Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

“Надад падгүй”

“Надад падгүй” гэж Хятад ардын үлгэр бий. Энэ үлгэрт нэгэн хятад тариачин бусад айлын байшин шатахад,тариан талбай усанд автсан ч “надад падгүй…” хэмээн үл тоож амьдардаг байв. Гэтэл нэгэн удаа өөрийнх нь байшин шатаж байхыг харсан хөрш нь “Байшин чинь шатаж байна” хэмээн анхааруулахад “Надад падгүй” хэмээн явж одсон аж. Ийнхүү тэрбээр “надад падгүй” гэсээр орох оронгүй болсон юм гэдэг.

Монголд ч яг ийм “Надад падгүй” хэмээн бусдад туслахаас төвөгшөөж, хар хүний өмнөөс шар хүн гэгчээр бусдын хэрэгт хошуу дүрэх хэрэггүй хэмээн биеэ өмөөрөгсөд олширчээ. Гудамжинд хоёр хүн нударга зөрүүлж байхыг хараад өөрсдөө цохиулах вий хэмээн холуур дөлж өнгөрөх.

Автобусанд хулгайч бусдын халаас руу гараа дүрж байхыг харсан ч хараагүй юм шиг бууж одох. Нөхөр нь эхнэр, хүүхдээ хэвтэрт ортол нь зодож байхад эр эмийн хооронд илжиг бүү жороол хэмээн нэг нэгийгээ нудран тоолгүй явах.

Гудамжинд хүн ухаан алдаад уначихсан байхад согтуу хүн биз хэмээн үл тоож өнгөрөх. Хаа нэгтээ осол, гал түймэр гарахад иргэд гар утасныхаа чанараар уралдан бичлэг хийгээд хэн нь түрүүлж youtube-д тавихаа л боддог болсноос бус хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслаад, болзошгүй аюулаас аврах тухай хэн ч бодохгүй байгаа нь харамсалтай.

Яг л ийм хэрэг явдлууд сүүлийн өдрүүдэд шил даран гарсан юм. Тухайлбал, долоон настай хүүг зодуулж байхыг мэдсэн хөрш айлын эмэгтэй аврал эрэн олон айлын хаалга тогшсон ч нэг ч хаалга онгойгоогүй тухай хожим нь ярьж байв. Хоёр нь эзгүй байсан байж болох ч бусад нь эзэнтэй байсан баймаар.

Энхтайваны гүүрэн дээр гарсан ослыг гар утсаараа бичлэг хийж байхаар нэг нь ч болов Онцгой байдлын алба, цагдаа руу нэг минутын өмнө мэдэгдсэн бол хэн нэг нь амь аврагдах байсан ч юм бил үү. Сэлэнгэ мөрөнд зургаан цаг урссан ээж хүү хоёрыг даргын тушаал хүлээлгүй аврах ажиллагаагаа эхлүүлсэн бол тэр гэр бүл өнөөдөр элэг бүтэн байх байсан ч юм бил үү, хэн мэдлээ.

Долоон настай хүүг аварсан эмэгтэйг шагнаснаас хойш иргэд хүн аварсан тохиолдолд хэдийг өгөх юм хэмээн хэнэг ч үгүй асууж байхыг нэг бус удаа чихээрээ сонсч, нүдээрээ харлаа. Тэр хүмүүсийн ярианаас бол шагнаж, урамшуулахгүй, ялангуяа мөнгөөр гарыг нь хүндрүүлэхгүй бол хэн нэгнийг аврахгүй бололтой. Уг нь хэн нэгнийг аварсныхаа төлөө заавал шагнал, урамшуулал горьдох шаардлагагүй. Хэн нэгнийг болзошгүй аюулаас аварч, хаа нэгтээ тохиох гамшгаас гаргалаа гээд бид заавал төрөөс шагнал горьдох учиргүй. Энэ чинь ердөө л бид иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа л хэрэг шүү дээ.

Ер нь бид дөрвөн жилд нэг л удаа тохиох сонгуульд идэвхтэй оролцдоггүй, гудамжинд аврал эрэх хэн нэгэнд тусламжийн гараа сунгадаггүй, татвараас зайлсхийдэг, эх орноо хамгаалах эр цэргийн албанаас зугтдаг, бусдын ашиг сонирхлыг үл хүндэтгэдэг, нэр төрд нь санаатайгаар халддаг гээд л. Иргэнийхээ үүргээс нэгийг нь ч болов биелүүлэхсэн. Зүй нь эрхээ эдэлж байгаа юм чинь үүргээ ч бас биелүүлэх л ёстой.

Надад падгүй, чамд хамаагүй гэсээр явтал нэг л өдөр хятад тариачин шиг өөрөө хохирч үлдэх вий. Учир нь бусдад тохиох гай, зовлон хожмын нэгэн өдөр танд ч тохиохгүй гэх баталгаагүй. Монголчууд хэзээнээсээ сайхан сэтгэлийн үзүүрт шар тос хэмээн хэлэлцсээр ирсэн. Тиймээс ч өнөөдөр хийсэн тус, буян хожмын өдөр таны амьдралд ч эергээр нөлөөлөх тухай бурхны сургаалд заасан байдаг юм.

Х.ӨНӨРЖАРГАЛ
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж