Гэтэл сүүлийн үед юу хатгаад байгаа юм. Жалга дов, аймаг сум, яс үндсээрээ сав л хийвэл хагарах гээд байдаг болж. Нэгийгээ амжилт гаргаж Монголынхоо нэрийг дуурсгахад баярлахын оронд аль аймгийн, ямар сумын хүн бэ. Яс угсаа юу вэ гээд л чичлээд эхэлдэг болж. Жаахан өөдөө гараад ирсэн нэгнээ аль намын, хэний халаасны хүн бэ гээд хардаад унадаг хуучтай болсон. Хөдөө бол намаараа талцаад, улстөржөөд ирэхээрээ бараг “иргэний дайн” дэгдээх шахна. Хөрөнгө бэлтэй болж яваа нэгнээ “Энэ муу юу идэж ууж цуслав” гэж эрж сурвалжлаад сүйд болно.
Энэ бие биеэ гоочилдог муухай зан бага хаадын хагаралдаан, Манжийн ноёрхол, өнгөрсөн зууны 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэс улбаалан хэдхэн монголчуудын цус маханд шингэсэн. Нэг үе төв халхаа тойроод ястан, үндэстний хагаралдаан намжуу явсан санагддаг. Социализмын үед зориуд тэгж зохицуулж илбэн тохинуулсан ч байж мэднэ. Ямар ч гэсэн олон ястантай аймгуудад тэгтлээ талцаад байдаггүй байсан санагддаг юм.
Мэддэг жишээгээ татахад Хөвсгөл аймагт л гэхэд далайнхаа баруун талаар дархад, цаатан буюу тува, зүүн талаар урианхай, хойд талаар буриад, өмнөд талаар хотгойд, халхууд аж төрдөг. Хүүхдүүд нь нэг сургуульд, нэг ангид тохой залгаж сууна. Эцэг, эхчүүд нь нэг дор ажиллана. “Чи дархад, би урианхай” гэсэн талцаан гарч байсангүй.
Харин одоо юу болоод байгаа юм бэ. Өнгөрсөн зун олимпийн наадмын медалийн салхийг С.Ням-Очир хагалж хүрэл медаль авахад сайтуудын сэтгэгдэлд юу ороод байв аа. Монголчуудын дийлэнх догдолж чин сэтгэлээсээ баярлаж байхад “Баруун аймгийн баяд, дөрвөд. Гэрээрээ Улаанбаатарт нүүгээд ирсэн байна. Зайлаач, яваач. Чаддаг юм бол алт аваач” гэсэн зүрх ёг хийлгэсэн комментууд нүд эрээлжлүүлж байв. Дараа нь Булган нутгийн хүү Н.Түвшинбаяр монгол хүний тэвчээр, хатыг харуулж мөнгөн медаль хүртэхэд “Үхэр халх. Булганыхан будилаантай” гэсэн мөрүүд тэр их баяр хөөрийг булингартуулсан. Халхаас бусад нь бага ястан гэдэг хачин нэрийг хэн ч оноосон юм. Лав л монгол хүн оноогоогүй байх. Халх нь болохоороо үхэр байдаг нь ч юу юм.
Үгүй ядахдаа нэг нь авгай, хүүхэдтэй болмогц “Ямар матар шиг эхнэртэй юм. Царай муутын туйл. Бүдүүн, хадуун, хатингар, туранхай, хар, шар царайтай, нүд, шүд нь тийм” гээд л авч өгнө. Өөрийнх нь ханилсан ханийг, төрүүлсэн хүүхдийг өрөөлийн хэн нэгэн ингэж хэлээд байвал тийн бичигчид юу санагдах вэ.
Өөрсдөө хошуурч очиж саналаа өгч байгаад УИХ-д сонгосон гишүүнийхээ “хүний адаг” болохыг дөрвөн жилийн турш дуудна. “Ёстой хэрэггүй сонголоо. Их Хурал хэрэг алга. Энэ юу хийж чаддаг юм. Идээчин, уугаачин” гэх зэрэг бол наад захын хэрэг. “Улс эх орноо худалдсан. Урваач шарваач. Цадаж ханадаггүй хувалз. Цагаан тэмээн аалз” гэж гэчихээд гадаад, дотоодоос зээл хуйл тавьж авч ирсэн мөнгийг нь “Хүний хөгжил” гэсэн хөөрхөн нэрийн дор бүгдээрээ хуваагаад идчихсэн. “Өгсөн мөнгө чинь бага байна. Нэмж өг” гэх нь холгүй өнгөрсөн хэдэн жилийг үдсэн. Үнэхээр идсэн уусан, авлигачин, хахуульчнаа бол нэрлэлгүй яахав. Зүгээр л атгаг санаа, атаархуу бодлоосоо болоод хоорондоо мөн ч их алалцаж байна даа, монголчууд. Бас болоогүй, будда, христ, бөө шүтдэгээрээ талцана. Ислам бол монголчуудаас дэндүү хол болохоор арай тийш нь хошуу дүрэхгүй юм даа.
Нэгийнхээ хөл дээр санаандгүй гишгэчихээд “уучлаарай” гэхийн оронд солиотой мангар, тэнэг мулгуугаар нь нэмж дуудна. Өөрөө л ганцаараа Халхын хавтгай дээр цэцэн төрсөн юм шиг. Цор ганцаараа л Монголыг аваад явчих юм шиг. Солонгос сериал өдөр шөнөгүй үзсээр байгаад тэнд гардаг өс хонзонг амьдрал дээрээ нааж тоглохоор шийдсэн юм шиг ааш араншин гаргагчид ч бий болж. Монгол хүн хэзээ тэгж өс санаж өрөө зузаалж явсан юм. Сэтгэлийнхээ сэвийг цагаан сараар золгохдоо гөвчихдөг ууч ард түмэн биш бил үү.
За тэгээд төр, засгийн өндөрлөгт гарсан нэгнээ заавал өмнө зүгийн гаралтай болгож байж дуусна. Өмнөд хөршдөө таагүй хандаж ирсний илрэлийг томчууд дээрээ нялзаж байгаа юм. Яахаараа ч Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн болсон хүн толгой дараалан дандаа өвөрлөгч болдог юм, бүү мэд. Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд нэр дэвшигч дөрвийн хоёр нь хятад, нэг нь бараг хятад болж, ганцхан нь уугуул монгол байж дууссан шүү. Хуульд “уугуул монгол хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гээд байхад намууд дандаа хятад дэвшүүлээд байсантай агаар нэг хэрэг мандсан. Гаднынхан үүнийг харвал ёстой юу гэх бол. Төв Азийн цээжин дээр, Чингисийн удам угсаа гэж хөөрөлхдөг цөөхөн хүн бие биеэ доош татахын одонд төрчихсөн юм шиг аашилж суугааг юу гэхэв.
Хорин хүн эвгүй бол шавар хүрээ мэт” гэдэг шиг санагдаж, хооронд нь сайн гэгч эвдрэлцүүлж байгаад газар нутаг, баялагт нь эзэн суучихъя гэхээс өөрийг бодно гэж үү. Монгол орноо хүчтэй байлгая л гэвэл эв түнжингүйн эмгэнэлээсээ хурдхан салж ирээдүйн хөгжлөө бодох цаг иржээ. Шал дэмий биесээ гоочилж хайран эрч хүчээ бараад яах билээ.