Тэрээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур Испанийн Валенсия хотын дуурийн театрт уригдан, дэлхийд алдартай театруудын нэг “Palau de les Arts Reina Sofia”-гийн тайзнаа Дж.Вердийн “Риголетто” дуурьт дуулаад ирсэн билээ. Э.Амартүвшин гэрээ ёсоор “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттод дуулах байсан ч түүнийг очсоны дараа хөтөлбөрт нь өөрчлөлт орсон учраас тус дуурийн Монтероне гүнгийн дүрийг бүтээсэн байна. ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин өнгөрсөн зун дэлхийн дуурийн урлагийн амьд домог болсон алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд анх удаа оролцон, тэргүүн байр эзэлж, түүнээс “Таны өмнө дэлхий нээлттэй байна” гэсэн гайхалтай магтаалтайгаар эх орондоо ирсэн билээ. Э.Амартүвшин уг уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад Дж.Вердийн “Риголетто” дуурийн алиа салбадай Риголеттогийн ариг эгшиглүүлсэн юм. Тиймээс түүний дэлхийн дуурийн урлагт Монголыг алтаар үнэлүүлсэн бүтээлийг өнөөдөр дэргэдээс нь үзэх ховорхон боломж тохиож байна.
ДБЭТ энэ жил уран бүтээлийн 50 дахь улирлын хөшгөө тус театрын тайзнаа 50 жил эгшиглэж буй Оросын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээсэн бөгөөд Онегины дүрийг баритон Э.Амартүвшин анх удаа гэхэд тун гайхалтай бүтээсэн юм. Харин өнөөдөр “Риголетто”. Тус дуурьд мөн Риголеттогийн охин Джильдагийн дүрд СТА Н.Туяа, Джильдагийн зарц Джиованнад СТА М.Дариймаа, хөлсний алуурчин Спарафучиллегийн дүрд Б.Алтанхуяг нар тоглох юм байна. “Риголетто” дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх дохино.