Хөгжмийн ертөнцийн гайхамшгийг хүүрнэхүй

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Хөгжмийн ертөнцийн гайхамшгийг хүүрнэхүй

Зураач уран бүтээлч Д.Батбилэг гурав дахь үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. “Are you ready” нэрнээсээ л сонирхол татсан үзэсгэлэнгийн танхимын үүдээр алхануут хэн хүнгүй дуу алдана. Учир нь зураач Даржаагийн Батбилэгийн олон жилийн турш цуглуулсан пянз болон хөгжмийн түүхийн холбогдолтой ховор ном, сонины хайчилбаруудаа дэлгэжээ. Түүний хувийн цуглуулгад рок поп, жааз, блюз гээд хөгжмийн ертөнцийн олон төрлөөс бүрдэх 2500 орчим пянз байдаг бөгөөд галерейн багтаамжаас шалтгаалаад 350-ийг нь шилж тавьсан гэнэ. “Битлз”, “Queen”, Элвис Пресли””, Майкл Жексон, Лэди Гага тэргүүтэй алдартнуудын “Дэлхийн шилдэг дууны жагсаалт”-ыг 100 долоо хоногоос дээш тэргүүлсэн хамгийн шилдэг пянз, дэлхийд ердөө 50, 100-хан ширхэг хэвлэгдсэн, алтан болон платинум пянзыг ч эндээс үзэж нүдээ хужирлах боломжийг олгож буйгаараа уг үзэсгэлэн онцлогтой аж. Түүнчлэн тэдний хөргийг тосон будгаар гайхалтай буулгасан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв.

Хамгийн гол нь зүгээр нэг үзэсгэлэн гэхээсээ хүмүүст хөгжмийн мэдлэг олгох үүднээс тухайн хамтлаг, дуучдын талаарх бүхий л мэдээллийг пянзных нь хажууд шилэн хоргонд байршуулснаараа хэн хүний сонирхлыг татаж байлаа. Танхимын газраар хөглөрөх сонин, сэтгүүлийн хуудас ч хөгжмийн ертөнцийн түүхийг хүүрнэнэ. Энэ олон ховор содон пянзыг цуглуулахад багагүй мөнгө шаардлагатай биз гэхэд “Ах нь энэ пянзыг төдөн төгрөгөөр авсан шүү гээд тооцоо бодоод суудаг нягтлан биш. Хөгжимд үнэхээр дуртай учраас ховор содон пянз тааралдвал яаж ийгээд авахыг л зорьдог” хэмээн Д.Батбилэг зураач хэлсэн юм.

Ингээд зураач Даржаагийн Батбилэгийн яриаг хүргэж байна.

-Өмнө нь та Англид “Queen” хамтлагийн цуглуулга, өөрийн зурсан бүтээлүүдээрээ үзэсгэлэнгээ гаргаж байсан гэсэн?

-Тийм ээ, Англид зөвхөн “Queen” хамтлагт зориулан үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Өнгөрсөн жил тус хамтлагийн 40 жилийн ой болоход. Дэлхий даяар фенүүдтэй тэр мундаг хамтлагт би багаасаа дурлаж өссөн фен л дээ. Тэгээд өөрийнхөө ганц дуртай хамтлагт зориулж яагаад үзэсгэлэн гаргаж болохгүй гэж. Тэр тусмаа Монгол хүн “Queen” хамтлагийн төрсөн нутагт үзэсгэлэнг нь дэлгэж болохгүй гэж үү гээд Англид очиж үзэсгэлэнгээ гаргасан. Тэгэхдээ би ямар нэгэн галерейг сонгоогүй Европын банкинд гаргасан. Монголын Элчин сайд ирж, миний үзэсгэлэнг нээсэн.

-Англичууд тэрхүү үзэсгэлэнг тань хэр хүлээж авсан вэ?

-Тухайн үед Английн сурвалжлагч нар маш их гайхаж байсан. Учир нь “Queen” бол Английн хамтлаг. Англичуудад монголчуудын тухай мэдлэг маш бага. Ямартаа л уулзаагүй удсан хоёр англи “Чи чинь монгол явчихсан” юм уу гэж алс холын гэсэн утгаар зүйрлэн ярьдаг. Англичуудын хамгийн дуртай хамтлагийг монгол хүн зурахаар маш их гайхаж хүлээж авсан. Тэгээд үзэсгэлэн нь ямар нэгэн галерейд биш Европын банкинд гарсан нь басхүү тэднийг гайхшралыг илүүтэй төрүүлсэн. Би сайндаа ч үүнийг хийсэн биш. Миний менежер Өнөрмаа гэж монгол бүсгүй Лондонд байдаг. Тэр хүний маш их идэвхи оролдлого, чармайлтаар энэ бүхэн бүтсэн. Өнөрмаадаа маш их баярлалаа гэж хэлье.

-Тэрхүү үзэсгэлэнгээ Улаанбаатарчуудад дэлгэх нь ээ хэмээн төсөөлж байсан юм. Гэтэл энэ удаагийн “Та бэлэн үү” үзэсгэлэн үүднээсээ эхлэн өөрийн эрхгүй гайхшрал төрүүллээ?

-Энэ үзэсгэлэндээ би дэлхийн хөгжмийн урлагийн түүхийг дэлгэсэн. Хөгжмийн урлаг рок, поп, рок-н-ролл хаанаас эхэлж дугарсан тэр цэгээс эхэлж байгаа үзэсгэлэн юм. Анхны рокууд, твист, рок-н-роллоос өнөөдрийн дэлхийн од Лэди Гага хүртэлх бүх түүхийг өгүүлсэн байгаа. Үүгээрээ миний үзэсгэлэн үүгээрээ онцлог.

-Маш олон пянзыг дэлгэжээ. Өнөөдөр үүнийг сонсдог эгшиглүүлдэг хүмүүс Монголд гарын арван хуруунд багтах байх аа? Пянзыг сонсоход гоё ч арчилгаа ихтэй эмзэг гэгддэг. Таны цуглуулгад хэчнээн пянз байдаг бол?

-Ямар ч байсан 2000 гаруй пянз бий. Яг нэг бүрчлэн тоолж үзээгүй. Сингл пянзнуудаа ер нь тоонд оруулдаггүй юм. Тэгэхдээ пянз хадгалалт, хамгаалалт эмзэг хэдий ч хоцрогдсон гэдэг ойлголт бол монголчуудад байдаг. Пянз хоцрогдоогүй гэдгийн том жишээ бол надад өнөөдөр Лэди Гагагын пянз бий. Өнөөдөр дэлхийд гайхуулж л байгаа дуучин биш шүү дээ.

-Монголд пянз тоглуулагчийг дэлгүүр бүрт зараад байдаггүй шүү дээ?

-Магадгүй аваад, хааласандаа хийгээд явж байхад авсаархан гэдэг утгаараа MP тоглуулагчийг нэрлэж болно. Гэхдээ пянз өөрөө манайд орж ирээгүй зах зээл учраас тоглуулагч нь зарагддаггүй. Европод пянз тоглуулагч өнөөдөр ч гэсэн зарагддаг, өнөөдөрийг хүртэл пянз гаргаж байдаг. Ний нуугүй хэлэхэд бид хөгжмийн урлагаас хоцорч яваа.

-Танд хэчнээн пянз тоглуулагч байдаг вэ? Энэ үзэсгэлэнд хоёр ч пянз тоглуулагчаа тавьсан байна?

-Янз бүрийн л пянз тоглуулагч байдаг. Зүү нь их амархан гэмтдэг, тэгээд олддоггүй учраас манайд битгий хэл Европт ч сэлбэгийн дэлгүүр байхгүй шүү дээ. Тиймээс зүүгээрээ бодож нэг нь хугарвал нөгөөдөх рүүгээ ордог учрас олон тоглуулагч авдаг. Бүүр сайн дөрөв таван пянз тоглуулагч бий. Тааруухантайгаа нийлээд арав орчим байгаа.

