Насаараа яллагдсан хүмүүс

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Насаараа яллагдсан хүмүүс

Дэлхийгээс там эсвэл диваажинд хүргэх зам гэж байдаг
гэлцдэг. Харин энэ шороон зам бидний ертөнцийн амьдрал тамыг холбон тахиралдаж
байдаг. Хэчнээн олон аавын хөвгүүд энэ замаар бие сэтгэлийн зовлонд шаналан
нааш цааш болсныг тоолоход бэрх. Үдшийн бүрэнхийтэй уралдан баадантай юмандаа
түүртсэн эмгэн тэр л зүгийг зорин майжигнах нь бас л нэгэн зовлонт амьтны
нүглийн золиос билээ…

Харин тэнд өвлийн шөнийн уртыг хором хормоор тоолон
тэвчих өнгөрсөн алдааны өнөө цагийн хүмүүжигчид ирээдүйн нарыг хүлээн суугаа.
Нэгэн цагт биеийг нь төрүүлэхдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг үрдээ
ерөөн өсгөсөн ч өтөл насандаа үйлээ үзэн “Ухааныг даан ч төрүүлэхгүй юм даа”
гэж халаглан энэ газрыг зорих эх хүний л нүдэнд тэд үр нь, хүү нь болж үзэгдэнэ.


Бусдад бол тэд ялтан…

Хийсэн үйлийхээ төлөө тэд өнөөдөр тэнд байгаа. Байх ч
ёстой.

Харин маргааш яах вэ?

Тэр өдөр нар тэдний хувьд өдөр өдрөөс өөрөөр мандана.
Шувууд өглөө өглөөнөөс өөрөөр жиргэнэ. Харин хүмүүс бид яах бол…

Одоо тэнд хүн сонсоод итгэхээргүй нүгэлтэй ч хүмүүс бий.
Бас сонсоод өрөвдөхөөр ч нэгэн бий.


…Гаслан шөнийн турш үргэлжилнэ. Өвлийн шөнийн уртыг ч
хэлэх үү? Хурданхан өглөө болоосой. Гомдол, цөхрөл, харууслаар дүүрэн аймшигт
тарчилаанаас түр ч атугай ангижирч, юу ч хамаагүй хийж, сэтгэлээ садааруулахсан
гэж тэд хөрвөөнө. Элч нь буурчээ, тэдний. Цог нь унтарч, бүхнээс дальдчин
зугтах гунигт, дүрэлгэр нүд. Бүхний өмнө бөхөлзөх тэргүүн. Хяслант тавилан.
Харгалзагчийн тушаангуй үг. Хорвоогоос тусгаарлан хаших хана, туурга, хяхтнах
хаалга, өргөст тор. Хязгаарлуулсан эрх чөлөө. Орхигдсон хүмүүс.


Үсэрсэн цус, тасарсан ясны хэлтэрхий нь болох үрээ харан
гаслах эх. Энэ хорвоод ирэнгүүтэй эрх чөлөө бус энд байх тавилангаар
шийтгүүлсэн бидний үргэлжлэл. Ой хүрээгүй хүүхдээ огт мэдэхгүй асрамжийн
ажилтны халамжинд найдан өгөхдөө цурхиран уйлж, зүрхээ зүсүүлэх эхийн цөхрөл.
Үгүйсгэх боломжгүй үйлийн үр. Биеэр эдлэх ялтай ч сэтгэлээ давхар зовоогсод.
Хайраар дутаж, харгис хорвоод хөл алдсан насанд хүрээгүй жаалууд. Бор дарсанд
мансуурч, бодлогогүй үйлдлээсээ болоод хар толгойгоо шааж, харамсан суугаа
харчууд…


Тэдний зарим нь хүүгээ танихгүй. Хүүхдүүд бол ааваа
мэдэхгүй. Ээжийг нь зовоодог хойд эцгээ үзэн ядаж, бяцхан дүүгээ санан бэтгэрч
суугаа хүү өршөөл бус өс зангидан өсч буй. Ойр дотныхноосоо тэр гэж хэлэхийн
тэмдэггүй болтлоо бүдгэрсэн зургаас өөр юу ч үлдээгүй хөөрхийлөлтэй хүний хувь
заяа. Ийм л хэцүүхэн төрх эл газарт ноёлоно. Инээд, баяслаар ангана.


Хэдхэн үг солиод л хоолой нь зангирч, аньсгаа норгох
тэднийг албан ёсоор ялтан гэдэг. Хүн залилсан эмэгтэй, хулгай хийсэн залуус,
тэсэхийн аргагүй хүчирхийллээс болоод нөхрийнхөө аминд хүрсэн эхнэр, ажлаа хийж
яваад согтуу залуугийн гарын шүүс болсныхоо төлөө зургаан хүүхдээсээ 18 жил
тусгаарлагдсан ээж, өлсч үхэхгүй гэхдээ үмх талхны мөнгө тоншоод 10 жилийн ял
авсан хүүхэд гээд хүний ойнд багтамгүй хэрцгий хэрэг хийсэн ч хүн тэнд бий. Ийм
л шалтгаанаар хийсэн хийгээд хилс ч гэмээр хэргийнхээ ялыг эдэлж суугаа “иргэн”
нэрээ хасуулсан хүмүүсийн тоо нийлээд 8000. 


Эрхээ хязгаарлуулж, хүний эрхшээлд орсон хүний сэтгэл зүй
ямар байдаг билээ дээ. Хоёр сая 700 мянгуулаа монголчуудад ахадсан, эсвэл
багадсан тоо эсэхийг мэдэхгүй ч эмзэглэл эрхгүй төрнө. Энэ бүхнээс залхаж,
зугтах гэхдээ хадаас идэж, судсаа ханаж, хорвоог орхихыг завдсан бишгүй
тохиолдлын гэрч болох гэдэснээс нь гаргаж авсан зүйлсийг хадгалжээ. 


Одоогоос таван
жилийн өмнө
болсон явдлыг бид мартаагүй. Хүүхдээ хоолгүй, галгүй
хүйтэн гэрт үлдээгээд мөнгө олохоор гарсан эмэгтэй хоосон харихгүйн тулд
10 мянган төгрөг хулгайлаад арван
жилийн ял сонссон
. Арван мянган төгрөг хулгайлсных нь төлөө арван жилийн
ял оноохдоо шүүгч хичнээн харамсч байсан нь тодорхой. Гэвч хууль бол хууль.
Шүүгч хүний мөсгүйдээ тийм ял өгөөгүй. 10 мянган төгрөг авсан эмэгтэйд 10
жилийн ял оноох болсон шалтгаан нь давтан хэрэг үйлдсэн. Тэнсэнтэй хугацаандаа
дахин хулгай хийсэн гэх шалтгаан. Үүнээс л болоод тэрээр арван жил үр, хүүхдээ
тэжээх эрхээ хасуулж, хүүхэд нь эхтэйгээ хамт байх эрхээ хасуулсан. Гэхдээ
түүнийг хүний эрхийн хуульчид багаар ажилласны үр дүнд суллууж чадсан билээ.
Харин түүнээс гадна энэ мэт хэргээр яллуулсан олон зуу, магадгүй мянгаар
тоологдох ялтнууд шоронд ялаа эдэлж буй. Давтан хэрэг үйлдээд буй нь юутай
холбоотой вэ. Хорих ангид тэднийг хүмүүжүүлж, нийгэмд зөв хүн болгох ажлаа хийж
чадахгүй байна уу?


Ингэж хэлэхээр дахин дахин гэмт хэрэг хийсэн этгээдийг
гэсгээх нь зүйн хэрэг, хатуу шийтгэх хэрэгтэй гэх хүн бишгүй гарна.


Бидний нийтлэг нэгэн төрх нь “шоронгийн хүн”, “ял эдэлж
байсан хулгайч”, “шоронгийн хадаас” гэсэн байдлаар тэдэнд ханддаг. Тиймээс ч
тэдэнтэй сайхан харилцахыг хэн ч хүсэхгүй. Бүгд л нүд үзүүрлэнэ. Ажилд авах талаар
бодох ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр шоронд байсан хүн. Түүнийг л тодорхойлсон
цагдаагийн тодоос тод бичиг бий. Ажилд авах анкетыг бөглөхөд хамгийн тэргүүн эгнээнд
энэ л тодорхойлолтыг шаарддаг. Тиймээс л уг хүн нь хэн бэ, сайн хүн үү, ажилдаа
хариуцлагатай болов уу, хэр нийтэч хүн бэ гэхээс илүү урьдаж ял эдэлж байсан,
манай байгууллагын шаардлагыг хангахгүй гэсэн дүгнэлтийг хийчихдэг. Аль ч газар
ав адилхан. Хамгийн их тэднийг нийгэмшүүлж, зөв хүн болгох ёстой төрийн ажилд
бол бүр ч авахгүй. Төр илтгэл хүлээлгээгүй болохоор хувийн хэвшилийнхэн “үгүй”
гэх хариултыг л хэлнэ. Аргаа барсан тэд гадаадад гарч ажиллая гэхээр бас л
нөгөө тодорхойлолт чөдөр болно. Улс нь хүлээн зөвшөөрөөгүй, дээр нь хаа явсан
газар нь “ял эдэлсэн” гэх тодорхойлолттой хүнд хэн ч виз олгохгүй. Ийм л хатуу,
хахир уур амьсгал тэднийг угтдаг. 


Гэхдээ албан тушаалтнуудын хэрэгтэй харьцуулбал тэдний
учруулсан хэрэг хавьгүй бага. Тэгсэн хэрнээ албан тушаалтныг өршөөж, эсвэл
хэргийг нь хааж болдог. Харин жирийн иргэдийг үг дуугүй ялладаг, тийм л хууль,
цааз Монголд үйлчилж байна. 


Ердөө гуравхан жилийн өмнө Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Хамгийн сүүлд авсан
мэдээллээр улсын хэмжээнд 5000 гаруй хүн ял эдэлж байна. Өршөөлийн хуулиар 2400
орчим хүн суллагдсан
” гэж ярилцлага өгч байжээ. Тэдгээр
суллагдсан хүмүүсийн цөөнгүй нь бид хүлээн зөвшөөрөөгүйгээс буцаад орсон.
Тиймээс ч өнөөдөр 8000 мянга болон нэмэгдэж. Гэр бүлээ хайрлан хамгаалж, тэжээн
тэтгэдэг монгол эрчүүд хаана явна вэ. Бид хэн болчихоо вэ гэх асуултыг төгсгөлд
нь тавья.


Тэнгэр одоор, тэнгис сувдаар, тэд бидний хайр, халамжаар
дутжээ.

Л.НАРАНТӨГС





Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж