Сэлэнгэ мөрөнд хөвж алга болсон эх, хүү хоёрыг аврах ажилд хойрго хандсаны улмаас одоо болтол олдсонгүй. Харин аймгийн Онцгой байдлын газрын даргыг ажлаас нь халсан болоод энэ асуудал замхарсан. Налайхад бол хэн ч хариуцлага хүлээгээгүй. Налайхын уурхайд жил болгон хүн энддэг ч Н.Энхбаярын асуудлаас дээрдэж чадсангүй. Яахав хариуцсан сайдыг нь сольж болно, даргыг нь халж болно. Гэхдээ тэнд байгаа техник хэрэгслийг хэн шийдэх вэ? Шинэ дарга, сайд томилогдоход техник хэрэгсэл нь хамт хүрээд ирдэг бол хамаа алга л даа.
Сэлэнгэд болсон ослын үеэр аврах ажилтнууд нэгж гуйж, дарга руугаа холбоо барих гэж удсанаас болж хөвсөөр Оросын хил давсан билээ. Ядахдаа аврах хэрэгслээ ч бэлдээгүй байсан. Үүрийн цагаар ганц завь тавьсан ч эх, хүү хоёр аль хэдийнэ сураг тасарсан байсан. Өнгөрсөн жил Дорнодод болсон түймрийн үеэр аврах албаны гурван ч ажилтан хорвоог орхисон билээ. Бүгд л орчин үеийн техник төхөөрөмжгүйгээс тэр. Гал унтраах гэдгийг яриад ч хэрэггүй. Алба хааж байгаа цэргүүд, аврах албаны хүмүүсийг албадан дайчилж байж галыг унтраана. Нэг ёсондоо механикаар. Гэтэл галын хүч нэмэгдэх, салхинд туугдах зэргээр хүрээгээ тэлээд эхэлбэл яахыг хэлж мэдэхгүй. Хэдэн хүний амиар галыг унтраах вэ гэдэг нь тодорхойгүй.
Аймаг болгоны онцгой байдал нэг л “өвчинтэй”. Техник хэрэгсэлгүй. Галыг унтраахад улаан гараараа, хүн живэхэд усчин гэдгээрээ /тэгэхдээ сэлж чадахгүй, зориггүй байх гэдэг харьцангуй ойлголт/. Нэг ёсондоо 100 хувь хүний хүчин зүйл шаардагддаг өнгөрсөн зууны эхэн үед байсан тогтолцоо өнөөдөр ч хэвээр. Гэтэл энэ хооронд хүмүүс амиа алдсаар. Зөвхөн энэ онд л гэхэд гамшигт өртөж 226 хүн нас барж, 91 хүн бэртэж гэмтжээ. Гэхдээ үүнийг 2012 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сарын хооронд хийсэн судалгааны дүн гэдгийг санах хэрэгтэй.
Гадаадад ямар байдаг вэ? Онцгой байдлын аврах ажиллагаанд тэд анхаарлаа хандуулдаг. Яагаад гэвэл тухайн улс орны хамгийн үнэт капитал болсон хүн амаа аврахын тулд тэр. АНУ дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг үүнд зарцуулдаг. Тиймээс хамгийн орчин үеийн системтэй улсуудын тоонд багтдаг билээ. Нэг ёсондоо жишиг болсон гэхэд хилсдэхгүй.
Бид удахгүй бонд гаргаж эрдэнийн хувь хишгээ хүртээх гэж байна. Өөрөөр хэлбэл өр тавин байж мөнгө тараана гэсэн үг. Гэхдээ бид үүнийг тараахаа жаахан азнаад Онцгой байдлын салбарт хөрөнгө оруулалт хийвэл арай л дээр байх болов уу. Адаглаад өч төчнөөн төгрөгийн хохирол амсахгүй байх боломжтой. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд гэхэд л өнгөрсөн жил 380 удаагийн гал түймэрт 266 сая төгрөгийн хохирол учирчээ. Нэг ёсондоо 266 сая төгрөгийг шатаачихсан гэхэд хилс болохгүй. Харин 380 удаагийн объектын гал гарч 524 сая төгрөгийн хохирол учирчээ. Хэрвээ бид онцгой байдлын салбарт хөрөнгө оруулчихвал ийм хөрөнгийг шатаахгүй байх боломжтой.
Үүнээс гадна юугаар ч үнэлж баршгүй хүний амийг аврах боломжтой болно. Хэрвээ бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихвал дээр дурьдсан 266 хүний амийг тодорхой хэмжээгээр бууруулах нь тодорхой.
Техник хэрэгсэл муутайдаа бид огт хүн аврахгүй байгаа хэрэг биш 650 гаруй хүний алтан амийг өнгөрсөн онд аварсан. Харин техник хэрэгслийн тухайд хангалтгүй байдаг учраас одоогийн хүч нөөцөнтөө тулгуурлаад гурван ээлжээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэртээ тэргүй хүн ам нь өдрөөс өдөрт өссөөр байгаа энэ хотод галын машин болоод, аврах ажилчдын тоо хүртээмжгүй гэсэн судалгаа гарчээ. Жилээс жилд л бид онцгой байдлын техник хэрэгсэл хангалтгүй байна гэж ярьдаг. Гэсэн хэрнээ одоо болтол байдлыг дээрдүүлсэн зүйл алга. Хамгийн сүүлд бид хоёр хүний амийг алдчихаад байгаа шүү дээ.