Ноорхой тэрлэг шиг Монголын уран зохиол

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Ноорхой тэрлэг шиг Монголын уран зохиол

Энэ удаагийн ярилцлагынхаа хойморт МЗЭ-ийн гишүүн, зохиолч Сааюугийн Баттулгыг урилаа. Тэрээр саяхан “Ур модны зүүд” номоо өлгийдөн аваад байгаа юм. С.Баттулга Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Үйлдвэр, урлалын дээд сургуулийг уран барималч, Их Монгол дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр тус тус дүүргэсэн нэгэн.
-Юуны өмнө шинэ номоо хэвлүүлсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

-Та сүүлийн үед хүүрнэл зохиол дагнан бичиж байна. Ер нь хүүрнэл зохиолын төрлөөр хэзээнээс эхлэн бичив?

-Анх 2007 оноос эхэлж бичсэн л дээ. Миний бичсэн “Амрагийн захидал”, “Ижий зул” гээд хоёр шүлэг байдаг юм. Энэ хоёр шүлгээ багшид уншиж өгсөн чинь “Наад хоёр чинь тэр чигтээ өгүүллэг байна ш дээ. Чи ер нь өгүүллэг болгоод бичээд аваад ир” гэсэн. Багшийн даалгаврыг биелүүлэхгүй байж болохгүй шүү дээ/инээв/. Тэгээд өгүүллэг болгоод үзүүлсэн. Тэр маань хүмүүст их таалагдаж, түүнээс л урам зориг авсан даа. Би ер өөрийгөө их азтай гэж боддог. Учир нь Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр багшаараа хичээл заалгаж, одоо үеийн хүүрнэл зохиолын мундаг зохиолч П.Батхуяг багшийнхаа үгийн сонсч байлаа. Одоо ч гэсэн энэ хоёр багштайгаа байнга холбоотой байж, зохиол бүтээлийнхээ алдаа, оноог хэлүүлж явдаг.

-Хавар болохоор их бичдэг, эсвэл намар илүү хөглөгддөг гэж яруу найрагчид ярьдаг даа. Танд уран бүтээлээ туурвихад нөлөөлдөг цаг, улирал байдаг уу?

-Байлгүй яахав. Хавар болохоор яагаад ч юм их гэгэлзээд, догдлоод байдаг юм. Гэхдээ бусад цагт нь бичихгүй байна гэсэн үг биш л дээ.  Дээрээс нь гудамжаар алхаж явахдаа зохиолынхоо сэдэл, санаа, дүрийнхээ амьдралыг ихэвчлэн олдог. Заримдаа бол цэвэр төсөөллийн дүрүүд ч байдаг л даа. Би бичиж байх үедээ өөрийгөө бурхан мэтээр төсөөлдөг. Яагаад гэвэл дүрүүдийг хэнтэй уулзуулах вэ, хэнээс салгах вэ, гээд “үхэл амьдрал”-ыг нь би л шийднэ.

-Ч.Лодойдамба зохиолч “Тунгалаг тамир”-ынхаа Төмөрийг үхүүлчихээд уйлж   байсан гэдэг. Өөрт тань ийм үе гардаг уу?

-Гарна л даа. Энэ “Ур модны зүүд” гээд туужийн төгсгөлд  ур модыг нь эхнэр нь шатаачихдаг юм. Тэгээд их харамссан. Нэг хэсэг эхнэртэйгээ ч юм дуугараагүй. Харахаар л эхнэр маань шатаачихсан юм шиг гомдол төрөөд болдоггүй /инээв/.

-Өөрийн чинь зохиолын баатруудын нэр их сонин юм. Цэцүүхэй, Жамила гэх мэт. Дүрийн нэрийг яаж сонгодог вэ?

-Ер нь янз янз. Гэхдээ шууд л Бат, Дорж гээд нэрлэчихвэл утгагүй л дээ. Заримдаа бол зүүднээсээ ч олно. Эсвэл нэлээд хугацаанд бодож байж, зан араншин, гарч буй үйл явдалдаа тохирсон нэрийг сонгодог. Гол дүрийнхээ нэрийг өгөхгүй явж, явж зохиолоо бичиж дуусгачихаад өгсөн ч тохиолдол байдаг.

-“Хилийн цоорхой” баримтат туужийн тань талаар асуумаар санагдлаа. Туужийнхаа санааг яаж олов, яагаад энэ зохиолыг бичих болсон бэ?

-Би өөрөө Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. 13 настайгаасаа буу үүрч, адуу манасан. Манай нутаг хилтэй их ойрхон учраас тува нар байнга хил зөрчин орж ирж дээрэм тонуул хийдэг. Бид малаа хамгаалахын тулд тэдэнтэй буудалцаж, алуулах тохиолдол ч гардаг байлаа. Хил зөрчин орж ирж байгаа тува нар бол шууд алах, дээрэм хийхээр шийдчихсэн хүмүүс байдаг. Тэр нутгийн ард иргэд маань ямар хэцүү нөхцөлд, таван малтайгаа үлдэхийн төлөө амьдардгийг мэддэг болохоор энэ туужийг бичсэн. Анх хүмүүст энэ талаар ярихаар “Орчин үед ийм амьдрал гэж хаана байдаг юм бэ” гээд итгэдэггүй байсан. Нутаг орныхоо тухай бодож яваад ер нь ийм хүнд нөхцөлд, тэр орон нутагт амьдарч байсан хүний хувьд үүнийг уран бүтээл болгоё гэж бодсон. Ийм амьдрал байсан юм, одоо ч үргэлжлээд байгаа юм шүү гэдгийг олон нийтэд уран бүтээлээрээ дамжуулж хэлэхийг зорьсон.

-Сүүлийн үед хүүрнэл зохиолоор дагнан бичиж байгаа цөөхөн залуу зохиолчдын нэгийн хувьд Монголын үргэлжилсэн үгийн зохиол ямар төвшинд явж байна гэж боддог вэ?

-Би одоо иймэрхүү дүгнэлт хэлэхэд хэцүү байна л даа. Нэг үе яруу найраг хүмүүсийг байлдан дагуулж байсан бол нэг үе хүүрнэл зохиол товойж гарсан байдаг юм. Энэ талаар хүмүүс ч ярьдаг, цаг хугацааг нь тооцохоор ч тийм байдаг. Одоо бол Монголд хүүрнэл зохиолын цаг үе эхэлж байх шиг байна. Гэхдээ зөвхөн эх орондоо өөр хоорондоо өрсөлдөх нь жаахан тиймхэн. Дэлхий яагаад манай уран зохиолыг уншихгүй байна вэ гэхээр манайд мэргэжлийн орчуулагч бараг л алга. Дээрээс нь хүмүүс эхлээд уламжлал цаашаа, сэтгэлгээгээр зохиол бичих хэрэгтэй гээд байдаг. Би бол уламжлалыг сэтгэлгээтэй хослуулж авч үлдэх нь зүйтэй гэж боддог. Тэгж байж Монголын утга зохиол илүү хөгжих боломжтой. Манай улсын ард иргэдийн амьдрал, түүхэн уламжлал, ёс заншил тэр чигээрээ уран зохиол шүү дээ. Бидний бичээгүй өөрсдийн минь амьдралыг гадны нэг нөхөр тэмдэглэл маягаар бичээд л дэлхий нийтээр шагшуулж байгаа биз дээ. Тэгэхээр уламжлалт арга зүйгээ шинэ сэтгэлгээгээр баяжуулан зохиол бүтээлээ туурвих хэрэгтэй. Ингэж бичсэн зохиолыг мэргэжлийн уран зохиолын орчуулагч орчуулснаар дэлхий нийт унших болно. Манай уран зохиол, уран бүтээлчид бол гайхалтай шүү дээ.

-Тэгвэл манайд зөвхөн уран бүтээлээрээ амьдрах тийм зах зээл ер нь байна уу?

-Уг нь байгаа л даа. Гэхдээ одоо үед чинь хамгийн их худалдаалагддаг номууд бол яг үнэндээ эротик зохиол, хэрхэн баяжих вэ, яаж турах вэ гэх мэтийн юмнууд л байна ш дээ. Дээрээс нь захиалгын зохиолчид их байна. Яагаад захиалгын зохиолчид олшроод, тэд байсаар байна вэ гэхээр ердөө түүнийг нь унших масс /олонхи/ байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор жинхэнэ уран зохиолын үнэ цэнэ алдагдаад байгаа юм. Одоо чинь хэн дуртай нь кино зохиол бичиж байна, жүжиг зохиож байна. За тэр дууны шүлэг гээд байгаа юм бол бүр замбараагаа алдсан. Ямар нэгэн шалгуур, цензур байхгүй болохоор иймэрхүү байдалд хүргээд байх шиг байгаа юм. Монголын их уран зохиол “цоорхой тэрлэг шиг” байж болохгүй л дээ. “Тэрлэг”-нийхээ өнгийг нь шинээр солих, одоохондоо болохгүй бол ядаад нөхөх хэрэгтэй байна. 

-Та Монгол хэл, уран зохиолын багш хүн. Тиймээс яриагаа жаахан өөрчлөөд уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн талаар ярих уу?

-Энэ бол үнэхээр хэцүү зүйл. Одоо манайд Монгол хэл, уран зохиол гээд хоёр том хичээлийг нэг багш заадаг. Тэдгээр багш нар нь монгол хэлний дүрэм заахаас биш уран зохиолоо зааж сургадаггүй. Хүүхдүүдэд юу заадаг вэ гэхээр нөгөө л нэг Д.Нацагдорж, Б.Явуухулангийн намтрыг цээжлүүлж, зохиол бүтээлээс нь уншуулж яриулаад л дүнг нь гаргачихдаг. Намайг нэг удаа хөдөө явж байхад нэг багш “”Хүүхдүүдийнхээ дүнг Б.Шүүдэрцэцэгийн зохиолыг яриулаад л гаргадаг” гэж ярьж байсан. Б.Шүүдэрцэцэг гэдэг зохиолч Монголын их утга зохиолыг тодорхойлохгүй шүү дээ. Эх орны ирээдүй болсон үр хүүхдүүдийн сэтгэхүйг хар нялхаас нь захиалгын, мөнгөний зохиолоор дүүргэж, уран зохиолыг ойлгох ойлголтыг нь үгүй хийж болохгүй. Бүр уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна ч гэж нэг үе яригдсан шүү дээ, үнэхээр харамсалтай. Уран зохиол байж гэмээнэ улс орон тусгаар тогтнолоо хадгалж, үүх түүхээ марталгүй хойч үедээ өвлүүлж, зан заншлаа хадгалж авч үлдэж чадна. Мөн гадны уран зохиол, ялангуяа сонгодог төвшинд бичигдсэн зохиолыг хүүхдүүдэд бүр багаас нь зааж, тэдний хүмүүжил, бие даах чадварыг өндөр хөгжүүлэх хэрэгтэй.

-Тэгэхээр сонгодог зохиол гэж яг юу юм бэ, таныхаар…?

-Үүн дээр олон хүн өөр өөрийнхөө тодорхойлолтыг хэлэх байх л даа. Минийхээр бол цаг хугацааны уртад үнэ цэнээ алдалгүй, уншигчдын тархи оюунаас арчигдаагүй тийм л зохиолыг сонгодог гэж хэлнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!

-Баярлалаа. Танай сайтын уншигчдыг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж явах болтугай гэж ерөөе.

Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж