Дархан-Уулын Ардчилсан нам шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Дархан-Уулын Ардчилсан нам шинэчлэгдлээ

2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн үр дүнд үндэслэн Дархан-Уул аймгийн Ардчилсан нам 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд Ээлжит бус хурлаа хуралдуулж намын удирдлага, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг авч хэлэлцлээ. Тус ээлжит бус хурал нь намын хорооны гишүүдийн 65 хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр явагдсан. Намын дарга Б.Мягмардаш нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэснээр шинэ удирдлагуудыг сонгох шаардлага гарсан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу намын хорооны гишүүн  Л.Наранбаатар, Г.Гантулга, Б.Баттогтох, П.Эрдэнэбат нар намын даргад нэр дэвшсэнээс Г.Гантулга, П.Эрдэнэбат нар нэрээ татсан. Дархан-Уул аймгийн намын даргын сонгуулийг холбогдох дүрэм, журмын дагуу сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо удирдан явуулсан бөгөөд 92,3 хувь буюу 55 гишүүний саналаар Аймгийн Ардчилсан намын шинэ даргаар Лүндэгийн Наранбаатар сонгогдлоо. Мөн хурлаас намын дэд даргад Гонгорын Гантулгыг 100 хувийн саналаар сонгов.Тус хурлаас шинээр сонгогдсон намын залуу удирдлагуудад намын дотоод ардчиллыг бэхжүүлж өөрчлөлт, шинэчлэлт хийх, шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, зорилго зорилтуудыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгаж, ажилд нь амжилт хүсэв.

Намын шинэ дарга Лүндэгийн Наранбаатар нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн. 33 настай. Эхнэр, охины хамт амьдардаг. Уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй.  Бизнесийн удирдлагын магистр. “Гложекс Холдинг”-ийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. Монголын Бизнесийн зөвлөлийн Байгаль орчны ажлын хэсгийн гишүүн, Монголын уул уурхайн залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын уул уурхайн клуб” ТББ-ын үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүн, мото спортын шинэ төрөл “Монголын АТВклуб” –ын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг.

Намын шинэ дэд дарга Гонгорын Гантулга нь Дархан уул аймгийн Дархан суманд төрсөн. 44 настай. Эхнэр, 2 хүүгийн хамт амьдардаг. Барилгын инженер мэргэжилтэй. Техникийн ухааны болон төрийн удирдлагын магистр. . Г.Гантулга нь Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Дархан нутаг ТББ-ын тэргүүн, Ардчилсан хүчний холбооны Дархан салбарын ерөнхий зохицуулагч,Дархан уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчбөгөөд2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Дархан уул аймагт нэр дэвшиж байсан, орон нутагтаа танигдсан, туршлагатай улстөрч юм гэж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж