АНУ-д 20 сурагчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

АНУ-д 20 сурагчийг хөнөөжээ

АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотын “Sandy Hook” бага сургуульд өчигдөр өдөр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 27 хүний аминд хүрсний 20 нь бага ангийн сурагчид байжээ. Хохирогчдын 18 нь газар дээрээ амь үрэгдсэн бол хоёр сурагч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Ньютаун хотын цагдаа газрын мэдээлснээр өчигдөр өдөр 14:40 минутын үед хоёр гар буу, 223-ын калибр буугаар зэсвэглэсэн этгээд “Sandy Hook” бага сургуульд нэвтрэн бага ангийн сурагчдыг өөр зургаан хүний хамт буудаж, хөнөөчихөөд дараа нь өөрийгөө буудсан гэнэ.

Цагдаа нар гэмт хэрэгтнийг урьд нь байцаагдаж байсан 24 настай Райн Ланза гэгч этгээд хэмээн сэжиглэж байсан ч хожим түүний дүү 20 настай Адам Ланза гэгч энэ хэргийг үйлдсэн болохыг тодруулжээ. Ньютаун хотын цагдаа нарын үзэж буйгаар Адам Ланза сургуульд ирж халдлага үйлдэхээсээ өмнө тус сургуульд багшилдаг байсан ээж Нэнси Ланзагаа гэртээ буудан хөнөөж, өөр нэг хүнийг шархтуулсан аж. Гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн этгээд бага сургуулийн нэг анги руу орж сурагчид руу гал нээсэн бөгөөд 100 гаруй удаа гал нээх буун дуу сонсогджээ. Энэ үеэр хэвийн хичээллэж байсан сургуулийн сурагчид буун дуу, хүмүүсийн орилооноор айж сандралдан сургуулиасаа яаран гүйн гарцгаасан байна. 

Энэхүү аймшигт хэрэг гарсан “Sandy Hook” бага сургуулийг цагдаа нар хамгаалалтад авсан бөгөөд амь үрэгдсэн сурагчдын эцэг, эх, гэр бүлийнхэн сургуулийн гадаа цуглаж, уйлж гашуудаж байна. Үүний дараа Ньютаун хотын сүмийн гадаа олон зуун иргэд цуглаж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн бол Вашингтонд хохирогчдын төлөө 200 гаруй хүн “Цагаан ордон”-ны гадаа лаа барин жагсч,  галт зэвсгийн хяналтыг сайжруулахыг шаарджээ. Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, тэдний зовлон шаналлыг ямар ч үгээр илэрхийлэх аргагүй хэмээн нулимс дуслуулан мэдэгджээ. Мөн тэрээр аймшигт хэргийн шалтгааныг тодруулж, галт зэвсгийн хяналтыг сайжруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Ньютаун хотын “Sandy Hook” бага сургуульд таваас арван насны 600 гаруй хүүхэд суралцдаг аж. Энэхүү аймшигт хэрэг нь АНУ-д энэ 2012 онд гарсан гуравдахь том халдлага юм байна. Эхнийх нь өнгөрсөн зургадугаар сард Колорадо мужийн Аврора хотод “Century 16” кинотеатрт “Batman” киноны нээлтийн үеэр багтай, зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 12 хүний аминд хүрсэн. Харин удаах нь Висконсин мужийн сикх шашны сүмийн итгэгчид рүү зэвсэглэсэн этгээд гал нээж зургаан хүнийг хөнөөжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж