Хөдөөгийн бизнесийн хөгжлийг сайжруулах талаар туршлага солилцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн бизнесийн хөгжлийг сайжруулах талаар туршлага солилцоно

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “Мэдээлэл харилцааны технологи ашиглан Монгол болон Төв Азийн улс орны хөдөө нутгийн бизнесийн хөгжлийг сайжруулах нь” олон улсын бага хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 27-29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.  Парис хотод төвтэй Интерньюс-Европ байгууллагатай хамтран Европын холбооны “Азид зориулсан хөрөнгө оруулалт” хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулах уг хуралд Монгол, Афганистан, Казахстан, Киргиз, Халимаг, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 120 гаруй зочин, төлөөлөгчийг урихаар төлөвлөсөн байна. Эдгээр нь орон нутаг дахь бизнесийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгч, олон улсын болон бүсийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч, малчдын бүлэг, хувийн хэвшлийн төлөөлөгч, мэдээлэл, харилцаа холбооны болон олон улсын байгууллага, сангууд, ивээн тэтгэгч, төрийн байгууллагын төлөөлөл байх аж.

Бага хурлаар орон нутгийн бизнесийн хөгжилд мэдээлэл харилцааны технологи ямар үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын түвшинд мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг судлах, энэ чиглэлийн шинэ технологийн чиг хандлага, ач холбогдол, Монголын болон нүүдлийн мал аж ахуйн уламжлал бүхий гадаад орны төлөөлөгчдийн хооронд орон нутгийн бизнес эрхлэгч болон зах зээлийн хөгжилд нэмэр болох мэдээллээр хэрхэн хангах талаар туршлага солилцоно. Мөн дээрх улс орны орон нутгийн бизнесийн мэдээллийн үйлчилгээ болон бусад туршлага солилцох, амжилтыг үнэлэх, санаа бодлоо солилцон, туршлага нэвтрүүлэх юм байна.

П.Наран 2010 оны 2 сарын 23

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж