Их Британийн Засгийн газраас насанд хүрээгүй хүүхдүүдийн интернэт сайт ашиглалтыг хянах, тэднийг насанд хүрэгчдийн контент үзэхийг хориглох үүднээс порно сайтуудад нэвтрэхийг автоматаар хаах эсэх талаар санал асуулга зохион байгуулжээ. Их Британид энэхүү санал асуулгын үр дүнгээс шалтгаалж интернэтээр хангагч байгууллага болон иргэдтэй хамтран цаашид порно сайтуудад нэвтрэхийг автоматаар хориглох арга хэмжээ авах эсэх нь шийдэгдэх гэнэ. Харин тус улсын 3500 эцэг, эхчүүдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 70 хувь нь энэхүү хоригийг дэмжсэн байна. Гэхдээ тэдний 35 хувь нь порно сайтад нэвтрэхийг бүрэн хориглохыг, 15 хувь нь бүх порно сайт бус зарим “дэндүү” насанд хүрэгчдийн сайтуудад орохыг хориглохыг тус тус дэмжжээ. Тиймээс удахгүй Их Британид хэрэглэгчид интернэтээр хангагч байгууллагатай тохиролцсоны үндсэн порно сайтад нэвтрэхийг автоматаар хориглодог болох аж.
Б.Анхтуяа