Орон сууцны үнэ рүү давшъя

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ рүү давшъя

Улаанбаатар хотод энд тэндгүй орон сууцны хороолол баригдаж байгаа ч түүнийг нь дийлж худалдаж авах арга алга. Нэг өрөө байр 42 сая төгрөгийн үнэтэй бол хоёр өрөө нь 60-70 сая төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Дундаж ханшийг авч үзвэл шүү дээ. Хотын төвд байрлалтай, наран талдаа цонхтой орон сууц бол нэг өрөө нь 70 саяыг давна. 

Гэтэл арилжааны банкуудын орон сууцны зориулалтаар олгож байгаа зээлийн хүү сарынх нь бараг 2 хувь шахам байх. Жилээр тооцохоор 24 хувийн хүү төлөх болж буй юм. Үүнийг жилийн зургаан хувийн хүүтэй зээл /Төрийн банкнаас олгоод зогсоосон зээл/-тэй харьцуулахад дөрөв дахин өндөр үзүүлэлт. Ийм бэрх хатуу нөхцөлд залуус ямар аргаар хадмын хаяа, халаасны өрөөнөөс сугарч өрх тусгаарлах юм, ёстой л  хувь заяатайгаа эвлэрээд айлын гэрт толгой хоргодохоос аргагүй.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Мaster properties” компаниас гаргасан мэдээг сонирхвол, энэ оны аравдугаар сарын байдлаарх Улаанбаатар хотын шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ нэг сая 856 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 23.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэхдээ аль дүүрэгт орон сууц баригдсанаасаа хамаараад үнэ нь өөрчлөгдөх жишээтэй. Хамгийн өндөр үнэтэй орон сууц Хан-Уул дүүрэгт баригджээ. Гэр хорооллоос зайдуухан байршдаг нь цэвэр агаартай гэх РR хийж, барьсан барилгаа өндөр үнэлэх боломж олгодог бололтой. Баригдсан орон сууцны ам метрийн дундаж үнэ хоёр сая 336 мянган төгрөгөөс үнэлэгдэж байна. Ийм үнэтэй орон сууцыг цалингаараа орон сууцтай болохыг хүсэгчид бол саналтгүй.

Барьсан барилгынхаа үнээр Хан-Уулын араас нэхэх дүүрэг бол Чингэлтэй аж. Энэ дүүрэгт шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ хоёр сая 60 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх жилээс 14 хувиар буурсан үзүүлэлт гэж байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ хоёр сая 47 мянган төгрөгөөр үнэлэгдэх болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдсан орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая 451 мянган төгрөг байгаа нь өмнөх жилээс 36 хувиар өссөнийг илтгэх бол Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая 605 мянга, Баянгол дүүрэгт нэг сая 528 мянган төгрөг дотор эргэлдэж байна.

Орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж ирсэн гол бурууг барилгын компаниуд дотооддоо барилгын материал үйлдвэрлэдэггүйтэй холбон тайлбарладаг. Мөн газрыг үнэтэй худалдаж авдаг нь эргээд барилгын үнийг хөөрөгдөх үндэслэл болдог тухай учирлах нь бий. Гэвч иргэдийн хувьд арай өөр тайлбар хийж байна. Барилгын компанийнхан өөрсдөө орон сууцны үнийг хөөрөгдөхөөс гадна борлуулагчид “цавчаа” хийдэг аж.  Тиймээс тэд долоо хоногийн дотор л орон сууцны ам метрийн үнийг өсгөх тохиолдол бишгүй аж. Харин энэ бүхний мөрөөр мөшгөж, орон сууцны үнийг бодитой тогтоосон эсэхийг нягталж, тооцоо үндэслэл гаргаж ирсэн газар алга. Барилга хот байгуулалтын яам хяналт тавих боломжтой ч хөдөлсөнгүй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ч энэхүү үнэ ханшийн араас явсангүй өдийг хүргэжээ.

Уг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шинэ даргатай болсноос хойш их л олон газрыг хумьж байгаа ч өнөөх алдарт үнэ хөөрөгдөгч барилгын компаниуд шалгалтад нь багтсангүй. О.Магнай дарга “айгаад” байна уу, аль эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй болчихоод энэ газар руу орохгүй байна уу, төнхвөл их л юм гарч ирнэ дээ. Ингэж чадвал “Наран туул” худалдааны төв рүү нэвтрэхэд төлдөг байсан 50 төгрөгийг тушаахыг зогсоосноос илүү шударга ажил болж хувирч мэдэх л юм.  Үнэндээ бол энэ барилгын компаниуд ч даварч гүйцлээ. Эрэлтийг далимдуулан дуртай үнээ хэлж, дураараа дургиж байгаа юм биш үү. Тэгээд ч иргэдээ орон байртай болгох ажил бол төрөөс хэрэгжүүлэх нийгмийн шинжтэй хөтөлбөр байх ёстой болохоос биш, хэн нэгэн том мөнгө угаагчдын халаасыг түнтийлгэх ажил биш шүү дээ.  О.Магнай дарга аа, танд эрх дарх нь бий, орон сууц руу давшилтаа эхлүүл…. Олон залуус таны энэ ажлыг дэмжиж таарна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж