Д.Арвин АН-ын бүлэгт орсон гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Д.Арвин АН-ын бүлэгт орсон гэв

УИХ-ын гишүүний тангаргаа өчигдөр өргөсөн эрхэм гишүүн Д.Арвин өнөө орой нэгэн шуугианы эзэн болов. Өчигдөрхөн түүнээс МАН-аас гарах гэж байгаа эсэхийг нь лавлахад “Тийм” ч гээгүй, “Үгүй” ч гэлгүй “Хувийн шинжтэй асуултад хариулахгүй” гэж байсан нь цаанаа учиртай байж.

Тэрбээр өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэнэ гэдгээ мэдэгдсэн гэнэ. Түүгээр барахгүй УИХ-ын танхимын МАН-ын талын жигүүр дэх суудлаа сэлгэн АН-ын жигүүр рүү шилжиж, өчигдөр хамт тангараг өргөсөн Г.Батхүү гишүүний дэргэд очиж суусан нь олны хараанд өртлөө.

Хэдийгээр Д.Арвин гишүүнийг МАН-аас гарч АН руу орсныг нотлох албаны эх сурвалж олдохгүй байгаа ч эх сурвалжуудын мэдээгээр ийм явдал болсон гэлээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ынхан Д.Арвин гишүүнийг хавчиж өрсөлдөгч Б.Батзоригийг илт дэмжсэн нь түүнийг ийнхүү намаа солиход хүргэсэн бололтой.

Ийнхүү дуулиан ихтэй байгаа энэ удаагийн УИХ-д нэг сенсаци нэмэгдэв. Хэрэв Д.Арвин гишүүн АН-ын бүлэгт орвол тус бүлэг 33 гишүүнтэй болох юм.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж