Учир нь Монгол нутагт нефтийн бүтээгдэхүүний нөөц хангалттай хэмжээнд байдаг ч үнэндээ хууль эрхзүй, мөн бидний яхир зангаас болон байнд ч үгүй, банзанд ч үгүй болж байгааг тэрбээр хэлжээ. Тодруулбал, монголчууд гадныханд баялгаа хамаагүй өгөхгүй хэмээдэг ч үнэн хэрэг дээрээ туршилт гэх нэрээр Хятадын компаниудад ямар ч ашиггүй өгчихдгийг бас дурьдсан гэнэ. Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотноо газрын тосны чиглэлээр судалгаа явуулдаг эрдэмтэд болон энэ чиглэлээр Монголд хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын удирдлагын хэлэлцүүлэг боллоо.
Шинжлэх ухааны академи, мөн их дээд сургуулийн эрдэмтэд “Газрын тосны хараат байдал түүнээс гарах арга зам”-ын талаар олон сонирхолтой илтгэл тавьсан. Тухайлбал, газрын тосны үйлдвэр барихад Засгийн газраас олигтой дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг доктор Б.Авид хэлж байв. Тэрбээр “Монгол Улс өнөөдөр гадны ямар ч улсаас нефтийн бүтээгдэхүүн царайчлахгүй байх бүрэн боломж байна. Гэвч харамсалтай нь төр, засгийн бодлого доройгоос болж бид газар доорх баялгаа Хятадын компаниудад зүгээр өгчихөж байгаа шүү дээ. Манай улсад хүрэн нүүрс, шатдаг занар, мөн газрын тосны арвин нөөц бийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, нотолсон. Хэрэв газрын хэвлийн эдгээр баялгаар шингэн түлш, цахилгаан гарган авсанаар гадагшаа экспортолж эдийн засгийн бараг 30 хувийг бүрдүүлэх гарц байгаа. Одоо хамгийн гол нь шийдвэрлэх чухал асуудал бол нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлын хэсэг, мөн хөрөнгө оруулалт, түүнчлэн одоо манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон жижиг компанийг нэгтгэх, нөгөөтэйгүүр үндэсний хэмжээний том төсөл хийх хэрэгтэй байна” гэлээ.
Өмнө нь шатдаг занараас шингэн түлш, цахилгаан гаргаж авах талаар төдийлөн сураг дуулдаж байгаагүй. 2008 онд нефтийн бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр өсөхөд АНУ зэрэг томоохон улсын эрдэмтэд уг бүтээгдэхүүнийг нүүрс, занар болон бусад зүйлээс шингэн түлш гарган авах талаар судалгаагаа эрчимжүүлсэн байна. Ингэснээр газар нутаг нь сайтар судлагдаагүй байгаа улс орнууд руу анхаарлаа хандуулахыг АНУ гол бодлогоо болгосон аж. Тэдний бодлогын тэргүүн эгнээнд Монгол Улс багтсаныг учир мэдэх нэг нь хэлж байлаа. Манай улсад урьдчилсан судалгаагаар 165 тэрбум тонн нүүрсний нөөц байгаагийн 100 гаруй тэрбум тонн нь хүрэн нүүрс байдаг гэнэ. Тэгвэл эл нүүрснээс нэг баррель нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 60-87 мянган ам.доллар хэрэгтэй. Мөн шатдаг занарын нөөцийг эрдэмтэн н.Бат-Эрдэнийн тооцоолсноор 700 тэрбум тонн гэсэн тоо байдаг аж. Одоогоор занараас түлш гарган авах ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүлж байгаа юм. Гэхдээ уг газрын баялгаас бүтээгдэхүүн гаргаж авахад маш олон бэрхшээл бийг эрдэмтэд онцолж байсан. Учир нь занарыг газрын хөрсөн дээр боловсруулахад бараг 60-70 хувь нь үнс гардаг болохоор хаягдал их гарч таарна. Мэдээж хэрэг түүнээс гарсан хаягдлыг өнөөдөр хүртэл юунд, яаж ажшиглах арга ухаан гараагүй байгаа. Харин нь хамгийн боломжит арга нь боловсруулалтаа газар дор явуулбал байгальд учрах хор уршиг багатай юм байна.
ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбарын тэнхэмийн эрхлэгч, Монголын газрын тосны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжаваас газрын тосны тухай хууль болон энэ салбарын нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Одоогоор шатахуун үйлдвэрлэх төслөө ирүүлсэн компаниуд байдаг юм уу?
-Өнөөдөр манай улсад шатахуун үйлдвэрлэх саналаа өгсөн 10 гаруй төсөл байна. Тэдэнд үйл ажиллагаа явуулах эрхийг нь манай Засгийн газар маш яаралтай өгөх хэрэгтэй байгаа.
-Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ болон холбогдох хуулийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь Газрын тосны тухай хууль маш их хоцрогдсон гэж хэлмээр байна. Юу гэхээр өнөөдөр манай эдийн засаг 1990 оноос ямар түвшинд хүрчихэв гэдгийг бодох ёстой. Учир нь энэ хууль 1991 оны нэгдүгээр сарын 6-нд батлагдсан. Нөгөөтэйгүүр уг хууль зах зээлийн уналтын үед хөрөнгө оруулалт татах үүднээс хууль батлагдаж байсан. Үүнээс бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд сайн, муу хоёр талтай. Сайн тал нь тухайн гадны компани өөрийн хөрөнгөөр хайгуулаа явуулчихдаг. Энэ нь бидэнд газрын хөрсөн доороо юу байгааг мэдэх боломжтой болно гэсэн үг. Харин муу тал нь тэд ашиглалт явуулах нэрийдлээр тухайн талбайг өөрийн мэдэлд оруулж тоглоомын дүрмээ өөрсдөө зохиодог.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээнд төр хэдэн хувийг нь эзэмшинэ гэсэн заалт байдаг вэ?
-Төрийн хувь эзэмших тоо хэт бага байна. Одоогийн үйлчилж байгаа хуульд төр 26 хувь, хайгуул хийсэн компани 74 хувь гэсэн тоо бий. Монголчууд өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийсэн нэг ч талбай байхгүй. Тэгэхээр ихэнх хувийг нь гадны бүр Хятадын компаниуд авч байна гэсэн үг.
Тэрбээр ийн ярилаа. Түүнчлэн АНУ-ын “Жэн ойл энд газ” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд ерөнхийлөгч Ц.Ганцогт “Манай улсын өнөөгийн Газрын тосны тухай хуульд газрын тосны уламжлалт аргын талаар ямар ч заалт байдаггүй. Мөн бодлого зохицуулалт ерөөсөө тодорхойгүй” хэмээж байлаа. Нөгөөтэйгүүр Хятадын компаниуд туршилт явуулах нэрийдлээр 10 жил ашиглаж байгаа нь үнэхээр харамсалтай. Бараг байдаг нөөцөө зөвхөн туршилт нэрийдлээр гаргачихдгийг эрдэмтэд онцолсон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны хөгжингүй улс орнууд туршилтыг жил гаруй л хийх боломжтойг профессор Ц.Мягмад гуай хэлж байв.
“УЛС ТӨРИЙН ТОЙМ”