Цагдаа нарын мэдээлснээр алуурчин Адам Ланза гэгч 20 настай этгээд бөгөөд тэрээр дунд сургуульд ирж хэрэг үйлдэхээс өмнө ээжийгээ буудаж, сургуульд ирж аллага үйлдсэнийхээ дараа өөрийнхөө амийг хөнөөжээ. Зул сарын баярын уур амьсгал орж, гэрэлт чимэглэлүүдээр дүүрсэн байсан Сэнди Хук сургуулийн эргэн тойронд одоогоор цэцэг барьж эмгэнэл илэрхийлэхээр ирсэн хохирогсдын ар гэрийхэн, камер, гэрэл зургийн аппарат үүрсэн сэтгүүлч гээд олны хөлд дарагджээ.
Сэнди Хук сургуулийн захиргаа өчигдөр өглөө алуурчны ээжийг тус сургуульд багшилдаг байсан гэх мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Харин олон хүний аминд хүрсэн Адам Ланза олон жилийн өмнө тус сургуульд суралцдаг байсан гэнэ. Амиа алдсан хорин сурагчийн найм нь хүү, 12 нь охид бөгөөд тэд бүгдээрээ зургаагаас долоо настнууд байсан аж. Харин буудалцааны үеэр амиа алдсан долоон хүний дотор Сэнди Хук дунд сургуулийн шиддэг багш нарын нэг Даун Хокспрунг мөн амиа алджээ. Коннектикутын Цагдаагийн ерөнхий газрын мэдээлж байгаагаар хохирогсдын цогцсыг ар гэрийхэнд нь таниулах ажил дууссан бөгөөд олон нитийн сүлжээ сайтуудаар алуурчны тухай зөрүүтэй олон янзын мэдээлэл хүрч байгааг анхааруулсан байна.