“Дэлхийн оргил” хэмээгддэг Гималайн нурууны 8000 метрийн өндөр ноён оргилд хөл тавьсан анхны уулчдын багийг удирдаж явсан Францын уулчин Морис Эрцог өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр 93 насандаа таалал төгсчээ. Морис Эрцог нь 1950 онд Гималайн нурууны Непал улсын хойд хэсэгт орших Аннапурнагийн 8091 метрийн өндөр оргилд хөл гарынхаа хуруунуудыг хөлдөхийг ч үл тоон гарч чадсанаараа Гималайн оргилд анх хөл тавьсан хүн хэмээн түүхэнд бичигдсэн аж. Хожим нь тэрээр энэ талаараа "Annapurna: The First Conquest of an 8,000-Meter Peak" нэртэй ном бичсэн нь шилдэг 100 спорт номын жагсаалтыг тэргүүлж, 20 гаруй сая хувь хувилагдаж, олон орны хэл дээр орчуулагдсан байна. Морис Эрцогийг таалал төгссөн тухай Францын ерөнхийлөгчийн “Елисей” ордноос мэдээлсний дараа Олон улсын олимпийн хороо, Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсоор түүний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Ерөнхийлөгч Франсуа Олланд “Францчууд бид бүгдээрээ хүндэт уулчин Морис Эрцогийг үргэлж санан дурссаар байх болно” гэж мэдэгдсэн байна. Морис Эрцог нь 1995 оноос хойш Олон улсын олимпийн хорооны идэвхитэй гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн онд Францын Засгийн газар түүнийг “Grand Cross” одонгоор шагнаж байжээ.
Б.АНХТУЯА