Обамагийн баг хэрхэн бүрдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Обамагийн баг хэрхэн бүрдэх вэ?

Дахин сонгогдоод байгаа
ерөнхийлөгч Барак Обамагийн баг хэрхэн бүрэлдэх нь олон улсын ажиглагч
нарын анхаарлыг татаж байна. Ямар ч байсан одоохондоо маш олон нэрс
яригдаж байгаа. Тэдгээрийг та бүхэнд хүргэе.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд Обамагийн багийг толгойлж байсан хүн нь Хиллари
Клинтон. Олон улсад явуулж байгаа бодлого, байр суурь зэрэг нь барууны
болоод Ази тивийн зарим улсын эгдүүцлийг төрүүлдэг. Зарим нэг улстөрийн
үйл явцад хэтэрхий консерватив, дундыг баримталдаг гэж шүүмжлүүлэх нь
бий. Обамаг дахин сонгогдсоны дараа чөлөөнд гарахаа илэрхийлснээс хойш
түүнийг хэн орлох нь хамгийн том асуулт байсан билээ.

Сонголт 1: Сюзэн Райс.

АНУ-ыг
НҮБ-д төлөөлөх элчин сайд. Тэрээр энэ албан тушаалыг хашиж байгаа
АНУ-ын анхны хар арьст гишүүн болсон юм. Түүний намтарт хамгийн хар үйл
явдал нь өнгөрсөн есдүгээр сарын 11-ний Ливийн халдлага. Энэхүү
халдлагын үеэр АНУ-аас Ливид суугаа элчин сайд Крис Стивенс болон элчин
сайдын яамны гурван ч ажилтан нас барсан юм. Яг үүнтэй холбоотойгоор
сенатын хуралд дуудаж, түүнээс асуулга авсан билээ. Түүнийг Жон Макгейн,
Линдсей Грам, Келли Аёотте нар хангалтгүй ажилласан гэж хүчтэй
эсэргүүцэж байсан. Зөвхөн тэд ч биш Бүгд найрамдахчуудын дийлэнх нь
түүнийг тааруу ажилласан гэж үздэг. Үүнээс гадна тухайн халдлагын үеэр
өр өвтгөм бичлэг ч олны нүдэнд ил болсон билээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч
Барак Обама түүнийг “Маш чадварлаг боловсон хүчин. Ливийн халдлагад
түүний эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал байсан. Өөрийн хариуцаж авсан
албан тушаалынхаа хүрээнд давгүй ажилласан гэж дүгнэдэг. Маш ирээдүйтэй
улстөрч” хэмээн ярилцлага өгч байсан билээ.

Сонголт 2: Сенаторч Жон Керри

Тэрээр
1985 оноос хойш одоог хүртээл Массачусетс мужийг төлөөлөн сенатын
танхимд сууж байгаа туршлагатай улс төрч. 2004 оны ерөнхийлөгчийн
сонгуульд ардчилсан намаас нэр дэвшин, бүгд найрамдах намын Жорж Буштай
өрсөлдсөн тэрээр илт давуугаар ялагдаж байсан. Тэрээр 2009 оноос хойш
Сенатын танхимын гадаад харилцааны хорооны даргийн албыг хашиж байгаа
бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын алба руу “суга” дэвших магадлал
өндөр байгаа.

Гэтэл НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Сьюзан Райс
өөрийн нэрийг Төрийн нарийн бичгийн даргын албанд дэвшүүлэхээс
татгалзжээ. Энэ тухай захидлаа тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад
арванхоёрдугаар сарын 13-нд илгээснийг  NBC телевиз мэдээлжээ. Тэгэхээр
Сенатын Гадаад хэргийн хорооны дарга Жон Керри Төрийн нарийн бичгийн
даргаар сонгогдох магадлал тэр хэрээр нэмэгдэж буй юм.

САНГИЙН САЙД

2009
оны нэгдүгээр сараас энэ албыг Тимоти Гейтнер хашиж байгаа. Тэрээр өмнө
нь 2003 оны 11 дүгээр сараас Сангийн сайдаар томилогдох хүртлээ
Холбооны нөөцийн банкны Нью-Йорк дахь салбарын захирлаар ажиллаж байсан
туршлагатай. Гейтнер эдийн засгийн хамгийн хүнд хэцүү үед энэ албыг
хашиж байсан гэхэд болно. АНУ-ын өрийн хямрал, эдийн засгийн удаан
өсөлт, ажилгүйдлийн төвшин зэрэг тохиолдсон гэдгээс харвал түүнийг муу
ажилласан гэж бүгд найрамдахчууд дүгнэх нь бий. Гэхдээ Барак Обама
түүнийг үнэлдэг.

Сонголт 1: Жек Лью.

Тэрээр
энэ оны нэгдүгээр сарын 27-ноос Цагаан ордны хэрэг эрхлэх газрын даргыг
түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон юм. Өмнө нь тэрээр Төсвийн
зарцуулалтын хорооны даргаар хоёр ч удаа ажиллаж байсан туршлагатай.
Хэвлэлийнхэн түүнийг Обамагийн хамгийн итгэлтэй хүнээр нэрлэдэг. Хэрвээ
гэнэтийн шийдвэр гарчихгүй л бол тэрээр энэ албан тушаалд суух магадлал
хамгийн өндөр.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

Обамагийн
эхний дөрвөн жилд Батлан хамгаалахын сайдын албыг Лион Панетта 2011 оны
додугаар сарын 1-нээс хойш хашиж байна. Тэрээр өмнө нь Тагнуулын төв
газрын дарга, Цагаан ордны хэрэг эрхлэх газрын дарга, Төсвийн
зарцуулалтын хорооны захирал зэрэг томоохон албан тушаалыг хашиж байсан
туршлагатай. Басхүү АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүнээр хоёр ч удаа
сонгогдож байсан юм. Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байхдаа
“Битгий асуу, Битгий ярь” гэсэн алдарт үгээ Батлан хамгаалах салбарын
удирдах ажилтнуудын уулзалтын үеэр хэлж байсан түүхтэй. Төсвийн
зарцуулалтын албанд ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн батлан
хамгаалах салбарын зардалыг 400 тэрбум ам.доллараар танах шийдвэрийг
гаргаж байсан юм. Хэдийгээр батлан хамгаалах салбарынхан түүнийг
улстөрийн тоглолт хийлээ гэж үзэж байсан ч Обамагийн итгэлийг төрүүлсэн
билээ.

Сонголт 1: Дахиад л Жон Керри.

Түүнийг хэрвээ Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй бол энэ салбарыг тэргүүлнэ гэж үзэж байна.

Сонголт 2: Экс сенаторч Чак Хагел.

Тэрээр
2009 оноос ерөнхийлөгчийн тагнуул болон цэргийн бодлогын асуудал
эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Мөн 1997-2009 оны хооронд Небраска
мужийг төлөөлж сенатын танхимд сууж байсан туршлагатай. Цэргийн түрүүч
цолтой тэрээр Вьетнамын дайнд оролцож байсан. Хэдийгээр бүгд найрамдах
намын гишүүн ч Барак Обама түүнийг “Ажил хэргийн сайн анд, үзэл бодлын
хувьд нэгдмэл” гэж үнэлдэг. Тиймээс ч түүнийг өөрийн зөвлөхөөрөө авсан
байж болох талтай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД

2009
оны хоёрдугаар сараас хойш Хууль зүйн яамны сайдаар Эрик Холдер ажиллаж
байна. Тэрээр энэ албыг хашиж байгаа анхны хар арьстан болж түүхэнд
үлдсэн. 1997-2001 онд энэ яамны дэд сайдаар ажиллаж байсан түүхтэй.
Ажиллаж байхдаа хий гаргаагүй гэж ярих нь бий. Бүгд найрамдахчууд ч
түүний ажлыг шүүмжилсэн үгс чулууддаггүй.

Сонголт 1: Девал Патрик.

Хоёр
ч удаа Массачусетс мужийн амбан захирагчаар ажиллаж байсан, улс төрийн
салбарт муугүй нэр хүндтэй хүн аж. Мөн Клинтоны засаглалын үед энэ яамны
дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Сонголт 2: Жанет Наполитано.

Тэрээр
энэ салбарт туршлагатай нэгэн гэж үнэлэгддэг. 1999-2003 оны хооронд
Аризона мужийн хууль зүйн салбарыг тэргүүлж, 2003-2009 он хүртэл Аризона
мужийн амбан захирагчаар ажилласан аж. Харин 2009 оноос үндэсний
аюулгүй байдлын зөвлөлийн сайдаар ажиллаж байгаа юм. Түүнийг энэ салбарт
ажиллах бүрэн боломжтой гэдгийг судлаачид баталж байгаа.

Хамгийн
чухал яамны сайдууд ийнхүү халаа сэлгээтэй байх аж. Харин Ахмадын
асуудал эрхэлсэн сайд, Боловсрол, Барилга, хот байгуулалтын, Хөдөө аж
ахуйн сайдын суудалд өөрчлөлт орохгүй төлөв ажиглагдаж байна. Бусад
яамны сайдын суудалд бүгд найрамдахчуудын хэсэг төлөөлөл өрсөлдөж байгаа
ажээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж