Бонд зээлийн хүүг бууруулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Бонд зээлийн хүүг бууруулна гэв

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр 1,5 тэрбумын бондыг юунд зарцуулах тухай бизнес эрхлэгчдийг цуглуулж санал бодлыг нь сонсохоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮИ/-д цуглуулсан юм. Сайд товлосон хугацаанаасаа 30 минут хоцорч ирээд, 45 минут бондыг хэдэн тивээр явж, яаж олсон тухайгаа тайлбарлалаа. Тэрээр “Төрийн галаа бадрааж тэнгэртэй холбогдож байж дэлхийн зах зээлээс санхүүжилтээс мөнгө босгож ирлээ, Монголчууд бардам байх ёстой, том ярих ёстой, өөрсдийгөө өндрөөр үнэлэх хэрэгтэй, одоо дэлхий бидэнтэй огт өөрөөр харьцдаг болсон, мөнгө олох хэцүү биш, манай бондын хүү бусад улсуудаас бага байгаа нь биднийг хэрхэн үнэлэж байгаа харуулж байна” зэрэг баахан өгүүлбэр урсгасан. 

Ямар ч байсан 1,5 тэрбумын бондыг зарим хэсгийг зээлийн хүү бууруулахад ашиглах юм байна гэж түүний ярианаас ойлгогдсон. Иргэдийн төлдөг нийгмийн даатгалын мөнгийг улс олон жил төсөвт оруулж үрж дуусгасан. Тиймээс бондын мөнгөний нэг хэсгийг нийгмийн даатгалын санд нэг удаа байршуулна. Тэр байршуулсан мөнгөө арилжааны банкуудад урт хугацаатай, хямд эх үүсвэр болгож өгөх юм бол зээлийн хүү буурна гэж ярьсан юм.

Бизнес эрхлэгчид хариуд нь санхүүгийн зуучлалын салбар буюу хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүйгээр эрэлт нийлүүлэлт, өрсөлдөөнөөр зохицуулагддаг зээлийн хүү хэзээ ч буурахгүй. Санхүүгийн зуучлалыг хөгжүүлж, өрсөлдөөн бий болгохгүйгээр олигопол банкууд хэзээ ч зээлийн хүүгээ бууруулахгүй гэдэг саналаа хэлсэн юм.

Мөн Н.Батбаяр сайд бондын мөнгийг юунд зарцуулах талаар таван яамны саналыг аваад байгаагаа танилцуулаад, яамдын төслүүдийг судалж юунд мөнгө хуваарилах шүүлтүүрийг хийж байгаа гэлээ. 

Харин бизнес эрхлэгчид бондын мөнгөний 20-30 хувийг жижиг дунд бизнест оруулж 5- 15 саяын төслүүдэд хөрөнгө оруулахыг уриалсан бодлого гаргахыг уриалсан. Улс орноо хөгжүүлэхэд мега төслүүдийг санхүүжүүлэх нь зүйн хэрэг, гэхдээ энэ нийт татварын 70-80 хувийг бүрдүүлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй гэж хэлсэн юм.

Бондын санхүүжилтээс банкуудад олгохдоо зээлүүд төрөлжих боломж бүрдүүлэхгүй бол энэ Чингис бонд цөөн хүн, цөөн компанийн наймаа болж хувирна гэж бодож байгаагаа хэлсэн.

Мөн төслүүд гэдэг асар том худалдан авалт. Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрүүдээс түүхий эдээ авах зохицуулалт хийхгүй бол Хятадаас бүх материалаа худалдаж авсан, Хятадыг дэмжсэн санхүүжилт болохгүй байгаасай гэсэн саналыг бизнесмэнүүд гарсан юм.

Сайд хариуд нь “Банкуудын захирлуудтай байнга уулзаж зээлийн хүүгийн тухай ярилцдаг, бондын мөнгө жижиг дунд бизнест наалдахгүй гэж битий ай, банкинд урт хугацааны санхүүжилт бага хүүтэй зээл болж очно. Тэндээс жижиг дунд бизнесүүд бага хүүтэй зээл авч бүгдэд нь хүртээмжтэй болох болно. Мөн юм хийж чаддаг компаниуд Эдийн засаг хөгжлийн яаманд нэгдсэн холбоодоороо дамжуулан, төслүүдээ танилцуулах боломжтой гэж давтан давтан хэлж байв.
 

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж