![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/49fc29c90b4ba5d7/2a72aa0a1cfe7d27big.jpg)
Асуулгатай холбогдуулж гишүүд гадаадад гаргаж байгаа Монголын үзмэрүүдэд хяналт тавигддаг эсэхийг сонирхож байлаа. Учир нь хамаг үнэ цэнэтэй хосгүй ховор бүтээлээ гадаадад сурталчлах нэрийн дор гаргаад явуулчихдаг. Үнэхээр тэр үзмэр биетээрээ ирсэн үү гэдэгт баталгаатай байх ёстой гэдгийг сануулж байлаа.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын хариултаар бол АНУ-д гаргаж байсан “Чингис хаан” үзмэрийг хаалгасан байна. Үзмэрийг нь Монгол руу ачуулж эхэлсэн. Гэхдээ АНУ-ын Атланта хотод одоо Монголын ганц үзмэр гарч байгаа, мөн Япон улсад палентологийн үзэсгэлэн гарч байгаа. Ирэх зургадугаар сард хаагдана. Хаагдангуут үзмэрийг Монгол руу татах ажлыг зохион байгуулах аж.
Мөн асуулгын төгсгөлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү шонхор шувууг хамгаалах талд Соёл, спорт , аялал, жуулчлалын яам арга хэмжээ авах ёстой гэж байлаа. Ингэхгүй бол жил ирэх тусам ховордож байгаа шонхор шувуу устах аюултай, нөгөө талаасаа Монгол Улс шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгож эрхэмлэх болсон. Тиймээс шонхор барьж наймаалцаж, 5000 ам.долларт зардаг энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэсэн юм.
Дашрамд сануулахад, улсын хэмжээнд нийт 4450 гаруй үл хөдлөх түүхийн дурсгалт зүйлүүд байдаг аж. Шинэ он гарсны дараа энэ бүгдийг хамруулж дахин тооллого хийж шинэчилсэн тоог гаргахаар салбарын яам нь зорьж буй гэнэ. Мөн шаардлагатай гэсэн түүх дурсгалыг нөхөн сэргээх ажлыг мөн хийх юм байна. Түүнчлэн соёлын өвийн төвөөр дамжуулан эд өлгийн зүйлсийг сэргээн засварлах ажлыг хийдэг. Гэвч байрны хүрэлцээ хангамж муу. Тиймээс соёлын өвийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинээр байр барих, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг шат дараатай хийх шаардлага үүсч буй тухай ч энэ үеэр хөндөгдлөө.