-Пянзны цуглуулга бусад цуглуулгаас юугаараа ялгаатай, давуу талтай вэ?

-Пянзыг цуглуулснаараа нэгдүгээрт мэдээлэл авдаг. Хоёрдугаарт маш нямбай болдог. MP3-ыг бол товчин дээр дараад л мартана. Өнөөдөр чиний сонсч байсан CD хугарвал маргааш гараад л захын дэлгүүрээс авна шүү дээ. Пянзыг өнөөдөр гүйж гараад авах боломж ховор. Дээр нь пянзыг хүн маш чамбай тавьж байж сонсдог. Ихэнх пянзчид “CD сонсоноос пянз сонсох нь шал өөр, юмыг сонссон шиг сонсдог” хэлдэг юм. Юмыг амьдаар нь мэдрэхийг хүсвэл пянзыг сонгох хэрэгтэй.

-Таны үзэгэлэн дотор алхахад ч амаргүй юм. Учир нь дэндүү сайхан зургууд газраар нэг тавьчихсан байна. Энэ олон сонинг яаж цуглуулсан юм бол оо гайхаж байлаа?

-Сонин тэр чигээрээ урлагийнх байх нь ховор шүү дээ. Урд хэсэгтээ нийгмийн амьдрал, дундуур нь улс төр, тэгээд спорт, хөгжим гээд байдаг. Би үүнээс зөвхөн хөгжмийн хэсгийг нь л түүж цуглуулсан.

-Цуглуулгаа хаана хадгалдаг вэ?

-Гэртээ

-Арчилгаа их шаарддаг нандин цуглуулга юм аа.

-Яахав би хамгийн гол нь тэр бүр дэлгэж үзүүлээд байдаггүй. Хав дараад байвал дараад байдаг хүн. Дэлгэвэл хэчнээн олон хүний хүртээл болох вэ гэдэг утгаараа энэ үзэсгэлэнгээ гаргасан.

-Таныг Лондонд үзэсгэлэнгээ дэлгэсний дараа гадаадад үзэсгэлэнгээ дэлгээч ээ гэсэн урилга их ирсэн байх даа?

-Би өөрийн гэсэн вэб хуудастай. Миний хувьд явж, суух сонирхол бага. Би чинь өөрөө монгол хүн. Монголчууддаа зориулж юмаа дэлгэж, эндээ л бүтээлээ хийдэг. Бид чинь улсдаа “өр”-тэй хүмүүс шүү дээ. Эх орондоо л уран бүтээлээ хийх сонирхолтой.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Төлөвлөсөн ажлууд байна. Үзэсгэлэнгийнхээ дараа хийх ажлууд бий. Ярихад арай эрт юм уу. Гэхдээ мэдээж юу гэж дандаа хөгжим зураад байхав. Ер нь уран бүтээл бол тухайн нийгмийн захиалга. Юу хэрэгтэй, гаргаж ирж тавих сонирхол байна, түүнийг хийнэ дээ.

-Та уран зураг, орон зайн урлаг, хивс гээд олон төрлөөр бүтээлээ урлах юм аа?

-Би өөрөө туурган хивс буюу ханын хивсний төрлөөр мэргэшсэн. Туурган хивс хийхэд ямар нэгэн зүү ашиглахгүй гараар л сүлждэг. Ер нь юм юм л хийх сонирхолтой доо.

Түүний үзэсгэлэн энэ сарын 29-нд хаалтаа хийн өндөрлөнө. Та заавал өөртөө цаг гарган амжаад үзээрэй. Гадаадад ч дэлгэгдэхгүй ховор “гайхамшиг” дэргэд тань байна шүү. 

Г.ДАША

Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж