээс биш УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан гээд “харж үзье” гээд хуулийн зүйл заалтаа хэрэгжүүлдэггүй тийм нийгэм рүү орвол бид хууль гаргаад яах юм. Хуульгүй байсан нь дээр. Дэлхийн бусад бүх оронд ч адилхан. ОХУ, Франц, Америкийн ерөнхийлөгчид хууль өөрөөр үйлчилнэ гэсэн функц хаана ч байхгүй.
Төрийн ажил хийх явцдаа алдаа гаргаад тодорхой хуулийн эрхзүйн заалтыг зөрчсөн бол хариуцлага хүлээх л ёстой. Түүнээс хэн байх нь ямар хамаатай юм бэ. Тэгээд ч энэ олон хуулийг бараг өөрөө гардаж хийсэн байх шүү.
Манай том дарга нар ярьдаг даа. “Ард иргэд ээ, та бүхэн хуулиа сахь, хуулиа биелүүл, хүн бүрт тэгш эрхтэйгээр хууль үйлчлэх ёстой” гээд индэр дээрээс байнга л хэлдэг биз дээ.
Тэгэхээр нэгэнт хэрэг хийсэн бол түүнийг нь холбогдох хууль хяналтын байгууллагаас баримтаар нотолсон бол хариуцлага хүлээлгэх л ёстой. Гэтэл энэ нам гараад ийм юм боллоо, энэ нөхөр намайг ингэлээ гэж улстөржүүлээд заваараад эхэлбэл хуультай байгаад яах юм.
Энд хууль үйлчилдэг, тэнд үйлчилдэггүй бол хууль, цэрэг, цагдаагаар яах юм бэ. Дээр үеийн америк кинонд гардаг шиг хүн бүр гар буутай, түүгээрээ дургүй хүргэсэн хүн рүүгээ буудаад явж байя л даа. Төрт ёс гэдэг бол хуулиа эрхэмлэн сахидаг, чандлан биелүүлэхийн нэр шүү дээ. Тэр Итали, Америкийн ерөнхийлөгч, Украины ерөнхий сайд байсан эмэгтэйг хар. Энэ бол хууль хэнд ч тэгш үйлчилдэгийн том жишээ.
Шүүх эцсийн шийдвэрээ гаргасан бол түүнийг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. Манайхан энэ асуудлыг хэт улстөржүүлээд байна. Хуулийг улстөржүүлнэ гэдэг бол хамгийн аймшигтай зүйл. Би өчигдөр нэг сонин уншихад Н.Энхбаяр даргыг умгар жижигхэн өрөөнд хориод хэнтэй ч уулзуулдаггүй, оруулдаггүй, гаргадаггүй гэж бичсэн байна лээ. Үүнийг өрөвчхөн сэтгэлтэй юмны учир начир сайн олдоггүй хүмүүс ойлгохгүй, тийм л юм байна гэж бодно. Гэтэл бодит байдал дээр арай өөр дүр зурагтай байгаа юм.
Би саяхан биеийн байдлаас шалтгаалж хоёрдугаар эмнэлэгт хэвсэн. Гэр бүлээс нь эхлээд намын нөхөд нь орж гараад явж л байна лээ шүү дээ. Сонин дээр бичсэн шиг тэр 00-ын өрөө биш шүү, найз нар аа. Намайг худлаа ярьж байна гэвэл сэтгүүлч нарыг аваачаад үзүүлье. Ямар орчинд, ямар хоол унд идэж, ямар эмчилгээ хийлгэж байгааг ард түмэнд үзүүлчихье л дээ.
Би гайхаад байгаа юм. Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргачихаад байхад хэн нь эмнэлгийн тансаг өрөөнд хэвтээд байдаг. Энэ хүнийг хэн гэж дуудах ёстой вэ. Гурав дахь Ерөнхийлөгч өө гэх үү, МАХН-ын дарга аа гэх үү. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд ялтан шүү дээ. Цагдаагийн хуучин удирдлагуудаар жишээ авья л даа. Тэд ч мөн эрүүл мэндийн асуудалтай ялаа эдэлж байна шүү дээ. Манайхан юмыг сонин болгоод байгаад асуудал байгаа юм. Би хүний мууг үзэх гээд байгаа юм биш шүү. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Сүүлдээ энэ хүнийг гадаад явуулахгүй бол болохгүй гэсэн мессэж гарч ирлээ. Тэгвэл бид бүгдээрээ л ийм байя л даа. Төр хүчтэй байя, ирээдүйгээр харья, бүх зүйл ном журмынхаа дагуу явья гэвэл хууль нь хүчтэй, хууль нь шударга байх ёстой. Үүнийг иргэд нь мэдэрдэг ийм эрх тэгш орчин, нийгэм байхгүй бол төр оршин тогтноход бэрхшээл үүснэ.
-Н.Энхбаярыг “хэлмэгдүүллээ” гэдэг шалтгаанаар МАХН-ынхан засгаас гарна гэдэг асуудал багагүй шуугиан тарьж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Гарга л дээ. Гарвал бүр сайн байна. Ямар үнэтэй юм. Тэд нар байхгүй бол төр дампуураад, ард түмэн амаараа шороо үмхээд байдаг тийм зүйл байхгүй шүү дээ. Эцсийн эцэст энэ хүмүүсийн хэд нь өөрийнхөө эрдэм, ухаан чадлаараа гарсан юм. Үнэндээ хэзээ ч хаяж болохгүй, музейд тавимаар Н.Энхбаярын хүрэн оймсны ачаар л суугаа биз дээ. Би бол тэгж л бодож байгаа. Ингэж гарчихаад төрд гоморхоод, барьцаалаад байх нь утгагүй зүйл. Тэднийг дахин засийн эрхэнд гарч чадахгүй гэж бодож байгаа. Энэ бол тэдэнд олдсон алтан боломж. Ард түмэн дахиж тэднийг сонгохгүй шүү дээ. Гарчихвал даргадаа үнэнч юм байна, албан тушаалын араас яваагүй юм байна гэж үнэлнэ.
-Засгийн газраас гаргасан бондын асуудал ид яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор их өрийг Н.Энхбаяр тэглэсэн ч энэ үеийнхэн дахин тавьж байна гэсэн шүүмжлэл байгаа?
-Өргүй орон гэж байдаг юм уу. Юм хийхийн тулд өр тавьдаг. Энэ бол байдаг л жишиг. Хамгийн гол нь төлөгдөх нөхцөл бололцоотой. Тэр орж ирж байгаа мөнгөнөөс нь хогийн юмнууд хуньчихдаггүй л байх ёстой.
Ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү.