Сирийн Катана хотод өчигдөр дунд сургуулийн ойролцоо байршуулсан машинд бөмбөг дэлбэрсэн байна. Үүний улмаас олон хүн гэмтэж бэртэж, 17 хүн амь үрэгдсэний ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байжээ. Үүнээс ердөө нэг хоногийн өмнө Сирийн нийслэл Дамаскт мөн дараалсан дэлбэрэлтүүд болж, нийт 25 хүн амь үрэгдэж, олон тооны хүн гэмтэж бэртжээ. Эхний дэлбэрэлт Дотоод хэргийн яамны байрны гадаа, удаах нь Хууль зүйн яамны гадна тус тус болсон байна. Сирийн “Санаа” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Дотоод хэргийн яамны байрны гадна дэлбэрэлт болох үеэр Сирийн Засгийн газрын нэг гишүүн амь үрэгджээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөөх бослого, мөргөлдөөний улмаас Сирид 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаа юм. Сирийн иргэний дайны үед анх удаагаа босогчид ялалт байгуулж магадгүй тухай мэдээлэл цацагджээ. Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадыг дэмждэг гол холбоотон ОХУ-ын талаас “Сүүлийн үед Сирийн Засгийн газрын хүч суларч байгаа бөгөөд жил гаруй хугацаанд үргэлжилж буй иргэний дайнд босогчид ялалт байгуулж магадгүй” гэж мэдэгдсэн байна.
Б.АНХТУЯА