Өнгөрсөн баасан гаргийн өглөө Хэнан мужийн хүүхдүүд сургууль руугаа явж байх замд нь тэднийг гартаа хутга барьсан алуурчин хүлээгээд зогсч байж. Мин Иенжун гэх сэтгэцийн өвчтэй тэрхүү этгээд 22 хүүхэд, нэг настай эмэгтэйг ноцтой шархдуулсан байна. Түүнийг хэргээ үйлдсэн даруйд нь цагдаа нар баривчилсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Олон хүнийг, тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийн аминд хүрдэг сэтгэцийн өвчтэй хүмүүс яагаад ийм олон болж байна вэ. Үүнийг янз бүрээр л тайлбарладаг. Тухайлбал, Хятадад болж буй хэргүүдийг нийгмээс нь ирж буй дарамт, 1.5 тэрбум хүн дундаас ялгарч гарах гэсэн эрмэлзлэл, амьдралын төлөөх тэмцлээс үүдэж бий болсон сэтгэцийн дарамт зэрэгтэй холбон тайлбарлах нь бий. Харин соёлт ертөнцийн хамгийн сонгодог жишээ болсон Америк, Европын орнуудад яагаад ийм аймшигт хэрэг гарч байна вэ. Тэр хэргийг нь террорист бүлэглэлүүд, лалынхан биш, харин америкчууд, европчууд өөрсдөө үйлдэж байгаа шүү дээ.
Конниктекутад болсон хэргийг Адам Ланза гэгч залуу үйлдсэн байна. Тэр үүнийг урьдаас төлөвлөсөн гэх ямар ч баримт олдоогүй аж. Гэрээслэл ч байсангүй. Бүх зүйл тэр өглөө л эхэлсэн гэхэд болно. Ээжийнхээ ажилладаг Ньютауны бага сургуульд ирэхийн өмнө гэртээ байхдаа А.Ланза ээжийгээ хөнөөсөн байна. Дараа нь сургуульдаа очсон бяцхан жаалуудын аминд халджээ. Тэгээд хамгийн сүүлд өөрийгөө буудсан байна. Бүтэн цаг гаруй хугацаанд гал нээх үедээ залуу “Glock”, “Sig Sauer” маркийн хоёр гар буу, автомат винтовтой байсан аж.
Залуугийн ээж болох бага сургуулийн багш эмэгтэй Нэнси Ланза нь буунд маш дуртай нэгэн байжээ. Түүнд бууны асар том цуглуулга байдаг байсан бөгөөд энэ тухайгаа найзууддаа ярих дуртай байсан гэнэ. Харин хүү нь түүний цуглуулганаас авсан буугаараа ээжийнхээ амийг хөнөөсөн юм. Нэнси Ланзагийн цуглуулга дунд Афганистанд алба хааж буй цэргүүд хэрэглэдэг хүчтэй зэвсэг ч байжээ. Гэхдээ бүгд хууль ёсны дагуу түүний эзэмшилд очсон байна. Нэнси Ланзагийн хувьд нээлттэй, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүн байсан бол хүү нь эсрэгээрээ байж.
Хэргийн цорын ганц сэжигтэн. Тэр чинээлэг гэр бүлээс гаралтай, тансаг амьдрал дунд өссөн бөгөөд аав нь “General Electric” компанийн дэд ерөнхийлөгч гэнэ. Авга ах нь цагдаагийн оффицер. Гэхдээ Адам Ланзагийн эцэг эх нь дөрвөн жилийн өмнө салсан байна. Түүнээс хойш тэр ээжтэйгээ хоёулаа амьдрах болжээ. Хүүд ээж нь анх буудахыг зааж өгч байж. Хүү таван настайгаасаа эхлэн этгээд сонин ааштайгаараа гайхагддаг байсан тухай багын найзууд нь ярьжээ. Хүү үнэхээр сэтгэцийн хувьд асуудалтай байсан бөгөөд заримдаа өвдөлт ч мэдэрдэггүй байж. Бусадтай тийм ч их ярьдаггүй, гэхдээ хичээлдээ сайн сурагч байсан гэнэ. Ангийнх нь зарим хүүхдийн тодорхойлсноор бол Адам Ланза ер бусын авьяастай, сэтгэхүйн хувьд өндөр чадвартай байсан байна. Бас нууцлаг, ер бусын хүчний тухай их л сонирхдог байж.
Америкт нэг дор олон хүнийг буудан хороосон иймэрхүү аймшигт хэрэг ойр ойрхон гарч байна. Өнгөрсөн зун л гэхэд “Харанхуйн баатар эргэж ирсэн нь” киноны нээлтийн үеэр Аврора хотын кино театрт буутай залуу 12 хүний амийг хөнөөж, 58 хүнийг шархдуулж байв. Энэ хэргийг үйлдсэн Жеймс Холмс философийн оюутан, анагаах ухааны салбарт докторын зэрэг горилж байсан залуухан эрдэмтэн байж.
Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард Оакландад Христийн коллежийн хуучин оюутан долоон хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Охияд нэг залуу найз охиноо, бас өөр зургаан хүний хамт буудсан юм. Виржиниа мужид 2009 онд 32 хүний аминд хүрсэн хэрэг мөн гарч байв. Хамгийн жигтэй нь иймэрхүү аймшигт халдлагуудыг хийсэн хүмүүс өөрсдөө бусдаас илүү гоц гойд ухаантай байхаас гадна тэр чадвараа хянаж чаддаггүй юм уу гэмээр сэтгэцийн өвчтэй байх аж.
Норвегид 77 хүний аминд хүрсэн Андерс Брейвик өөрийн үйлдлээ “Аймшигтай хэрэг огт биш” хэмээн тайлбарлаж, харин ч бүр өөрөөрөө бахархаж байгаагаа илэрхийлсээр олон сарыг ардаа үдэж байна. Тэгвэл өмнөд хөрш Хятадад ч ийм гэмт хэрэг ойр ойрхон гарах болж. 2010 оны хавар Хятадын зүүн эргийн Цзянсу тосгонд хутгатай залуу цэцэрлэгийн хүүхдүүд рүү дайрж, 28-ыг нь шархдуулж, гурван том хүнийг бас гэмтээж байв. Түүнээс өмнөхөн 16 сурагч, нэг багшийг хутгалсан хэрэг ч гарч байсан. Фужяан мужид найман оюутныы амийг хөнөөж, түүнээс хойш хоёр сарын дараа Шаанси мужид мах цэвэрлэдэг хутгаар долоон хүүхэд, хоёр эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарсан. Ер нь иймэрхүү хэргийн давтамж ихэссэн гэхэд болно. Одоо яах вэ.
Конниктекутад болсон хэргийн дараа амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрбээр Ньютаун хотод очих үеэрээ ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа хэлээд “Буу эзэмших үйл явцыг хязгаарлах, хяналт тавих ажлыг эрчимжүүлнэ” хэмээн ярьжээ. Гэхдээ илүү нарийвчилсан мэдээлэл өгсөнгүй. Мөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж дөрвөн хоног гашуудал зарлан Америкийн тугийг бөхийлгөжээ.
Харин зэвсгийн хэрэглээг хязгаарлах тухайд үүнийг улстөрчид хүчтэй эсэргүүцдэг тухай “NYDaily News” мэдээлсэн байна. Нью-Йоркийн мэйр Блүүмбэрг бууны хэрэглээг хязгаарлахын тулд олон сая ам.долларын кампанит ажил хийсэн ч бүтэлтэй болж чадаагүй аж. Гэхдээ Конниктекутад болсон энэхүү аймшигт хэрэгт АНУ-ын эрх баригчдыг шийдвэрээ эргэн харахад хүргэж магадгүй юм. Хэдийгээр зэвсгийн хэрэглээн дэх хяналт бага байгаагаас болж ийм хэрэг олноороо гарч байгаа боловч энэ бүхний цаана сэтгэл зүйн гүн дарамтад орж, түүнийгээ олон хүний амиар тайвшруулах хэрэгтнүүдийн тоо нэмэгдэж буй шалтгаан нь тодорхойгүй хэвээр үлдэж байна.
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин