Ашигт малтмалын экспорт буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын экспорт буурчээ

Монголбанкнаас арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланг гаргасан байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 10.299 сая ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт 4.029 сая ам.доллар байгаа бол импорт 6.269 сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт таван хувиар буурч, импорт таван хувиар өссөн үзүүлэлт аж.

Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн ашигт малтмалын голлох дөрвөн түүхий эд нь нийт экспортын 82 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оноос нэг хувь өссөн дүн аж. Үүнээс нүүрс 18.5 сая тонн байгаа нь нийт ашигт малтмалын экспортын 44 хувийг эзэлжээ. Гэхдээ энэ оны эхэнд  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод нүүрс, тээврийн гарцын өргөтгөл хийж, 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан юм. Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн гангийн үйлдвэрлэл буурсан болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотойгоор экспортын хэмжээ багассан дүр зураг ажиглагдаж байна.

Харин төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть, жоншны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнтэй холбоотойгоор эдгээр түүхий эдийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 182 сая ам.доллараар өссөн байна. Тэгвэл нүүрс, мөнгөжөөгүй алт, цайрын хүдэр, зэсийн баяжмалын экспорт 372 сая ам.доллараар буурчээ. Үүнээс үүдэн ашигт малтмалын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 197 сая ам.доллараар буурсан байна.

Э.Хулан
 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж