Айлууд эргээд үерийн бүсэд суурьшжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Айлууд эргээд үерийн бүсэд суурьшжээ

Өнгөрсөн жил нийслэлд хүчтэй үер бууж олон айл өрх үерт автсан. Үерт автсан айлуудыг  шинээр төлөвлөсөн суурьшлын аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн боловч тэдгээр айлууд хуучин үерт өртсөн газартаа эргэж буусан байна. Өнөө жил ахин их хэмжээний хур бороо орвол хүний амь үрэгдэж, орон гэр, эд материалын хохирол учрахгүй гэх баталгаагүй байгаа юм. Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн хэмжээнд явуулсан судалгаагаар үерийн аюулд өртөж болзошгүй 2600 гаруй өрх байгаа ажээ. Нийслэлийн хэмжээнд 1966 оноос хойш нууран байгууламж нэгийг, тунгаагуур зургааг, инженерийн хийцтэй бетонон доторлогоотой 42 орчим км суваг шуудуу байгуулсан байдаг ажээ. Туул, Сэлбэ, Дунд голуудын эрэгт 56 км орчим хамгаалалтын далан, 9,8 км шороон, 3,8 км чулуун доторлогоотой далан бий. Түүнчлэн  25 км орчим урт, зам талбайн борооны ус зайлуулах далд шугам сүлжээтэй ажээ. Эдгээрийн 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахаа больж, эвдэрч нурсан, зарим хэсэг нь хог лагаар дүүрсэн байдалтай байгаа нь үер усны аюулаас хотыг хамгаалах аргагүйг батлаад байгаа юм. Иймээс цаашид Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжуудыг шинээр барих, сэргээн засварлах, гадаргуугийн ба хөрсний ус зайлуулах ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийх нь зүйтэй гэж НИТХ-ын тэргүүлэгч гишүүд үзсэн байна.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж