Мэдээлэл авдаг гол эх сурвалжийн тухай санал асуулгад олон нийтийн 90 хувь нь телевизийг дурьджээ. Энэ тоог дагаад реклам сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн ихэнх нь ч бас зориулагдаж байгаа нь тодорхой. Монголын медиа салбарын зах зээлийн хэмжээ тодорхойгүй, үйл ажиллагаа ойлгомжгүй, мэдээлэл нь бүрхэг. Медиа салбартай хамтран ажилладаг, ажиллахаар урьдчилан төлөвлөж байгаа хүмүүст мэдээлэл хомс. Наад зах нь телевиз үзэгчдийн оргил цаг гэдгийг мэдрэмж төдийхнөөр тодорхойлсон байдаг. Түүгээр ч зогсохгүй аль компани аль телевизтэй илүү хамтран ажиллаж, хэрхэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж, энэ сурталчилгаандаа хэр хэмжээний зардал гаргаж, тэр гаргасан зардал нь үр дүнтэй болж чадаж байна уу үгүй юу гэдэг нь ч бас бүрхэг байгаа юм. Нийгмийн түүхийг бичиж үлдээд байгаа медиа салбарийнханы нийгэм улс төр, эдийн засгийн шинжтэй хөтөлбөрүүдийн мэдээллийг эргээд хайхад амар дөт, цэгцтэй зохион байгуулдаг архивын систем Монголд байдаггүй. Эндээс медиа салбарын үйл ажиллагаа ойлгомжгүй, мэдээллийн салбар атлаа өөрсдийнх нь мэдээлэл ч байдаггүй гэдэг нь харагдаж эхэлж байна. Хамгийн ил салбар атлаа шүү дээ. Цагаа олж сурталчилсан рекламууд хэрэглэгчдийн тоог 20 хувиар нэмж 80 хувийн ашгийг бий болгодог байна.
Азанд найдахаа болих уу? гэсэн сурталчилгаа явж байна. “Максима медиа” гэдэг хувийн компани телевиз үзэгчдийн судалгааг нарийвчлан гаргах боломжтой технологийг оруулж иржээ. Судлаач, социологич залуусаас бүрдсэн тус компани нь өөрсдийн ажлын туршлага дээр тулгуурлан 2005 онд байгуулагдсан гэдэг. Дэлхийн 61 оронд судалгааны үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтран ажилладаг, хамгийн нэр хүнд бүхий медиа байгууллагын рейтингийг тогтоож өгдөг топ компани болох Их Британийн “Кантар” болоод ОХУ-ын “ТНС Гэллап Медиа”-тай хамтран энэхүү системийг Монголд нэвтрүүлээд эхний үр дүн нь гарч эхэллээ. Монголд медиа салбар нь хөгжиж амжаагүй байхад мэдээлэл технологийн бусад салбарт хөгжил нь маш хурдацтай явагдаж, асар их хөрөнгөтэй, хүчтэй болоод байна. Мөн хөгжиж буй орон учраас гадны олон брэндүүд ч орж ирж байна. Эдгээр бизнесийн байгууллагуудад бүгдэд нь өөрийн компани, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах зайлшгүй шаардлага байгаа нь тодорхой. Харин Монголын медиа салбар, тэр дундаа телевизийн салбарт сурталчилгаандаа зарцуулах тэр их хөрөнгө мөнгийг шударга, ухаалгаар өөрийн болгох арга замыг нь нээж, чиглүүлж байгаа газар нь “Максима медиа” юм. Дэлхийн улс орнуудад телевизийн рейтингийг тогтоодог 10 гаруй компани байдаг аж. Эдгээрээс топ хоёр компанийн нэг нь “Кантар медиа” компани бөгөөд медиа, телевиз, радио, интернетийн ауденсийн хэмжилтийг хийгээд 30 гаран жилийн туршлага хуримтлуулсан аж. Анх телевиз үзэгчийн үзэлтийг хэмждэг цахим төхөөрөмж “пипл метр” зохион бүтээгдсэн нь энэ салбарт томоохон хувьсгал болж байсан аж. Анхлан зохион бүтээж ашиглаж байсан аналоги систем дээр суурилсан пипл метрийг боловсронгуй болгож, аль ч технологи дээр ажилладаг болгосон нь энэ салбарт дахин хувьсгал болж чаджээ. Зөвхөн хэмжилт хийдэг төхөөрөмж төдийгүй түүнийг дагаад судалгааны мэдээллийг боловсруулдаг, анализ хийдэг софтвэйр ч бүтээгдсэн. Пипл метрээр хүлээн авсан бүх кодыг тайлж уншдаг, хүний хэл рүү хөрвүүлдэг Комтел программ, мэдээллийг харилцагч буюу пипл метрийн мэдээллийг авч ашиглаж байгаа субьектуудад зориулж анализ, төлөвлөлт болгон боловсруулж өгдөг инфосис нь телевиз үзэгчийн судалгааны олон жилийн туршлага, ололтыг өөртөө шингээсэн ухаалаг программууд нь мөн л “Кантар медиа”-гийн бүтээгдэхүүн. Дээрх хоёр программ хангамжтай, электроникийн тодорхой шийдэлтэй, судалгааны цогц системийг Монголд оруулж ирээд байгаа юм. Дэлхийн медиа зах зээлд өргөнөөр ашиглаж байгаа эдгээр систем нэвтэрсэнээр Монгол ч бас дэлхийн түвшинд мэдээллээ боловсруулах боломжтой болж байна. Хэдийгээр хүлээлт эрэлт ихтэй байсан ч медиа судалгаа, мониторингийн судалгаа Монголд төдийлөн сайн нэвтэрч, хөгжиж чадахгүй байсан нь нэгт хөгжиж буй орны медиагийн өөрийнх нь хөгжилтэй холбоотой, хоёрт хөрөнгө оруулалтын асуудал байжээ. Медиа судалгааны салбарт медиа мониторингийн үйлчилгээг олон улсын түвшинд хийж чадсан давуу тал, нөгөө талаас медиа судалгааг цогцоор хийх зайлшгүй шаардлагын үүднээс “Максима медиа”-гийнхан эрсдлээс эмээлгүй телевиз үзэгчийн судалгаанд хөрөнгө оруулжээ. Монголд телевиз үзэгчийн рейтингийг тогтоох оролдогуудыг хийж байсан ч эфирийн мониторинг байхгүй учраас мэдээлэл нь хангалтгүй, телевизүүдийн өрсөлдөөнийг тодорхойлох хэмжээний нарийвчлалтай судалгаа өмнө нь хөгжиж чадаагүй байна.
Үргэжлэлийг "Үндэстний Тойм" сэтгүүлээс…
Эх сурвалж: "ҮНДЭСТНИЙ ТОЙМ СЭТГҮҮЛ"