МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцруулна

Олимпод  оролцсон та­мирчид одтой байгаа. Монголчууд ч алтан медаль заавал авч ирэх учир­­тай гэж итгэх болов. Гэхдээ энэ итгэлийг МҮОХ өгсөн гэх вий. Гэвч үнэндээ монгол та­мирчид бор зүрхээрээ олимпод оролцож, амжилт гаргадаг нь нууц биш. Түүнээс биш МҮОХ гэ­дэг байгууллага  эгээ л Монгол Бө­хийн холбоо шиг дарга, цэргүүд нь хоорондоо харгалдаж, сандал суудлынхаа төлөө үзэл­цэхээс өөр зүйл хийдэггүй гэдгийг бүгд мэднэ.

Уг нь энэ байгууллага Зас­гийн газрын харьяанд байх ёстой. Гэтэл өнөөдөр “Монголын Үндэсний  олимпийн хороо” гэ­дэг нэртэй ТББ болон хувирч. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ байгууллага Засгийн газрын үгийг сонсож, харьяалуулах нь бүү хэл дотор нь чухам ямар үйл ажиллагаа явагддаг, хэн нь дарга, хэн цэрэг нь мэдэгдэхүй болжээ. Манай нэгэн нэр хүндтэй, томоохон тамирчин “Монголын тамирчид МҮОХ-ноос болж олон улсын дэвжээнд нүүрээ улалзуулсан нь олон” хэмээн хэлж байсан. Үүнийг нь манай улс Дэлхийн олимпийн хороонд ямар ч суудалгүй гэдэг  асуудал нотолно. Уг нь Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван хэмээх хүндэт буурал тэнд байсан. Харин  суудлаа өгөөд багагүй удаж байна.

Мөн  өдгөө МҮОХ-г удирдаж буй Д.Загдсүрэн гэгч этгээд энэ байгуул­лагын хаалгачаас хааныг хүртэл өөрийн ах, дүү, амраг саднаа тавьж, хувийн компаниа толгойлж байгаа мэт аашлах болсон нь ч үүнд нөлөөтэй.  Гэхдээ энэ хөгийн ажил удахгүй дуусах нь тодорхой гэж Монгол Улсынхаа төлөө зүрх сэтгэл  цохилдог хэн бүхэн хэлж буй. Тодорхой гэхийн учир нь Олимпийн хорооны ээлжит чуулган лхагва гарагт болж дараагийн ерөнхийлөгчөө сонгоно. Гэтэл монгол тамирчдын төлөө олигтой ажил огт хийгээгүй Д.Загдсүрэн  дахин сонгогдох гэж хор найруулж яваа аж.  Гэхдээ хамгийн сонирхолтой нь мань хүн  ажлаа хийлгүй сар шахам болсон байх юм.

Д.Загдсүрэн МҮОХ-ыг толгойлж болохгүйн учир

Түүний “но”-той үйлдлээс цухас дурдъя. Нэгдүгээрт, МҮОХ-ноос олим­пийн баг бүрэлдэхүүнийг батлах­даа ёстой л үзэмж хардаг аж. Гэтэл энэ асуудлыг МҮОХ дангаараа шийддэггүй юм байна. Тодруулбал, Засгийн газар, холбогдох яамдаас хэлэлцэж, бүрэлдэхүүнийг нь тогтоож, цаашилбал Олон улсын олимпийн хороо руу зохих мэдүүлэг явуулах ёстой гэж журамд заасан.

Энэ журмыг Засгийн  газрын 2001 оны 187 тоот тогтоолыг үндэслэн Санхүү эдийн засгийн  сайд болон  Эрүүл мэндийн сайдын 2002 оны 24/19 тоот тушаалаар хэн олимпийн  бүрэлдэхүүнийг батлах, төсвийг тогтоох тухай тодорхой заасан  байдаг. Гэтэл МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өөрт нь саймширсан нэгэнд мандат өгдөг гэдгийг гэрчлэх тамирчин олон бий. Энэ үйлдэл нэг бус гарсан учраас Засгийн газраас сануулга өгч байжээ. Нэг жишээ дурдахад, 2004 онд Афины олимпийн наадмын бүрэлдэхүүнд Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд гэгч тив, дэлхий, олон улсын  чанартай ямар ч тэмцээнд холбоогоо оролцуулдаггүй хэрнээ дээгүүр зэрэг­лэлийн мандат авсан байдаг. Хоёрдугаарт, Олон улсын олимпийн хороо гишүүн орнууддаа жил бүр тодорхой хэмжээний тусламж өгдөг.

Манай олимпийн хорооны нэр дээр ч Азийн олимпийн зөвлөлөөс багагүй мөнгө орж ирдэг. Гэхдээ үүнийг сонирхдог хүн Монголд цөөн. Гэтэл Монгол Улс өнөөдрийг хүртэл буурай хөгжилтэй орны тоонд орж байгаа учраас тусламжийн нэмэгдэл авдаг юм байна. Ялангуяа, олимпийн жилд энэ тусламжийн хэмжээ нэмэгддэг. Харамсалтай нь үүнийг зохих эзэд нь хүртэж чаддаггүй,  Д.Загдсүрэн тэргүүтэй хэдэн хүн тансагладаг байна. Мөнөөх сурсан зангаараа энэ тухайгаа Засгийн газарт ч тайлагнадаггүй аж. Тэгэхээр МҮОХ-ны үйл ажиллагаанд санхүүгийн “но” ч бий гэсэн үг. Санхүүгийн нууц байдал үүгээр зогсохгүй. Монголчууд тамирчдадаа гар татдаггүй. Бэлтэй, буянтай нэгэн нь замын зардал, бэлтгэл, хичээлийн байр, хувцас хэрэглэл гээд өчнөөн зүйлийг нь дааж байдаг. Гэтэл Засгаас тамирчдад зориулж УИХ-аас бүр төсөвт суулгадаг. Гэсэн ч тамирчдын хувцас, хэрэглэл, орон байр, хоол ундны асуудал ихээхэн хэл ам дагуулдаг. Олимпийн наадамд оролцохоор очсон монголчууд ер нь гар татмаг байж байгаад л ирдэг. Тэгэхээр энэ их мөнгө чухам хаашаа урсаж, юунд зарцуулагддагийг Д.Загдсүрэн тайлагнах цаг нь болжээ. Иймд тус хороог спортод элэгтэй, мэргэжлийн тамирчин удирдвал  дараа, дараагийн тэмцээн уралдаанд амжилт гаргах нь ойлгомжтой.

Товчхондоо Д.Загдсүрэн бусад спортын хороодтойгоо нягт  хамтарч ажиллаж чаддаггүй учраас МҮОХ  сүйрлийнхээ ирмэгт тулаад байна. Д.Загдсүрэн хууль бусаар хоёр удаа тус газрын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Одоо түүний эрин үе дуусчээ гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.  Олимпийн цикль эхэлчихээл байгаа энэ үед  МҮОХ-ны удирдлагыг  солих асуудал цагаа олоогүй мэт санагдах ч цаашид  олон олимпод амжилттай оролцох, дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг мандуулахын тулд ийм алхам хийх зайлшгүй  шаардлага байгааг холбогдох газрынхан анхаа­ралдаа авах цаг нь болжээ.

Р.САРУУЛ
Эх сурвалж: "Өглөөний Сонин"


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж