Байгалийн өнгийг дэлгэсэн “Аяс Кашмер”

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Байгалийн өнгийг дэлгэсэн “Аяс Кашмер”

Монголын хувцас загварын ертөнцийнхөн маргааш бүтэн жилийн турш хийж, бүтээсэн ажлаа тайлагнах гэж байна. Жил тойрон өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлсэн бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдэд хүргэдэг тэдний хамгийн том баяр бол “Гоёл” наадам. Энэ жилийн “Гоёл 2013” наадам дэлхийн загварын чиг хандлагыг дагаж өнгөрсөн даваа гаригт “Наран плаза”-д “Загварын долоо хоног” шоугаар эхэлсэн. “Гоёл-2013” наадамд 18 байгууллага, 50-аад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч оролцож байгаа бөгөөд наадмын хаалтын шоу маргааш Соёлын төв өргөөнд энэ сарын 19.00 цагт болох гэж байна.

“Загварын долоо хоног”-ийн тайзнаа “МODS” агентлаг, “Говь-Эрдэнэ” компани, "Bess Tailor" салон, "Мон Үйл", "Precious", "Амно", "Дархан Минж", "Мила Мода", "Аяс Кашмер", "Шилмэл загвар", "Төмөр трейд", "Дөлгөөн", "Сити", “ЗБТ”, “Muse & art house” агентлагууд тус тус шинэ коллекцио танилцуулсан юм. Харин өнөөдөр “Гоёл-2013” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, шилдгүүдийг тодруулах бөгөөд маргааш Соёлын төв өргөөнд хаалтын шоугаа хийн хувцас загварын шилдгийн шилдэг дизайнерууд, энэ жилийн топ модель тодорно.

“Гоёл-2013” наадамд өрсөлдөж буй “Аяс Кашмер”-ын  ерөнхий дизайнер М.Оюунбилэгтэй наадмын үеэр ярилцсан юм.

-“Гоёл” наадамд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?

-Тав дахь жилдээ оролцож байна. Таван коллекцио дэлгэлээ.

– Энэ жилийн наадамд үзэгчдэдээ зориулан хэдэн коллекци дэлгэсэн бэ?

-Энэ жил би голдуу байгалийн өнгөөр урласан бүтээлүүдээ үзэгчдэд барья гэж бодсон. Үндэсний хувцасны загвартаа ноолуурын натурал өнгийг түлхүү харуулсан бол охидын загварт илүү хурц, тод өнгийг, “Сийлэн” загвартаа хашийн ногоон өнгийг буюу эмэгтэй хүнийг илэрхийлсэн байгалийн өнгө, технологийн шинэ шийдлийг гаргасан. “Хар сувд” загварууддаа энгийн хэрнээ эмэгтэй хүний бие галбирыг товойлгон харуулсан.

-“Гоёл-2013” наадмын тайзнаа таны олон сайхан коллкециуд дэлгэгдлээ. Өөрийн тань загварыг амилуулах загвар өмсөгчдөөс ямар ур чадварыг шаарддаг вэ?

-Хамгийн гол нь стандарт байх хэрэгтэй. Хоёрдугаарт, тухайн дизайнерынхаа сэтгэлийг гаргасан загварыг яаж илэрхийлж болохоор байна, түүнийг сэтгэлээсээ гаргаж өгөх нь хамгийн чухал гэж боддог. Моделиуд бол дизайнерын хувцасыг амилуулах гол ххүмүүс шүү дээ. Хамтран ажилласан тэдэндээ баярлалаа гэж хэлье.

-“Гоёл” наадмын дараа шинэ загвараар урласан бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг уу. Учир нь наадмын дараа тайзнаа дэлгэгдсэн бүтээлүүд хаачдаг бол гэсэн асуулт үзэгчдийн дунд үлддэг?

-Ерөнхийдөө ур чадвар шаардан бүтсэн тайзны загваруудаа цааш нь хадгалдаг. Яг “Хар сувд” ч юм уу, өдөр тутмын хувцасны загварууд бол нэг ёсондоо манай ирэх оны загварын чиг хандлага болдог учраас шинээр үйлдвэрлэж гарган хэрэглэгчдэд хүргэдэг.

-“Гоёл” наадам ирэх оны загварын чиг хандлагын тодорхойлохын сацуу бүсгүйдийн шинэ жилийн гоёлын “толь” болдог шүү дээ?

-Бүсгүйчүүд маань энэ шинэ жилээр ямар хуцвас өмсвөл болох бэ, ямар өнгө, ямар загвар зонхилж байна гэдгийг хардаг. Шинэ жилийн гоёлынх нь ерөнхий чиг хандлагыг гаргаж өгдөг гэж боддог.

-Энэ дашрамд шинэ жилийн гоёлын талаар бүсгүйчүүдэд бяцхан зөвлөгөө хүргэхгүй юү?

-Шинэ жилээр бүсгүйчүүд маань ихэвчлэн хар өнгийн даашинз сонгодог. Загварын хувьд энгийн хэрнээ ихэмсэг загвар илүү гоё харагдуулдаг гэж боддог. Хэт их акссесуар, чимэглэл шаардсан биш, бие галбиртаа тохирсон эвтэйхэн загварууд хамгийн гоё гоёл болно гэж бодож байна.

-“Аяс Кашмер”-ын бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

-Бид шинэлэг загварыг маш хурдан хугацаанд хийж, үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. Хамгийн гол нь үйлчүүлэгчдийнхээ хүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажилладаг.

-Ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Олон гоё төлөвлөгөө байна. Он гаргаад  “Аяс Кашмер”-ын дүр төрхийг илэрхийлсэн томоохон шоу хийхээр төлөвлөөд байгаа.

-Загварын салбарт ч шинэ технологи нэвтэрч, ноолуур дээр зураг зурдаг болсон байна. Монгол ноолуурыг боловсруулан нарийн бүтээгдэхүүн болгон ашиглахад жаахан төвөгтэй гэж ярьдаг юм билээ. Та мэргэжлийн хүний хувьд энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол ноолуур түүхий эдийнхээ хувьд дэлхийн жишигт хүрэхүйц сайн. Зөвхөн тэр ноолуурыг ямар технологиор ашиглаж, хүмүүст хүргэх нь л хамгийн чухал болов уу. Сүүлийн үед Монголын ноолуурын үйлдвэрүүд дэлхийн жишигт нийцсэн технологийг эрчимтэй нэвтрүүлж байна. Ноолуур бол бусад бүтээгдэхүүнийг бодвол шинэ загвар хийх, хүмүүсийн хэрэглээнд нийцэх, биед эвтэйхэн, дулаахан, хөнгөн, үзэмжтэй гээд олон давуу талтай.

Г.ДАША

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж