“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн шинэ удирдлагууд тун чиг хатуу, халуухан нөхцөлд “Чалко”-гийн гэрээг эргэн харах хэлэлцээ хийж байгааг эх сурвалж хэллээ. “Саалийн үнээгээ төхөөрөөд иргэддээ үмх мах тараажээ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай. Тэрбээр, монгол хүн бүхэн 1072 хувьцаа эзэмшдэг Тавантолгой ордоо саалийн үнээтэй зүйрлэсэн хэрэг. Энэ том ордоо үр ашигтай ажиллуулж байж л хувьцааны ногдол ашгийг хүн бүр хүртэх учиртай байдаг. Гэтэл манайхан юу болгочихоод байгаа билээ. Манайхан гэдэг нь өмнөх МАН-ын Засгийн газрынхан юм гээд шууд хэлэхэд буруудахгүй. Тэдний байгуулсан гэрээнээс болж Тавантолгой төслийн ашиглалт, олборлолт хариуцсан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хэцүүхэн байдалд байгаа нь олонд нэгэнт ил болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагаас “Чалко”-д гэрээгээ өөрчлөхгүй бол Зүүн Цанхийн олборлолтоо багасгаж, Баруун Цанхийн олборлолтод анхаарахаа илэрхийлсэн байна. Гэтэл Баруун Цанхийг гадаадын хөрөнгө оруулагчдад хувааж өгөх УИХ-ын 39 дүгээр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа билээ. Консорциумд оролцох компаниуд нь Баруун Цанхийг монголчууд өөрсдөө ашиглах саналыг бүхий л талаар эсэргүүцэж, компанийн удирдлагуудад дарамт үзүүлж байгаа аж. Өмнөх урагшгүй ноёдын хийсэн балгаас үүдэн хүнд нөхцөлд хэлэлцээ хийж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг “Та нар л мэд” хэмээн зөнд нь орхих хэрэг биш болжээ. “Чалкогийн улайрал” анхаарал татаж байна. Энэ компанийн талаар бид юу мэдэх билээ. “Чалко”-нь Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин компани. Эднийх үндсэн ашгаа хөнгөн цагаан үйлдвэрлэлээс олдог байсан ч олон улсын биржүүд дээр энэ металлын ханш тасралтгүй унаж байгаа билээ. Үнэндээ “Чалко” компани монголчуудын алдаан дээр дөрөөлж, өөрсдөдөө маш ашигтай гэрээ байгуулсныг хэн ч ойлгоно. Өөрөөр хэлбэл, МАН-ын томчуул УИХ-ын сонгуульд зарцуулах мөнгө олохын тулд улсаа ч худалдахаас буцахгүй болж, мөнгөний эрэлд гарсан үед л энэ гэрээг сиймхий ашиглан хийчихсэн юм шүү дээ. Гэхдээ тэд олзны хойноос улайрч байгаа нь харагддаг. Толгой компани “Чайналко”-нь Оюутолгой ордыг “Рио Тинто”-гоос булаах гэж Оюутолгойн гэрээг ид яригдаж байх үеэр “Рио Тинто”-гийн ажилтнуудыг Бээжинд баривчилж, хорин дарамталж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ. Дараагийн ээлжит дуулиан нь “Чалко” компани өнгөрсөн хавар “Саус Гоби Сэндс”-ийн Нарийн Сухайтын ордыг авах гэж байгаад монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан хэрэг байлаа. УИХ-аас маш яаралтай “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль баталснаар “Чалко” аргагүйдэж наймаагаа зогсоосон юм. Харин өнөөдөр тэд өмнөх Засгийн үед Тавантолгойн нүүрсэн дээр өөрсдөдөө ашигтай гэрээгээ өөрчлөхийг огтхон ч хүсэхгүй гэдийсээр… Энэ асуудлаас үүдэн хоёр улсын гадаад харилцаа, эдийн засаг, худалдаанд сэв сууж ч болзошгүй. Засгийн газар, Гадаад харилцааны яам ганцхан компанийн мэдэх хэрэг гээд асуудалд тоомжиргүй бүү хандаасай. Шинэ УИХ 39 дүгээр тогтоолоо эргэн харж хүчингүй болговол улсын эрх ашигт нийцэх билээ. Ард түмэн ашиггүй шийдвэрийн эсрэг хүссэн хүсээгүй тэмцдэг шүү дээ.
Т.ЭРДЭНЭ